Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баярмаа, А.Ундраа нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.03.17) өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Монгол Улсад үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор тагнуулын байгууллага, зэвсэгт хүчин, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор хууль сахиулах болон мөрдөн шалгах, ял эдлүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд гүйцэтгэх ажил (мөрдөн шалгах нууц ажиллагаа) явуулж байна. Уг гүйцэтгэх ажил нь өндөр түвшний нууцлал шаарддаг учир нээлттэй тайлагнах боломжгүй байдаг. Тиймээс энэхүү үйл ажиллагааг явуулахад хүний эрхийг хамгаалах ёстой хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Хуулийн төсөлд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаан дахь гүйцэтгэх ажил (мөрдөн шалгах нууц ажиллагаа)-ын хуулийн биелэлтийг хянах асуудлыг Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж, Улсын Их Хурлын хяналтын тусгай чиг үүрэг бүхий дэд хороо байгуулахаар тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар гүйцэтгэх ажилд тавих парламентын хяналтыг Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд цогц байдлаар хэрэгжүүлж, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах парламентын хяналтын механизм бүрдэнэ гэж хууль санаачлагчийн зүгээс үзэж байна
Сэтгэгдэл ( 0 )