Хариуцсан ажлаа тун чиг жаргаж хийх зуураа үйлчлүүлэгчидтэйгээ эвлэгхэн нь аргагүй учраа олно гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүлдэг Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, 2024 оны тэргүүний өмгөөлөгч Буянтын Солонгоог өнөөдрийн “Өглөөний зочин”-оор урьж ярилцлаа. Түүнд өөрийн гэсэн өмгөөллийн онцлог, арга барил, идэвх зүтгэл чимээгүйхэн агаад жигд суусан нь бахархалтай юм. Энэ л бахдам үйлс, дуусч дундарашгүй сэтгэлээрээ зорьж ирсэн үйлчлүүлэгчдэдээ сэтгэлд нь хүртэл хууль эрх зүйн туслалцаа үзүүлж чаддаг нэгэн билээ. Тодруулбал, өнө мөнхийн туршлага нэмсэн олон эрдэмтэн багш нараасаа сурч мэдсэнээрээ гангарч, хууль өмгөөллийн салбарт нэгэн өнгө болж яваа түүний өмгөөллийн түүхтэй танилцсан нь энэ.
-Таныг хуулийн салбар чухам юугаараа сэтгэлийг тань татаж энэхүү мэргэжлийг сонгох болов?
-Миний өвөө С.Дугарсүрэн гэж прокурор хүн байсан. Яагаад ч юм, эмээ маань надад өвөөгийн тухай ярьж өгч, хийж байсан ажил, найз нөхөд, хамт олных нь тухай өдөржингөө ярьж өгдөг байсан нь одоо бодоход их учиртай санагддаг юм. Өвөөгийн найзуудтайгаа авхуулсан зургийг нь гаргаж ирээд энэ тэр гэдэг прокурор гээд нэг бүрчлэн үзүүлж, тайлбарлаж өгдөг байсан. “Өвөө чинь маш шударга, хүн чанартай, прокурор хүн байсан, прокурор гэж мундаг сайхан мэргэжил юм шүү, миний охин прокурор болоорой” гэж эмээгийнхээ хэлснээр “Прокурор” болно гэж багаасаа мөрөөдсөөр энэхүү нэр хүндтэй салбарт хөл тавьсан даа.
-Өмгөөлөгч болснооороо ямар чанаруудыг эрхэмлэж явна вэ?
-Өмгөөлөгч болсноор маш олон хүний амьдралаар амьдарч үзэж байгаа юм шиг санагддаг. Яагаад гэвэл ажиллаж буй хэргийнхээ хувьд тухайн үйлчлүүлэгчийнхээ оронд өөрийгөө тавьж үзээд “Би яг ийм асуудалд орсон бол.... Хэрэв надад ийм зүйл тохиолдсон бол би ямар шийдвэр гаргах байсан бол” гэж байнга бодогддог байсан. Тийм учраас тухайн хэрэг дээр ажиллаж байх хугацаанд тухайн хүний амьдралаар амьдарсан мэт мэдрэмж төрдөг. Тиймээс би өмгөөлөгч болсноор ямар ч асуудлыг эерэг гэрэлтэй талаас нь харах хандлага, бусдын асуудлыг өөрийн мэт мэдрэх чанар маань нэмэгдсэн гэж бодож байна.
-Энэ мэргэжлийн онцлог юунд оршдог гэж та боддог вэ?
-Өмгөөлөгч мэргэжлийн онцлог нь “Бусдын төлөө өөрийн асуудлыг хойш нь тавьж, таны асуудал бол миний ч бас асуудал” гэж тухайн үйлчлүүлэгчтэйгээ нэг “зорилготой, нэг зүгт харж чаддаг”-т оршино гэж үзэж байна. Тийм ч учраас өмгөөлөгч нарыгаа хүний дээд гэж бодож хүндэлж явдаг даа.
-Таныг харахад хууль заалтуудаа нэг бүрчлэн уншиж өмгөөллийн ажилдаа тун няхуур чамбай ханддаг юм шиг санагддаг?
-Өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг 2000-3000 өмгөөлөгчөөс намайг сонгоод, надад итгэж ирсэн үйлчлүүлэгчийнхээ итгэл, сэтгэлийг хүндэлдэг. Тиймээс хариуцлагатай, алдаа гаргахгүйг хичээж ажилладаг. Мөн би төгс биш учраас ичиж нэрэлхэхгүй, мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч чаддаг нэгнээсээ асуудаг. Учир нь миний хийж буй ажил нь тухайн хүний хувь тавилан, ирээдүйг яаж ч өөрчилж болно шүү дээ гэж бодохоор л алдах эрхгүй юм шиг санагдаад хувьдаа л хичээдэг дээ.
-Хийж буй ажлын тань хамгийн жаргалтай зүйл нь юу вэ?
-Би хийж буй ажилдаа дуртай. Олон хоног, олон цаг үргэлжилсэн шүүх хурлын дараа “Баярлалаа өмгөөлөгч өө” гэх үйлчлүүлэгчийн баярын нулимс, үнэн сэтгэлээсээ надад баярлаж байгаа харцыг мэдрэх тэр агшин бүх ядарсан мэдрэмжийг мартуулж, маш их энерги, улам их хичээх юмсан гэх эрч хүчийг өгдөг.
Бас хошигноод хэлэхэд зарим үйлчлүүлэгч маань шүүх хурлаас гарч ирээд утсаар хэн нэгэнтэй яриад “Баярлалаа багш аа, таны номын хүчээр яллаа” гэх үе гардаг, гэхдээ эргэж хараад “Өмгөөлөгчдөө баярлалаа” гэдгээ хэлэхээ мартаагүйд нь бас баярладаг шүү. /Инээв/
-Танд иргэд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ. Тэдний харилцаа хандлагын тухайд юу хэлэхсэн бол?
-Ихэвчлэн иргэн, гэрээний эрх зүйн маргаантай үйлчлүүлэгч нар ханддаг. Эрүүгийн хэргийн тухайд “Үнэн сэтгэлээсээ тууштай ажиллах өмгөөлөгч хэрэгтэй байна” гэсээр ирэх нь олонтаа. Зарим тохиолдолд байнгын үйлчлүүлэгчид маань Захиргааны хэргийн маргаан үүсгэсэн тохиолдолд ажилладаг. Шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан ч гэсэн үйлчлүүлэгчид маань хамт байж, асуудлыг хангалттай ойлгосон байдаг учраас харилцаа хандлага дээр асуудал үүсдэггүй.
-Таны санасандаа хүртэл хамгаалж шийдвэрлүүлсэн ямар хэрэг маргаан байдаг вэ?
-Аль болох хэрэг маргаандаа өөрийн чадах хэмжээндээ хүртэл ажиллахыг хичээдэг учраас амжилттай болсон тохиолдолд урам болж, амжилтгүй тохиолдолд сургамж, туршлага болдог. Анх 2010 онд өмгөөлөгч болоод 300 мянган төгрөгөөр буюу тухайн үед “Өмгөөлөгчийн дардас, тэмдэг, мөнгөний баримтын хуудас” зэргийг Өмгөөлөгчдийн холбооноос очиж авахад шаардлагатай мөнгөөрөө өмгөөлж байсан хэрэг маань сэтгэлд тод байдаг. Энэ хэрэг маань 10 холбогдогчтой бүлэг дээрмийн хэрэг байсан. Тухайн үед ар гэр нь ядруу байсан манай үйлчлүүлэгчийг ганцхан цагдан хорьсон, бусад нь хувийн батлан даалтад байсан юм. Мөн холбогдогч нарын өмгөөлөгч нь С.Жанцан багш тэргүүтэй дандаа мундагууд байсан учраас шинэ өмгөөлөгч би маш их тэвдэж сандарсан. Гэхдээ хичээгээд л судлаад байсан Шүүх хурал болоход С.Жанцан багш хүртэл миний бэлдсэн зүйлийг тоож, авч үзээд байсан. Ийнхүү хичээж бэлдсэний хүчинд үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашиг сонирхлыг амжилттай хамгаалсан, давж заалдах шатны шүүхээс тухайн хэргийн нэг холбогдогчийн ээж аав нь намайг өөрийн хүүхдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар өмгөөллийн гэрээ нэмж байгуулж байлаа. Дараагийн нэг хэрэг ажлаа маш сайн мэргэжлийн түвшинд хийсэн төрийн албан хаагчид удирдлагадаа таалагдаагүйн улмаас гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж улмаар шүүхээр гэм буруугүй болох нь тогтоогдож цагаатгагдсан. Тэр холбогдогч залуучууд үнэхээр ажилдаа мэргэшсэн мэргэжилтнүүд байсанд бахархаад, нөгөө талаараа ийм муухай зүйл үзүүлсэн даргад нь урам хугарч билээ. Мөн эхнэр нөхөр хоёр эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд оролцоод “Амжилтгүй болсон” гэх үндэслэлээр дуусгавар болоод гарч ирсэн. Энэхүү уулзалтын дараа тэднийг ажлын өрөөндөө дагуулж ороод уулзалт ярилцлага хийсний дараа миний боловсруулж өгсөн гэрээний дагуу эвлэрч, одоог хүртэл үл ойлголцол үүсгэхгүй амьдарч байгаа нь сайхан санагддаг.
-Юунаас их сэтгэл ханамж авдаг вэ?
-Миний эргэн тойронд дандаа сайхан сэтгэлтэй, сайн хүмүүс, түшигтэй найзууд байдаг. Тэднийхээ амжилт бүтээл, баяр жаргалыг харахаар өөрийн эрхгүй бахархаад сэтгэл дүүрээд ирдэг юм. Мөн үйлчлүүлэгчийн тайвширсан, баярласан, намайг хайрласан харцнаас сэтгэл ханамж авдаг даа.
-Таны ажиллаж байсан байгууллага, хамт олон танд олон зүйлийг сургасан байх даа, тэр газруудаасаа их ч туршлага хуримтлуулсан байх гэж бодож байна?
-Их сургуулиа төгсөөд анхны ажлын гараагаа Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал асан Х.Сампилдэндэв академичийн референт, хуулийн зөвлөх гэсэн албан тушаалаар эхэлсэн. Дараа нь Д.Төмөртогоо академичийн туслахаар хэсэг хугацаанд ажиллаж байлаа. Хууль зүйн үндэсний хүрээлэнд Б.Чимид багш Ж.Амарсанаа академичийн удирдлаган дор мөн ажиллаж байсан. Хэл зохиолын хүрээлэнд маш олон доктор, профессор, өндөр настай хүмүүс ажилладагаараа онцлогтой. Эдгээр чадварлаг хүмүүстэй ажилласнаар хөгшин, залуу гэхгүй хүнийг хүндлэх, хүний үг даах чадвар, тасралтгүй эрдэм номд шамдахын сайхныг мэдэрсэн. мөн оюуны хөдөлмөр насан туршийн хөдөлмөр бөгөөд хэзээ ч тэтгэвэрт гардаггүй юм байна гэдгийг ойлгосон. Хамгийн гол нь “Хүн ямар байсан нь чухал биш хэн болох нь чухал шүү, хүнтэй биш өөртэйгээ л тэмцэлд” гэх Төвөд судлалын секторын эрхлэгч доктор Л.Хүрэлбаатар гуайн үг гайхалтай. Бас манай Х.Сампилдэндэв захирал надад “Ихэмсэг оршихуй” гэж байнга сануулдаг байсан /Би коридороор дандаа гүйгээд байдаг байсан, тэгээд намбалаг байлгах гэж тэгж хэлдэг байсан байх/. Хууль зүйн үндэсний хүрээлэнд үнэхээр бахдам сайхан хуульчидтай хамт ажиллаж тэр хүмүүсээс маш их зүйлийг сурч авсан. Иргэний нисэхийн ерөнхий газар бол “Тэнгэрт тэтгэгдсэн” сайхан буянтай байгууллага шүү дээ. Олон янзын ааштай олон ч даргын үед ажиллаж, зарим нь магтаж, зарим нь хэрэгт холбогдуулан шалгуулж ч байсан. Энэ бүхэн маань туршлага, хатуужил сургамж болон үлдсэн.
-Ер нь өмгөөлөгч хүн хувь хүн, гаднах талаасаа ямар хүн байх ёстой гэж боддог вэ?
-Мэдээж хуульч хүн хүний итгэл, хүндлэлийг төрүүлэхүйцээр биеэ авч явах ёстой байх. Мөн хүнийг ойлгох, сонсох, хүндлэх чадвартай хамгийн гол нь хүн чанартай байх ёстой л гэж бодож байна.
-“Би өмгөөлөгч хүн шүү” гэх мэдрэмж ямар үед төрдөг вэ?
Яах учраа олохгүй тэвдэж байгаа хүн хаана байхаас минь үл хамаараад эцсийн найдлагаа тавиад зорьж ирээд уулзах, бэлдэж бэлдэж орсон шүүх хуралдаа амжилттай оролцоод гарч ирэх үед сайхан мэдрэмж төрдөг.
-Цаашдын мөрөөдөл, зорилго тэмүүлэл тань?
Саяхан хуучны номнуудаа эргүүлж байхад Б.Чимид багшийнхаа “Докторант Б.Солонгод гээд гарын үсгээ зураад бэлэглэсэн номыг хараад “Удахгүй доктор болоорой” гэх ерөөл нь санаанд орсон. Тэгээд өнөөдрийг хүртэл энэ ажлаа ер бодоогүй, орхисон байснаа санаад гэмшлээ, бяцхан гунилаа. Тиймээс шинэ тутам батлагдсан хуулиуд амьдралд хэрэгжихдээ “Хуулийн төслийн үзэл баримтлалаасаа зөрүүтэй хэрэгжиж байгаа асуудалд анхаарлаа хандуулж судалж, суралцах юмсан гэдэг мөрөөдөл, тэмүүлэл бодогдож байна.
-Өмгөөллийн замналд хөтөлсөн эрхэм багш нар гээд сайхан яриа хөвөрнө гэдэгт итгэлтэй байна.
-Өмгөөллийн замналд мэдээж манай Ж.Амарсанаа багш маань чиглүүлсэн, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хамт олон маань тусалсан, тус хүрээлэнгийн Эрүүгийн эрх зүйн секторт эрдэм шинжилгээний ажилтан хийж байсан Ц.Одончимэг эгч маань бүр хөтөлсөн гэж бодож байна. Энэ хүмүүсээрээ бахархаад, баярлаад ханашгүй шүү. Ямар ч насны хүнийг хүн гэдэг утгаар нь хүндлэлтэй харьцахын гайхамшгийг миний магистрын дипломын удирдагч С.Нарангэрэл багш маань биеэрээ үлгэрлэн харуулсан, биширч бахдаад баршгүй хүн шүү дээ.
Сэтгэгдэл ( 9 )
Шилдгийн шилдэг өмгөөлөгч, доктор болоорой .найздаа ажлын амжилт хүсье.
Bagshinhan helsen saihan yeruul bieleh boltugai.
Bagshinhan helsen saihan yeruul bieleh boltugai.
Bagshinhan helsen saihan yeruul bieleh boltugai.
Найзынхаа ярилцлагыг уншаад хэзээ ч мэдэхээргүй дотор бодлыг нь ойлгож, бахархлаа
Аливаад сэтгэлтэй
Шөнө суугаад хамаг хэргээ уншаад л ордог доо. Үнэхээр их цагийг ажилдаа чин сэтгэлээсээ зориулдаг сайн хуульч шүү
Маш мундаг мэдлэгтэй чадвартай өмгөөлөгч шүү баярлалаа
Үнэхээр мундаг өмгөөлөгч шүү\nҮргэлж талархаж явдаг даа