Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Словенийн парламентын бүлгийн дарга Б.Түвшин Бүгд Найрамдах Словени Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Словени-Монголын парламентын бүлгийн дарга, хатагтай Сузана Леп Шименкотой цахим уулзалт хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин парламентын бүлгүүдийн анхны уулзалт ийнхүү цахимаар болж, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож байгааг бэлгэшээж байгаагаа илэрхийлээд, Улсын Их Хурлын бүрэлдэхүүн Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу өргөжин, 126 гишүүнтэй болж чадавхажсан тул хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Үндэсний Ассамблейн гишүүн Сузана Леп Шименко Монгол, Словенийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг 2023 онд тэмдэглэн өнгөрүүлсэн, Монгол Улсын Гадаад харилцааны сайд тус улсад айлчилсан болон Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч, хатагтай Наташа Пирц Мусар 2024 онд манай улсад төрийн айлчлал хийсэн зэргийг дурдан, хоёр орны харилцаа гүнзгийрэн хөгжиж буйг нотлон өгүүлээд, 90 гишүүнтэй Үндэсний Ассамблейн ээлжит сонгууль ирэх онд болох талаар танилцуулав.
Парламентын бүлгийн дарга нар хоёр улсын эдийн засгийн болон эрх зүйн салбарын харилцааг идэвхжүүлэх, хөдөө аж ахуйн, газар тариалан, аялал жуулчлал болон ойн аж ахуйн салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцож, дараа дараагийн уулзалтуудаар эдгээр асуудлыг нэг бүрчлэн сэдэвчлэн ярилцаж, холбогдох Байнгын хороод, яамдын төлөөллийг оролцуулан ажил хэрэгчээр хэлэлцэхээр тогтлоо.
Цахим уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Словенийн парламентын бүлгийн гишүүн Л.Соронзонболд, Г.Очирбат, Словени-Монголын парламентын бүлгийн Нарийн бичгийн дарга Само Новак нар байлцлаа
Сэтгэгдэл ( 1 )
Словен Монголд чанартай эм нийлүүлж байгаасай эмийн сангаас эм авахаар Словен эм их байдаг