Би дэлхийн хөгжмийн зохиолч болохыг эхнээсээ зориогүй, харин Монголын хөгжмийн зохиолч байх эрхэм үүрэгтэй. Дэлхий тоох эсэх нь дэлхийн хэрэг.
Н.Жанцанноров
Хөгжмийн ертөнцийн суут их хүмүүн Нацагийн Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын “Хүслийн төвөргөөн-2025” концертод үзэгч олон хөл гишгэх зайгүй шахам цуглажээ. Соёлын төв өргөөний бүх суудал дүүрч, тэсгэлгүй зарим нь алга ташин суух нь ихэд хүлээснийх буй за. Өнгөрсөн жилийн яг өдийд “Хүслийн төвөргөөн-2024” тоглолтыг үзэн мартагдашгүй сэтгэгдэлтэй үлдсэн үзэгч цөөнгүй байсан нь лавтай. Би ч тэдний нэг. Удалгүй хонх гурвантаа дуугарав.
Хөшиг нээгдмэгц жилийн өмнөх сэтгэл догдлуулсан мөчийг сануулах мэт “Мөнх тэнгэрийн хүчин дор” дуудлага эгшиглэсэн бичлэг гарч, дуучид, хөгжимчдийн бүтээлээс сонгон үзүүлсэн нь он цагийн холбоосыг хэлхэх ажгуу. Хөгжмийн зохиолч нээлтийн үгээ хэлж, концертынхоо онцлогийг танилцуулаад тайзан дээр зассан хөтлөгчийн суудалдаа суув.
Уламжлал ёсоор “Их тэнгэрийн ивээл” удиртгал эгшиглэн тоглолтыг нээлээ. Монгол төрийн Үндэсний их найрал нэн яруу агаад гэгээлэг, басхүү сүр хүчийг мэдрүүлэх нь гайхалтай. Хөгжим сонсох гэж л энд ирсэн шүү дээ, үзэгч бид.
САНГИЙН ДАЛАЙ ХУНГИЙН ЧУУЛГАТАЙ
Энэ удаагийн тоглолтод найман дуучин оролцож байгааг зарлаж, жирийн үзэгчид урт хөгжим сонсоход хэцүү байгаа талаар саналаа хэлснийг эрхэм хөгжмийн зохиолч хөгжилтэй байдлаар илэрхийлэхэд нь, “хамгийн гол нь хөгжим сонсох гэж л ирсэн шүү дээ, хэрвээ дан дуучдын тоглолт болох юм бол юугаараа ялгаатай гэж” хэмээн би хувьдаа тэрүүхэн зуур эгдүүцээд авсаныг яана. Гэхдээ дуучид бол үнэхээр шилдгүүд нь сонгогджээ гэдгийг үзэж байхдаа ойлгосон билээ.
С.Нямзагдын шүлэг “Отгонтэнгэр минь”, С.Оюунчимэгийн шүлэг “Хан Жаргалант” дууг Үндэсний урлагийн их театрын дуучин Б.Чинбаатар дуулж үзэгчдийн халуун алга ташилтаар мялаалган дууны салхийг хагаллаа.
УДБЭТ-ын гоцлол дуучин, басс хоолойт С.Бат-Эрдэнэ “Борооны үүл” ардын дууны найруулга, яруу найрагч А.Лхамбалхүндэвийн шүлэг “Төрсөн нутгийн бараа” дуугаар ая өргөн үзэгч олныг баясгахад алга ташилт нижигнэсээр түүнийг үдсэн юм.
Харин Д.Цэдэвийн шүлэг “Дуусашгүй дуу минь” дуугаар үзэгчдийн талархлыг хүртсэн УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Уранзолбоо мөн Д.Цэдэвийн шүлэг “Итгэлийн дууль” романс дуулсан нь энэ үдшийн гэнэтийн бэлгийн эхлэл болов.
Хөгжмийн зохиолч нийт 24 романс буюу хүүрнэл дуугаа “Талын харгуй” хэмээх эмхэтгэл болгож шинээр 2020 онд олны хүртээл болгосон билээ. Тэрбээр “1990-ээд он хүртэл миний бие яруу найрагч Дожоогийн Цэдэвтэй хамтарч нэлээд хэдэн нийтийн дуу бүтээсэн байв. Түүний “Бодол”, “Талын харгуй” гэдэг яруу найргийн хоёр эмхэтгэл миний номын санд байсантай танилцах явцад цуврал хүүрнэл дуу бүтээх сэдэл санаа төрсөн юм. “Талын харгуй” хэмээх шүлэгт:
Талын харгуйн гарааг хэн хэлнэ
Талын харгуйн бариаг хэн мэднэ
Талын харгуй
Таныг ч
Намайг ч
Хөтлөн зурайна
гэсэн үг бий. Хүний амьдралын эхлэл төгсгөлийг хэн ч хэлж чадахгүй, харин амьдралын харгуй хэнийг ч өөрийнхөө горим голдирлоор хөтөлдөг жамтай гэсэн энэ санаа хүүрнэл дуунуудынхаа агуулгын цөм болгоход надад тусалж “Талын харгуй” шүлгээр цувралаа нэрлэхээр шийдсэн юм” хэмээн хөгжмийн зохиолч нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Эдгээр романсуудын нэг нь зургаан минут эгшиглэдэг “Итгэлийн дууль” юм.
Дуучин бүр хоёр дуу дуулж, түүний ард хөгжмийн бүтээл тоглуулж байсан ч Б.Уранзолбоогийн дараа Б.Монголхүү шууд дуулсан нь бас нэгэн өвөрмөц шийдэл болов. Тэрбээр Д.Цэдэвийн шүлэг “Би хувьтай гэгдэх хүний нэгэн” романс дуулсны сацуу “Аргалд явсан ээж” дууг анх удаа эрэгтэй дуучин эгшиглүүлэн олонд хүргэсэн нь хоолойн чадлыг мэдрүүлсэн гайхам эгшинг бүтээсэн билээ.
Үүний дараа Л.Дашнямын шүлэг “Ботгон нулимс”, Ч.Чимидийн шүлэг “Усны шувууд”-ыг дуурийн дуучин Б.Батжаргал дуулж үзэгчдэд хүргэсэн бол Ө.Уянга дуулах тухай дуулгамагц үзэгчдийн алга ташилт нижигнэж эхэлсэн нь түүний орон зай үгүйлэгдэж буйг харуулах шиг...
Хөгжмийн зохиолч өөрийн төрсөн нутгийн тухай бичсэн дууныхаа түүхийг ийн өгүүлэв: “Монголын алдарт хөгжмийн зохиолч Б.Шарав “Цэнхэрийн голоор нутагтай“ хэмээн төрсөн нутгийнхаа тухай дуу хийснийг сонсоод “Ингэхэд би яагаад төрсөн нутгийнхаа тухай ийм дуу хийгээгүй юм бэ” гэж эргэцүүлэн, тэр дууны үгийг бичсэн яруу найрагчийг олж “Миний төрсөн нутгийн Сангийн далайн тухай мэргэжлийн дуучин дуулах хэмжээний шүлэг бичиж өгөөч” хэмээн хүсэлтээ илэрхийлсэн ажээ. Хөгжмийн зохиолч үүнийгээ “Бид нар чинь нэгнийхээ бүтээлээс санаа авч, түүгээр нь эрчлэгдэн илүү сайн бүтээл хийх сэдэл төрдөг учраас энэ бол атаархлаас ангид ойлголт юм” хэмээн тайлбарласан. Ийнхүү Ц.Зоригтсайханы шүлэг “Сангийн далай хунгийн чуулгатай” хэмээх дуу төрсөн түүхтэй ажээ.
Д.Отгонсүрэнгийн шүлэг “Ганцхан чи минь” дууныхаа араас “Сангийн далай хунгийн чуулгатай” хэмээх энэхүү гайхалтай бүтээлийг дуурийн дуучин Ө.Уянга дуулсан нь үзэгчдийн сэтгэл хөдлөлийг дээд цэгт хүргэж, дуучны хоолойн царааг гайхуулсан, тайзыг эзэгнэсэн үйл явдал болсон билээ.
Хөгжмийн тоглолтын дараа Э.Анхбаяр Б.Нарангийн шүлэг “Нарны хорвоод” хэмээх шинэ дууг анх удаа бидэнд хүргэж, Д.Пүрэвдоржийн шүлэг “Арвайн тал” хэмээх алдартай дуугаараа үзэгчдийн халуун алга ташилтыг хүртлээ.
Энэ зуур “Энхнаран яагаад гарч ирэхгүй байна вэ” хэмээн бодож суутал түүнийг урив. Б.Энхнаран бол өнөө цагийн ид алдаршиж, бүтээж туурвиж яваа дуурийн гоцлол дуучин билээ. Түүний эхний дуугаар амаргүй бүтээл оногдсон нь “Хөөрхөн халиун” ардын дууны найруулга байлаа.
Дуучин Г.Энхнаран гайхалтай дуулсан. Тэрбээр мөн Д.Цэдэвийн шүлэг “Голын эрэгт чи минь очоорой” романсыг дуулж сонгодог урлагт дуртай үзэгчдийнхээ гүн талархлыг хүлээсэн юм. “Браво, браво” хэмээн үзэгчид хашхирна.
Хөгжмийн зохиолчийн тодорхойлсноор, мэргэжлийн дуучдын “торго, дурдан мэт” гайхалтай хоолойг биширч, дуу бүрийн түүх төдийгүй дууны урлагийн талаарх мэдлэгээ тэлж, монгол романсын шүлгийг хөгжмийн зохиолчийн өгүүлснээр сонсон суух нь нэн ховор тохиох аз завшаан байлаа.
Уртын дууг найруулан дуулаачийн сонгодог дэгээр дуулж буй нь нэг ёсондоо “экспортын бараа” бэлдэж буй хэрэг аж. Тухайлбал, нүүрс, ноолуурыг түүхийгээр нь гаргахад худалдаж авдаг. Уртын дууг морин хууртай дуулахад нэгэн адил худалдаж авч байна, үзэж байна. Гэтэл ноолуураар цамц хийгээд, нүүрсийг угааж эсвэл коксжуулаад экспортлоход илүү үнэтэй. Морин хууртай ноотыг гадныхан дуулж чадахгүй. Гэтэл хөгжмийг нь төгөлдөр хуурт зориулан ноотлоод дууны үгийг нь монгол хэл дээр латин үсгээр галигласан байгаа. Үүнийг ямар ч улсын дуучин монголоор дуулна. Одоо бол найрал хөгжимд зориулсан нооттой энэ найруулгаар нь дэлхийн ямар ч дуучин дуулна гэсэн үг юм байна гэдгийг хөгжмийн зохиолчийн тайлбараас ойлгосон билээ.
Түүний Монгол сонгодгийг дэлхийн сонгодогтой хөл нийлүүлэх, глобалчлалын, технологийн, чадварын түвшинд хүргэх гээд байгаа энэ алхам нь Монголын үндэсний хөгжмийг дэлхийнх болгох замын эхлэлийг тавьж байна. “Хөгжим бол авьяасаар төдийгүй ухаанаар бүтдэг урлаг” хэмээн Н.Жанцанноров хөгжмийн зохиолч хэлсэн нь чухамдаа ийм л утгатай аж.
ХӨГЖИМ... ХӨГЖИМ Л СОНСОХ ГЭЖ ИРСЭН
Өнгөрсөн зууны 1989 онд “Мандухай сэцэн хатан” киног Элдэв-Очирын нэрэмжит кинотеатрт үзээд гарахдаа тэс өөр хүн болсноо мэдэрсэн сэн. Мэдээж, би ганцаараа биш байж таарна. Монгол хүнийхээ бахархал омогшлыг сэрээж, эх орноороо, их түүхээрээ бахархах сэтгэлийг гүн бат төрүүлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь уг киноны хүчирхэг хөгжим байсан. Одоо ч чихнээ сонсогдох шиг болдог тэр гайхалтай хөгжим.
Тийм ээ, энэ бүтээлгүйгээр түүний концерт болдоггүй гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр Б.Чинбат “Чингисийн эр хоёр загалын хүчин” хэмээх хөгжмийн найруулга тоглосон ч, үзэгчдийн нэхлээр “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийг тоглож байж сая тайзнаас буусан юм. Ийм л хүчирхэг бүтээл. Өнгөрсөн оны “Хүслийн төвөргөөн-2024” концерт дээр “Хутагтын сахиус”, “Сэтгэлд шингэсэн говь”-ийг сонсож суусан минь өнөөдөр мэт ойрхон, бас бодитой хэвээр байна. Юүтүбээр өчнөөн сонсож сэтгэлээ сэргээж байсан хөгжмүүдээ концертын танхимд бодитоор, амьд хөгжмөөр сонсоно гэдэг зүгээр л аз жаргал байдаг юм. Хэнийг ч ойртууламгүй, хэнтэй ч хуваалцамгүй зөвхөн өөрөө л мэдрэх тэр аз жаргал. Хөгжим ийнхүү сонсогчдодоо асар их өглөгийг өгдөг шидтэй. Энэ шидийг мэдрэх гэж л хөгжим сонсохоор очиж, хөгжмийн концертын тасалбарыг худалдаж авдаг юм.
“Хүслийн төвөргөөн-2025” концерт энэ аз жаргалыг үзэгчдэдээ мэдрүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Сэтгэлийн цэнгэл мэдрэн сайхан хөгжим сонсож суух нь амьдралын гайхалтай бэлэг билээ. Хөгжмийн зохиолч маань ч үзэгчдэдээ олон бэлэг бэлдсэний нэг нь эвэр бүрээ хөгжмийн гоцлол байлаа. Үнэхээр л ялгаж сонсож үзээгүй хөг аялгуу. Монголчууд өөрсдөө 1960-аад онд бүтээсэн хөгжмийн зэмсэг. “Уудам хөндийд” хэмээх аялгууг хөгжимчин О.Чинбат эвэр бүрээгээр гоцолж үзэгчдэд хүргэсэн нь мартагдашгүй мөчийг, мөн шинэ түүхийг ч бүтээсэн.
Түүх. Түүхээс бүх зүйл эхэлдэг. Хөгжим ч бас өөрийн гэсэн түүхтэй байх нь элбэг. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нэгэн бүтээлийнхээ түүхийг ийн өгүүлэв: “2010 онд юмдаг. Дорнод аймгийн Засаг дарга, Хууль зүйн сайд, ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярын санаачилгаар долоо хоног Дорнод аймгаар аялахдаа нутаг орон, хүн ардын амьдрал, түүх дурсгалын аль сайхан бүхнийг нь нүдээр үзэж, байгаль дэлхийн хэлийг, өгүүлэмжийг уншиж мэдрэн явсныхаа дараа томоохон бүтээл туурвисан маань “Дорнын цэнхэр тал” чуулбар юм. Мөн “Хэрлэн барсын дууль” ч энэ аяллын үр дүн. Үгүй яахав, Вьетнамд аялах гоё л доо. Гэхдээ та нар минь Монгол орноороо аялж бай. Монголын байгаль өөрөө их түүхийг хүүрнэдэг юм шүү...”
Ийнхүү “Хүслийн төвөргөөн-2025” тоглолтын үеэр үзэгчдийн хүртээлд 10 гаруй минутын турш эгшиглэсэн бүтээл бол “Дорнын цэнхэр тал” чуулбар байлаа. “Түмэн зээрийн хурдныг ээ”, “Их талын уудмыг ээ”, “Талын морьтны хийморийг ээ” хэмээх гурван хэсэг нь, мөн “Хэрлэн Барсын дууль” морин хуурч С.Дарханбаярын гоцлолтойгоор Монгол төрийн Үндэсний их найрал 18 минутын турш эгшиглүүлсэн нь хамгийн сэтгэл догдлом мөчүүдийн нэг байлаа. “Дорнын цэнхэр тал” чуулбар, “Хэрлэн барсын дууль”-ийг сонсон суухад Дорнод Монголын уудам тал нутаг нүднээ үзэгдэж, үелзэн давхих зээрийн сүрэг, хурдан хүлэг морьд, тал нутгийн талбиун амьдрал, түүх дурсгалын цогцолборууд нь төсөөлөгдөн, орон зайн хувьд шилжин явах мэт санагдах нь гайхалтай байв.
Яг үүнийг мэдэрсэн мэт нэгэн үзэгч (уламжлалт анагаахын эмч) “Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн “Хүслийн төвөргөөн” тоглолт гурван цаг гаран үргэлжилсэн боловч цаг хугацааны хэмжээсгүйд орсон мэт санагдсан. Олон төрлийн хөгжмийн зэмсгийн аялгуу, хөгжимчдийн ур чадвар, дуучдын хоолойн хөг аялгуун зохистой нийлэмж нь сонсогчийн биеийн, бас сэтгэлийн хийн урсгалыг чөлөөлж, ямар ч түгжээ зангилаагүй болгож байв” хэмээн сошиал хуудсандаа бичсэн байлаа.
Тийм ээ. “Хөгжим бол сэтгэлийг тэтгэгч рашаан юм. Хүн түүнээс савныхаа хэмжээгээр хүртэнэ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж монголчууд хэлдэг. Энэ бол зүгээр нэг сав суулга биш. Аливаа мэдлэг ухаанд ч сав суулгаа бэлдэх хэрэгтэй” хэмээн хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хэлсэн нь учиртай. Түүний туурвиж сонсогчдодоо хүргэсэн рашаан мэт хөгжмийн бүтээлүүд нь эцэстээ хэн нэгэнд таалагдах гэж бус, харин Монголын сонгодог урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд, уран бүтээлчдийг өсгөж хөгжүүлэхэд л чиглэдэг юм байна гэдгийг 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн тоглолтыг үзсэн хэн бүхэн ойлгосон буй за.
Тэрбээр “Дэлхийд алдаршиж байгаа дуучид маань хэзээ нэгэн цагт эх орондоо ирнэ. Тэд ирээд олон улсын хэмжээний томоохон уралдаан тэмцээнийг Монголдоо зохион байгуулна. Тэр үед бид монгол сонгодог дуу, романс, дуурьтай байх ёстой. Ингэж бодож л дуу, хөгжмийн бүтээлүүдээ туурвиж явна” хэмээн өгүүлж, олон жилийн уйгагүй эрэл хайгуул, зүтгэл бүтээлийнхээ үр шимийг энгийн үгээр тайлбарлаж буй нь Монголын орчин үеийн урлагийг дэлхийн дайдад хүргэх тэмүүлэлд амьдралаа зориулсныг нь илтгэх ажгуу.
Сэтгэгдэл ( 0 )