Боомтын сэргэлтийн бодлого чинь “Бичигт”-д хэзээ хэрэгжих вэ, Б.Тулга сайд аа!

2025 оны 03 сарын 27

Сүхбаатарын Эрдэнэцагаан сум, Бичигт боомтын орчим Хятадын компаниуд  түрж, Монголын хувийн хэвшил, иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд шахагдан иргэд ажил орлогогүй, амьдрах аргагүй болж байгаа тухай мэдээллүүд цацагдах болсоор удлаа. Олон жилийн өмнөөс газрын тос, нүүрс, баяжмал зөөсөн хүнд даацын автомашинууд хил гарахаар дуртай газраараа давхисаар бүс нутгийн байгаль орчин доройтож, бэлчээр нутаг сүйдсэнээр хүн, мал, амьтад байх нөхцө  лгүй болсон. Одоо ч энэ байдал замбараагүй. Хилээр орж гарах хөдөлгөөн, уул уурхайг дагаад гэмт хэрэг, зөрчил ч нэмэгдсээр. Сумын төв нь ч, урагшаа 70 км-т байгаа Бичигт боомт ч хөгжил муутай, шороо шуурсан хэвээр, аль аль нь аврал эрсээр энэ хүрэв.

Уг нь Засгийн газраас ”Шинэ сэргэлтийн бодлогыг эхлүүлснээр энэ хүрээнд  Боомтын сэргэлтийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж ирсэн. Гэвч Бичигтийн боомт “шоовдор хүүхэд” шиг төрийн бодлогын гадна үлдэж байгааг гайхмаар... Яагаад ийм байгааг хариуцах хүн, хариулах эзэн нь Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны дарга Б.Тулга учир тайлбар хэлэх биз.

Одоогоос тавхан сарын өмнө буюу УИХ-ын намрын чуулганы эхэнд тэрбээр “Нэн тэргүүнд боомтууд руу хөрөнгө оруулалт хийж, хатуу дэд бүтцээ бий болгох сайжруулахаас өөр арга байхгүй. Үүний зэрэгцээ менежментийн буюу зөөлөн дэд бүтцийн ажлууд олон байгаа. Боомт нь хяналт, шалгалтын үйл ажиллагаа явуулдаг газар гэдэг ойлголтыг залруулах, сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх шаардлага байна. Улс орнуудын амжилттай ажиллаж байгаа боомтуудын загварыг судлахаар төр-хувийн хэвшил хамтарсан, эс бол цэвэр хувийн хэвшлийн менежменттэй нь илүү үр ашигтай байгаа. Ийм ч учраас Боомтын тухай хуулийн шинэчлэлд боомтуудын удирдлагыг төрийн хяналттай хувийн хэвшлийн төлөөлөл удирддаг корпорац хэлбэртэй болгох асуудал багтсан” гэсэн мэдээллийг өгч байсан. Бодит байдалд тэр нь  тэнгэр газар шиг ялгаатай байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Боомтын хөгжлийн сайдтай болж, Боомтын сэргэлтийн бодлого хэрэгжүүлж  эхэлсэн  гэх ч  тэр нь Бичигт боомтод  л лав  хэрэгжсэнгүй. Харин  Сүхбаатар аймаг 2024-2028 онд хэрэгжүүлэх эдийн засгаа тэлэх 10 төслийнхөө  нэгд Баруун-Урт-Бичигт чиглэлийн даацын замыг тавих, Бичигт боомтын сэргэлт төслийг эрчимжүүлэх төслүүдийг төлөвлөж байгаа сураг дуулдсан.

Бичигт боомт “шоовдор хүүхэд”-тэй адил төрийн бодлогын гадна үлдэх ёсгүй. Боомтын сэргэлт тэнд хэзээ хэрхэн хэрэгжихийг хэлж өгөөрэй хэмээн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхан, Бичигт боомтоор гарч орж худалдаа наймаа эрхэлж амьдралаа залгуулж буй иргэд асууж байгааг энэ ташрамд  Б.Тулга сайдад  дамжуулья. Заавал хариулаарай.

Эрхэм сайд өөрөө ч энэ талаар мэдээлэл сайтай байгаа байх. Юуны төлөө Боомт хариуцсан Боомтын сэргэлтийн сайд билээ дээ. Цахим орчин хөгжсөн өнөө цагт Бичигт боомтод “Берун Ложистик” ХХК-д гарсан гал түймрээс болж амь насаа алдсан хохирогсдын талаар, БНХАУ-ын иргэн Мөрөн 5000 га газрыг хууль бусаар эзэмшиж, хадсан өвсөө малчдад зараад сууж байдгаас эхлээд бусад мэдээ мэдээллүүдийг гар утаснаасаа цаг алдалгүй  хүлээж авч, танилцсан биз. Хамгийн гол нь ийм байдалтай цааш яваад байж таарахгүй ээ. Эрсдэлтэй нөхцөл байдалд иргэд удаан амьдарч чадахгүй шүү дээ.

Эрдэнэцагаан сум бол урд хөрштэй хиллэдэг, байгалийн өвөрмөц зүй тогтолтой, дархан цаазат, дэлхийд ганц талын буга сүрэглэн амьдардаг нутаг. Бичигт боомт байгуулагдсан 1990 оноос төмөр ачсан хүнд даацын автомашины цуваагаар анх бэлчээр нутаг нь талхагдаж эхэлсэн. Уул уурхай эрчимтэй хөгжсөн сүүлийн арав гаруй жил энэ нутгийн байгаль орчин илт доройтсон. Хөл хөдөлгөөнийг дагаад гэмт хэрэг зөрчил гарах нь ч  нэмэгдсэн. Тэр хэрээр сүйрлийн ирмэгт ойрхон  очоод буй.

Тээврийн жолооч нар Бичигтийн боомтоор хил гарахдаа батлагдсан маршрутаар явдаггүй. Дуртай газраараа давхидаг тэдний уршгаар сумын нутаг тэр чигтээ улаан шороо шуурсан газар болж хувирсан. Өнгөрсөн онд эрдэнэцагаанчууд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэхэд хол ойроос нутгаа зорьсон хүмүүс сумынхаа төвийг олохгүй, уурхайн кэмпүүд хэсэж төөрсөөр цаг зав, хамаг нервээ барж байв. Тус суманд 33 лиценз олгогдож байсан удаатай, одоо хэд байгаа нь тодорхойгүй.

Бичигт боомтоор гарахаар Цайрт Минериал ХХК-ийн баяжмал, Дорнодын Матад сум дахь Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн газрын тос, Хөөтийн нүүрсний уурхайн нүүрсний тээвэр, Эрээн толгойн нүүрс гээд хүнд даацын автомашинууд хэрэн давхиж, улаан тоос амьтан ургамал, хүн мал амьдрах аргагүй байдалд хүргэснээр малчид цагаан идээ авч, ааруулаа хатааж чадахгүй болсон, малын ноос, ноолуур үнэ хүрэхээ байсан тул амьдрал нь  уруу дорой. Олон улсын гэх сүржин тодотголтой боомт нь  ч даржин ядуу. Хилээр цааш нэвтрээд урд хөршийн Хатавч боомт, цаашаа Өвөрмонголын Шилийн гол аймаг руу ороход  хөгжил, бүтээн байгуулалтаараа эрс өөр. Дорноговийн Замын-Үүд, Хятадын Эрээн хот хоёр хөгжлөөрөө  тэнгэр газар шиг ялгаатай байсантай адил нөхцөл байдал тэнд үүсээд удаж байгаа.

Монголын төр тус бүс нутагт уул уурхай эхлүүлж,  хэчнээн салаа замаар тээвэр хийж, иргэдийн уугуул нутагтаа оршин амьдрах язгуур эрх ашгийг зөрчсөн гэм нүглээ засах ёстой. Ядаж “Олон улсын боомт” гэх нэртэй ч хөгжиж гавьсан юмгүй газрыг тордож, ажлын байрыг нэмэгдүүлж, иргэд орж гарах, худалдаа наймаа эрхлэх боломжийг нь олгож, татвар татаасыг хөнгөлж өгөх учиртай.

Өнөөдөр л гэхэд Бичигт боомтын урд хөршөөс ирж буй иргэд, зорчигчдод  үйлчилдэг шалган нэвтрүүлэх байрны багтаамж хангалтгүй байгааг түүгээр дамжин өнгөрч буй хүмүүс хэлж буй. Тухайлбал, шалган нэвтрүүлэх байр руу 10-аад хүн ороод л  дүүрчихдэг.  Үлдсэн нь гадаа зогсож хүлээхээс өөр аргагүй.  Өвлийн ид хүйтэнд бага насны хүүхдээ дагуулсан хүмүүс бол бүр хэцүү. Ирж буй, дамжин өнгөрч байгаа хүнд даацын машинууд тоосоороо булна, гадаа хүйтэнд тэнд ямар тохь тух байх билээ.

Ер нь бол нь арван салаа замаар давхиж буй тээврийн машинуудыг журамлан батлагдсан маршрутаар явуулдаг баймаар. Мөн тухайн компаниудыг шаардаж, сайжруулсан болон даацын замыг нь тавиулж болмоор. Ийм утгатай нэхэмжлэл шүүхийн шатанд маш олон жил явсан байдаг юм. Харамсалтай нь мөнгөтэй компани санасандаа хүрсэн үү, шаардлага тавьсан нутгийн иргэд дийлсэн үү гэтэл “Малчид өөрсдөө нэгдэж гомдол гаргаж тэмцвэл боломжтой” гэх хариу өгөөд замхарсан гэх мэдээлэл  дуулдсан.  Уг нь нийтээрээ ч бай, нэг хүн ч бай гомдол гаргасан тохиолдолд эрхийг нь хангах үүрэг шүүх засаглалд байх л ёстой.

Хилийн бүсэд “Бурхангүй газар бумба галзуурна” гэгчээр авлига цэцэглэж байгааг АТГ болон, холбогдох байгууллагууд ч бас нүд, чихээ тавьмаар байна. Учир нь тус сумын нутагт Хятадын компаниуд 2015 оноос эхлэн  хадлан бэлтгэхээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй орж ирдэг болсон. Тухайлбал, “Вангийн Цагаан”, “Ум трейд” гэх компани н.Гантулга хэмээх монгол хүний нэр дээр хэрнээ цаанаа хятад эзэнтэй, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай. Тус сумын VII, VI, III багийн нутагт  хууль бусаар хадлан бэлтгэж байхад тухайн үед Сүхбаатар  аймгийн орлогч дарга Т.Амарбаатар тэргүүтэй ажлын хэсэг ирж заримыг нь лацдаж байсан удаатай. Хамгийн гол нь тэд хадлан хадах зөвшөөрөл авч орж ирээд өвс ногоог үндсээр нь булгалан улаан хавцгай болгоод буцдаг. Нэгэнт тийм болгосон газар сул шороо шуурахаас биш өвс ногоо ургадаггүй. Тэр дотор эмийн ховор ургамал, хар тамхины хар,цагаан өвс, бонгыг хамж аваад хадлангийн цуваанд ачиж хилээр гараад явчихдаг гэдгийг эх сурвалжууд хэлдэг.

Зөвхөн энэ ч биш Сүхбаатар аймгийн нийт  газар нутгийн 80 хувь нь цөлжилтийн бүсэд багтдаг.  Гадаргын болон гүний усны нөөцийн хомсдолтой.Дэлхийн дулаарлын хүчтэй нөлөөнд орж, сүүлийн жилүүдэд  Ганга нуураас эхлэн булаг, шанд олноор ширгэж,  ган зудын гамшигт ихээр өртөх болсон. Хариуцлагагүй уул уурхайн золиос болсноор  мал нь хорогдож, малчид нь боолын хөдөлмөр эрхлэхээр Бичигтийн боомтоор урд хөршийг зорих болсон гээд бичвэл урт түүх, дурдвал тоон мэдээлэл сонины хуудаст багтахгүй. Иргэд хилээр 30 хоногийн хугацаатай гараад 27- 28 хоног БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт мал маллах, цайны газарт ажиллах зэргээр хөдөлмөр эрхэлдэг. Ингэж яваад амь насаа алдсан хүн цөөнгүй. Хэрэг хэрхэн  шийдэгдсэн нь бүрхэг үлддэг. 

“Үндсэн хуулиар олгогдсон байгалийн баялаг ард түмнийх, иргэд оролцох эрхтэй” гэсэн хуулийн заалт  Сүхбаатарын Эрдэнэцагаан, Бичигт боомтод огт биелэхгүй байна. Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, саяхан батлагдсан Газрын тосны тухай хууль бүгд  тэнд хэрэгждэггүй. Нөгөөтэйгүүр, иргэд олон нийт, уул уурхайн нөлөөлийн бүсэд амьдарч байгаа малчдын  хуулийн мэдлэг дутмаг.  Хуулиа сурталчлах, хэрэгжүүлэхэд хяналт тавьдаг төрийн байгууллага Засгийн газраасаа эхлээд аймаг, сумын аль ч шатанд нь байдаггүй.

Уул уурхайн мэдээлэл орон нутгийн түвшинд хаалттай, лиценз авсан эзэн, компани, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах, аймаг, суманд ямар татвар төлдөг талаарх мэдээлэл алга.

Эрдэнэцагаанд малчдын ундны усаа авдаг худгаас хэчнээн тонноор нь ус татаж авч ширгээсэн, малын бэлчээрийг нь сүйтгэсэн, булаг шандыг нь боогоод хаячихсан зөрчил маш олон. Ийм байдалтай баялгаа, газар нутгаа лицензээр зараад байвал хойшид үр ач нар маань нутаггүй болж гадны боол л  болно. Эрдэнэцагаан сумынхан эхнээсээ амьдрах аргагүй болж боолын хөдөлмөр эрхлэхээр урд хөршийг зориод эхэлсэн, хүний нутагт амь насаа алдаж байгаа баримт ч байна шүү дээ.

Монголчууд өөрсдийн баялагт эзэн байж чадахгүй, урагш хойш өдөр шөнөгүй зөөлгөж, тоос шороонд дарагдаж, амьдрах аргагүй дүрвэж байгаа нь харамсалтай бөгөөд эмгэнэлтэй. Энэ бүхэн ҮАБЗ-ийн хойшлуулшгүй авч хэлэлцэх асуудал болсныг төрийн гурван өндөрлөг анхаараасай. Төрийн хар хайрцагны бодлого гэж байх ёстой. НҮБ-ын судалгаагаар манай улсын газар нутгийн 50 хувь нь лицензээр гадны мэдэлд орж, гуравхан сая хүн амын 60 хувь нь ядуурсан байна гэдэг тооцоо судалгаа хэдэн жилийн өмнө л гарсан. Үүнийг одоо л зогсоохгүй бол бид хэзээ ч чадахгүй. Өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд хяналт тавих чадвар байхгүй. Төрд нь ч байхгүй. Парламентын засаглалыг бэхжүүлж 126 гишүүнтэй болсон ч мэдлэг чадвартай  нь тун цөөхөн. Мэргэжлийн байгууллагын хэдхэн байцаагч хүч хүрэхгүй, боломж ч байхгүй байсан бол тус асуудлыг эрхэлсэн байгууллага болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж тарааснаар  хариуцах эзэнгүй хаягдсан. Тиймээс зөвхөн Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан хэмээх ганц сум, Бичигт боомт ч бус Монгол Улс нийтээрээ ашиг олох гэсэн хүмүүсийн золиос болоод дуусаж мэдэхээр байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(89.187.189.173) 2025 оны 03 сарын 27

heregjih yumu er ni

0  |  0
Close menu