Л.Батцэнгэл: Ээж минь тэнгэрээс хүүгийнхээ шүлгийг сонсож байгаа

2025 оны 04 сарын 05



“Миний ээж” булангийн энэ удаагийн зочноор МЗЭ-ийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт яруу найрагч Л.Батцэнгэлийг урилаа. 


-“Миний элсэн цаг” номын чинь баярт очиж, ээжтэй тань уулзаж байснаа санаж байна. Ээж тань гэхэд эгч нь юм шиг тийм залуухан, сэтгэл татам сайхан хүн байсан. Номын садан, андын хувьд чи “Ижийгээ сахихаар нутагтаа зорилоо” гэж яваад “Ижий минь бурхан боллоо” гэсэн зурвас  ирүүлэхэд сандарснаа, сүүлд ижийдээ зориулсан нулимстай нийтлэлийг чинь уншсанаа мартдаггүй юм. Шүтээн болгон шүлэглэн дуулж байдаг ижий, нутаг хоёроо дурсахгүй юу?

-Эргээд санахад, ижий минь үнэхээр цэл залуухан буцжээ.Ямар ч хүн ижийгээ "Жар хүрлээ, дал хүрлээ, ная хүрлээ, тэгээд бурхан болчихлоо" гэж сэтгэл амирлан бодохгүй нь мэдээж. Ээж минь 1954 оны морь жилтэй хүн байсан. Надаас хорьхон насаар эгч байсан. Дэлгүүрийн худалдагч Лхагвасүрэн гэхээр Баянхонгор аймгийн Заг сумынхан, ойр орчим нутгийнхан андахгүй. Насаараа худалдааны салбарт ажилласан Худалдааны тэргүүний ажилтан хүн. Сайхан дуулдаг ч найр наадамд шимтээд байдаггүй.Үнэн үгтэй, ноён нуруутай гэж олондоо хүндлэгддэг нэгэн байлаа. Архи хэтрүүлэн ууж, согтсон хүнд ясны дургүй. Манай сумынхан ярьдаг юм, “Лхагваа эгчийг харахаар ямар ч атаманы хулхи буудаг байсан” гэж. Картын барааны үед хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан. Зах зээл гэж жаахан задгайрсан цаг. Хөдөөнийхөн бариа тавиа, дээрэм хулгай хийчих гээд эвгүйтэж ирсэн үе. Тийм үед залуучууд архи авах гэж түрэмгий загнах, эвгүй харьцах юм бол алгадчихдаг байсан гэдэг. Ижий минь “Архи уудаг л бол алт шиг байгаад ч нэмэргүй” гэж хэлдэг сэн. Одоо ч тэрийг амьдрал нотлох юм байна шүү дээ. Анзаарч, ажиглаж байхад архи уудаг бол нээрэн алт шиг байгаад ч нэмэргүй байдаг юм байна. Миний ижийн намтар түүхийг сөхөх юм бол Загийн голынхныхоо л адил жирийн нэг эмэгтэй байсан. Тэр жирийн эх хүн үрийнхээ сэтгэл зүрхэнд үүрд мөнх үлддэг юм байна. Ямар ч хүнд ээж нь ийм л байдаг байх. Ижий минь бурхан болоод арав гаруй  жил өнгөрчихөж. Гэсэн ч ижийгээ алдсан гуниг харуусал бүүдгэр тэнгэрийн үүл шиг арилж өгдөггүй юм байна. Гэхдээ бас тэр харанхуй бүүдгэр дундаас эргэж цаг мөнхөд гэрэлтэх гэгээ болж гийгүүлж явдаг юм байна. Ижий минь тэнгэрийн орноос үр хүүхэд биднийгээ харж байгаа байх аа.

-“Би ижийтэйгээ хамт авахуулсан олон сайхан зурагтай хүн дээ” гэж ярьж байсныг санаж байна. Сүүлд цахим хуудастаа оруулсныг нь ч харсан. Зураг болгон түүх өгүүлнэ биз?

-Ижий минь намайг ой хүрээгүй байхад тэврээд зургаа авахуулсан байдаг юм. Оюутан болж хотод орж ирээд ижийнхээ мөрөөр тэврээд зургаа авахуулсан нь бий. Тэгэхэд ээж минь 40 настай, би 20-той байж. Миний ижий 60 настай өөд болсон. Түүний өмнөхөн хамт авахуулсан зураг энэ байна. Энэ патиарыг татуулахад би 40-тэй, ээж 60 настай байж. Ингээд 20, 20 жилийн давтамжтай ээжтэйгээ гурван удаа зургаа авахуулсан байгаа юм. Гэтэл зарим хүн "Ээжтэйгээ хэчнээн ойр дотно байсан атлаа зургаа ч авахуулж чадаагүй байдаг юм байна" гэж харуусан ярихыг сонсоод харамсах сэтгэл төрсөн. Ээжтэйгээ авахуулсан гурван зургаа цахим хуудастаа оруулсан чинь миний нэг найрагч анд бас ижийгээ алдаад удаагүй байсан шиг байгаа юм. Тэгээд “Чи минь яасан их азтай юм бэ дээ, ээжтэйгээ ийм сайхан зургууд авахуулж байдаг. Өнөөдөр найз нь зураг ч үгүй, хөрөг ч үгүй сууж байх үе байдаг л юм байна” гэсэн. Тэгэхэд үнэхээр өр өмөрч, сэтгэл шимширч байсан. Угаасаа энэ хорвоод зураг, хөрөг ч үгүй болчих үе ч бас байх. Тийм учраас хүмүүст хэлэхэд ижийгээ амьдад нь хайрлаж, аж амьдралд нь боломжоороо тусалж, үгүй ядахад зураг хөргөө ч болтугай хамт авахуулж байвал зүгээр юм байна даа гэж боддог болсон шүү. Би өөрийнхөө ээжийг ч, найз нөхдийнхөө ээжийг ч, тэр танай сайхан ээжийг ч бодож л явдаг юм. Танай ээжийг нутгийн сайхан буурал, ээжээс өөрцгүй хүн гэж хүндэлж сэрүүн тунгалаг байхад нь очиж ярьж хөөрч явсан даа. Ер нь ямар ч хүнд ээжээс илүү бурхан гэж байдаггүй юм байна шүү.

-“Нутгийн чинь хүү байна аа” гэж ирээд ээжид минь найраг шүлэг уншиж өгч, ээж минь хоолойгоор нь юу ч давахгүй болчихоод байсан хэрнээ бараг л сүүлчийн удаа чиний гараас юм амссаныг би мартдаггүй. Хүний сэтгэл тийм уужим, хүнийг баярлуулах хөгжмийг амилуулах шиг агуу болохыг дэргэдээс нь, өөрийн амьдрал дээр тэгж харсан даа...

-Танай ээжийн нутаг  Баянхонгорын Гурванбулаг сум бол миний ажил, амьдралын гараагаа эхэлсэн газар байгаа юм.Тийм болохоор дурсах, хуучлах зүйл олон байсан.Нутаг усаа ярихаар ямар ч хүний нүд, сэтгэл сэргэж, настай хүн залуу болсон мэт болчихдог. Хүнд нутаг ус, бага нас нь мартагддаггүй. Шувуугаар бол өндөрт нисэх хүч чадал хайрладаг зүйл нь тэр байх гэж тэгэхэд би анзаарч суусан.

-Өөрийг чинь яруу найрагч болоход ээжийн чинь нөлөө юу байв. Ер нь тэгээд хүүгээ яруу найрагч болохыг мэдэрсэн, мэдсэн эхийн сэтгэлийг юутай ч зүйрлэшгүй байх аа. Надад тэгж санагдаж байна?

-Ээж минь номын дэлгүүрийн худалдагч байлаа. Их уншина. “Цог” сэтгүүл, “Утга зохиол” сониныг алгасахгүй захиална. Их оюунлаг хүн байж дээ, миний муу ээж. Сумд шуудан долоо хоногт хоёр удаа ирэх. Ээж сонин, сэтгүүлээ ажил дээрээ унших гээд 1-2 хонуулчихна. Би хэзээ авчрах бол гээд л тэсэн ядан хүлээнэ ээ. Сүүлдээ сургууль дээрээ давхар захиалдаг болсон. Үндсэндээ нэг айлд хоёр сэтгүүл, хоёр сонин ирж байгаа юм. Ээж надад шинээр гарсан номуудыг худалдаж авч өгдөг байлаа. Одоо бодож байхад тухайн үедээ цалин мөнгөнөөс нь хэрдээ хөөрхөн зулгаадаг байсан байжээ. Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу”, Жамбын Пүрэвийн “Манан будан”, “Зүрхний хилэн” гээд олон ч ном авчирч өгсөн дөө. Лха.Дарьсүрэнгийн “Онцгой эрх” романыг зургадугаар ангид байхад авч өглөө. Хорхойссон би сурагчийн туулайтай цүнхэндээ ганцхан тэр номыг хийж очин, хичээл дээрээ уншиж байгаад багшдаа баригдан ээжийгээ дуудуулж “Том хүний ном уншсан” гэх хэрэгт ээж, хүү хоёр бангадуулж л явлаа(инээв). Энэ мэтээр ээж минь надад оюуны хөрөнгө оруулалт их хийсэн. Миний буурал аав, ээж хоёр үлгэр, домог их ярьдаг хөгшчүүл байсан.

-Анхны шүлэг, ижийгээ баярлуулсан мөч хэзээ байв?

-Баянхонгор аймагт Дондогдоржийн Халзан гэж сайхан яруу найрагч байсан. Тэр хүн нэг удаа манай сумын сургуульд шалгалтаар ирээд “Шүлэг бичдэг хүүхэд байна уу” гэж асуулаа. Би хэдэн шүлгээ үзүүлтэл, аваад явсан юм. Удалгүй аймгийн “Лениний зам” сонинд миний хэд гурван шүлэг хэвлэгдсэний дотор ээждээ зориулсан нэлээн урт шүлэг байснаас

“Ижий минь та, миний сэтгэлд залуу чигээрээ

Энхрийхэн хайр, мэлтрэх нулимс чинь халуун хэвээрээ

Цэл залуугийн мишээн бүүвэйлэх дүр төрхөөрөө

Цээж л зүрхэнд баясал төрүүлж инээмсэглэсэн янзаараа...” гэсэн дөрвөн мөр хэвлүүлжээ. Тэрийг ээж минь анх хараад “Лениний зам” сонинд хүүгийн минь шүлэг гарсан байна” гэж их баярлаж, баяр хүргэж байсан нь санаанаас гардаггүй. Түүнээс хойш сум, сургуулийн яруу найргийн уралдаан, тэмцээнд удаа дараа нэг, хоёрдугаар байрт орж баярын бичиг, дипломаар шагнуулж явлаа. Миний "зохиолч болох" авьяас бараг нэгдүгээр ангид байхад тодорсон байх шүү. Заг сумын найман жилийн сургуулийн бүх сурагчдын дунд зарласан Дамдины Сүхбаатарын тухай зохион бичлэгийн уралдаанд түрүүлж, дипломоор шагнуулсан маань одоо ч надад байдаг. Диплом гэдгийг тухайн үед нүүрэнд түрхдэг тос гэж бодож хөглөж явлаа. Гэтэл “1 Б ангийн сурагч Л.Батцэнгэлд” гээд биччихсэн цэнхэр өнгөтэй баярын бичиг шиг юм өгсөн. Түүнээс хойш ээж минь хүүгээ зохиолч болно гэж бараг тэр үеэс итгэж, дэмжиж ирсэн дээ.

-“Бүсгүй цэнхэр салхи”, “Сэтгэл минь, тэнгэрийн уяхан шат”, “Өр зүрхний хавар”, “Миний элсэн цаг” гээд яруу найргийн олон ном хэвлүүлсэн. Ээждээ зориулсан уран бүтээл хэр олон бэ?

-Ээждээ зориулсан шүлэг цөөхөн цөөхөн. Пунцагийн Бадарч гуайн “Эхийн сэтгэл” шиг ч юм уу, Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Ээжтэйгээ байхад баян байлаа” шиг шүлэг ховор боловч сэтгэл зүрхээ зориулсан шүлгүүд бас бий. Оюутан байхдаа нутгаа, ээжийгээ, гэрээ их санана аа. Ямар сайндаа

“Зоос мөнгөний хорвоо хүүг нь хавчаад ирэхээр

Золбин гөлгийг өрөвдөж зовлон ханьслаа, Ээж ээ.

Цөсөн ногоон Туул эргээ халиад мэлтэлзэхэд

Цөнгийн мөсөн дээр суугаад гэртээ харихсан, Ээж ээ” гэж бичиж байхав.

Мөн “Тэнгэрт өргөх шүлэг”-тээ

“Үймээнт хотын самуунт гудмаар

Үлэмжийн чанараа аялан явавч

Өвсний нь шүүдэр зүүдэнд мэлтэгнэсэн

Өвгөдийн нутгаа мартсан нүгэлгүй.

Дорны ялдам цавьдар нарнаа

Дотны үрээ ерөөх ээжийгээ

Долоон бурхан одыг тань харахаар

Доголон нулимстай саналаа, Тэнгэр ээ” гэж бичсэн байна. Анхны номоороо диплом хамгаалахад яруу найрагч О.Дашбалбар удирдаж, ариутган шүүсэн. "Бүсгүй цэнхэр салхи" маань 2004 онд хэвлэгдсэн. Тэр үед ээж “Миний хүүгийн ном жаахан гунигтай шүлгүүдтэй юм” гэсэн. Өнгө аясыг нь тэгж нарийн мэдэрч хэлэхийг бодоход нэлээд тогтож уншсан шиг байгаа юм. Түүнээс хойш тав зургаан ном гаргахад “Хавтасны өнгө нь бараандуу байна. Гэгээлэг, алтан шаргал юм уу, тэнгэрийн цагаан цэнхэр өнгө өгч болдоггүй юм уу. Номынхоо өнгийг дагаад амьдрал чинь нэг л барайж бүрийгээд байх шиг санагдах юм” гэж санаа зовнин өгүүлж байсан. Тэр үeд "Миний ном ямар байх танд ямар хамаатай юм" гэж гомдоож явжээ, ээжийгээ. Хүүгийнхээ номыг зөвхөн дотоод агуулга бус гадаад өнгө, хийцээс эхлээд сэтгэл зүрхээрээ мэдэрч уншдаг байж дээ, миний ээж. Ээждээ зориулсан шүлгүүд минь яагаад ч юм бэ, цаанаа л нэг гунигтайдуу болчихоод байдаг юм. “Монголын мөнгөн үеийн яруу найраг” номын хавтсан дээр

“Гуч хүрээ ч үгүй байж

Гуниглаж юунд сурав даа

Орчлонг огоорно гэж зовлон үүрч

Од хийморио гундааж яана даа гэж

Эжий минь та санаж суугаа

"Эвий муу хүү минь" гэж шаналж байгаа.

Ялгуун цагаан саран доор

Яруу найрагч хүн гуниглаж суудаг

Яах аргагүй эхийн цагаан сүүнээс

Яргаж ургасан үндэс учраас тэр ээ.

Гуниглаж орчлонг хайрладаг энэ цөөхөн хүмүүс

Гундаж шанданхан, мандаж бадранхан

Эхнэртээ хаягдаж элдвийг үзэвч

Эжий та нарыгаа л бурхад гэдгийг мартахгүй ээ” гэж бичиж өгч билээ. Тэр шүлэг “Миний элсэн цаг” номд минь орсон доо.

-Танайх хэр олуулаа вэ?

-Би зулай дээр минь гишгэж төрсөн зуны цэцэг шиг сайхан эгчтэй, дөрөө харшуулж явам дөрвөн сайхан дүүтэй хүн байлаа. Бид эхээс зургуул. Харамсалтай нь Амартүвшин дүү маань цэл залуугаараа бурхан болчихлоо. Ээж минь биднийгээ өсгөж, хүмүүжүүлж, хүн болгох гэж гадаа гарч эр, гэрт орж эм болж явсан сан. Тэр үеийн дэлгүүрийн худалдагч хүн тэгтлээ баян цатгаланд орохооргүй байсан байж таарна. Цалин цуух ч багавтар авдаг байсан байлгүй. Гэлээ ч тэр болгоныг зохицуулж, зах зээлийн эхний ганзагын наймааны үеэр гахай үүрч, хойшоо урагшаа наймаанд явж, 2-3 хүүхдээ дээд сургууль төгсгөж, амьдралын төлөө зүтгэсэн. Тэр үед би ижийнхээ авчирсан тухайн үеийнхэнд нүдний гэм болсон жинсэн өмд, макеран (ноолууран) ороолтоор гангарч явлаа. Үүнийг би бардаж, баярхаж, гангархаж, чамирхаж ярьж байгаа юм биш. Үрээ гэсэн ээжийнхээ гайхамшигтай халуун сэтгэлээр л бахархаж байгаа юм. Монголчууд “Үхтэл үр” гэж хэлэлцдэг нь даанч дэндүү үнэн. Би ижийгээ өвчтэй байхад сар гаруй сахисан. Өвчин нь ч их хүндэрсэн байсан, элэгний хорт хавдар гэсэн оноштой. Хэвтэрт орчихсон байхдаа хүртэл биднийг зовоохгүй гээд өнгөрөн өнгөртлөө ухаан санаагаа алдахгүй байх, ганц удаа ёо гэж хэлэхгүй зовлонгоо нууж зовууриа тэсвэрлэх тэр бүх чанарууд үр хүүхдээ гэсэн сэтгэл, энэ хатуу амьдралд эцсийн мөчөө хүртэл тэмцэх ёстой юм шүү гэсэн бичигдээгүй алтан сургаалыг бие, сэтгэлээрээ харуулж байсан даа. Тэр хатамжлал, хатуужил, тэсвэр тэвчээрийг нь санахаар хэчнээн зовж байсан бол гэхээс өр өмрөх юм. Сүүлчийн мөч ирчихсэн тэр хүнд өдрүүд, сүүлчийн амьсгалаа эвхсэн зургадугаар сарын хоёрны өдөр ээж минь аль болох гэгээлэг зүйл ярьж хэлж, гэрэл гэгээтэйгээр орчлонг харж байсан даа. Эх хүн тэгдэг юм билээ. Баярынх нь өдөр хэдэн хүүхдээ, ач зээ нараа зовоохгүй, голыг нь харлуулахгүй юм сан гээд өөрөө голоо тасартал хичээж, тэр өвдөлтийг тэсвэрлэж байдаг юм байна лээ. Тэр л тэсвэр тэвчээрээр магадгүй зургадугаар сарын 1-нээс хоёрны өдөр рүү давж орж дээ гэж би одоо боддог юм.

-Та бүхэнд хэлж захиж ирсэн зарчим юу байв?

-Ээж минь тэгтлээ сургаал номлол айлдаад, чихний чийр болтол үглээд байхгүй, өөрийнхөө ажил үйлс, амьдралаар үлгэрлэдэг хүн байлаа. “Шударга бай, үнэнч бай. Өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр амьдрах ёстой” гэж хэлдэг. Хамгийн гол нь "Олонтойгоо бай" л гэнэ.

-Ээж чинь танай найзууд, зохиолч, яруу найрагчид, сэтгүүлчидтэй ойрхон байсан байх шүү?

-Их ойрхон, сайн ч ойлголцдог байсан. Уншигчийн хувьд бол ярих юм байхгүй анд нөхдөд маань хайртай байсан. Тэр жил баруун аймгаар Д.Урианхай ах, А.Эрдэнэ-Очир, Н.Гантулга, Ш.Анхтуяа, М.Билэгсайхан бид “Уран бүтээлчид-торгон хилээр” аялалд явсан юм. Ээж минь сумаасаа Баянхонгорын төвд ирчихсэн, 25 литр айрагтай хот руу бидэнтэй хамт ирлээ. Д.Урианхай ах, Эрка тэргүүтэй найрагчид урд талын “Газ-469” машинд сууж, ард Н.Гантулга дүү, бид хэд өөр машинд сууж ирсэн. Замдаа бид айргаа ууж, Н.Гантулга ээжийн тухай шүлгээ унштал ээж гэнэт мэлмэртэл уйлж, хөгтэйхэн явж ирсэн сэн. Н.Гантулга хааяа тэрийг дурсч “Би Лхагваа эгчийгээ нэг уйлуулж, нэг инээлгэж явсаар байгаад ирсэн дээ” гэж ярьдаг. Уйлуулсан нууцыг өөрөө дурсан ярих биз. Харин инээлгэж, баярын нулимс унагасан нь “Ижий минь” шүлгээ уншсан явдал байлаа. Зохиолчдоос ээжийн минь хамгийн олон уулзсан хүн бол Тангадын Галсан багш минь. Хотод ирэхээрээ очиж золгоно. Галсан багшийн гэргий Найгалмаа эгч “Манай Цэнгэлийн ээжийн гарын идээ, ээ мөн сайхан шүү” гэдэг сэн. Ээж минь сэтгэл шингэсэн идээ цагааныхаа дээжийг байнга илгээнэ. Галсан багшийг Ардын уран зохиолч болчихоод нутагтаа очиход манай нутгийнхан азарга адуу бэлэглэсэн. Тэгэхэд ээж минь их баярлаж “Миний хүүгийн багш Ардын уран зохиолч боллоо. Унаган адуугаа өгнө” гээд байдас хөтөлж очсон байдаг. Ээж багшийг өөрийн багш мэт маш их дээдлэн хүндэлдэг байсан даа.

-Би сүүлийн үед нэг зүйлийг бодох боллоо. Олон ч хүнтэй ижий ертөнцийн тухай ярилцлага хийжээ. Нэг удаа Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Одончимэд гуайтай ярьж суутал “Чиний хийсэн ижийн тухай ярилцлагуудад тухайн ээжийн нутаг, усны онцлогоос өгсүүлээд хувь хүний тухайд ямар зан ааш, шинж чанар байна гээд судалгаа, гаргалгаа хийж болно доо” гэж байсан. Танай нутгийн онцлог, тэр дотроо ээжүүдийн тухайд чи юу анзаарч, ажиглав?

-Нээрээ л тэгнэ дээ. Л.Одончимэд гуай бол нарийн мяндсан ухаантай, ажигч гярхай хүн. Говийн хүмүүс уужуухан дотортой, уудамхан сэтгэлтэй байдаг. Манай Баянхонгор аймаг, тэр дотроо Загийнхнаа бодож, ээжийгээ, нутгийн хөгшчүүлээ харж байхад ер нь ямар ч эх хүн үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө нутаг усныхаа нэрийг сайнаар дуурсгаасай л гэж бодож байдаг юм билээ. Бүр "Нутаг усныхаа нэрийг хөөдөв" гэж ирээд захидаг. М.Горькийн “Эхийн домог” гэдэг өгүүллэгт нэг хүн алдартай жанжин болж ирчихээд төрөлх хотоо дээрэмдэж түйвээхээр бүслэхэд, ээж нь “Би энэ амийг бий болгосон. Тэгэхээр түмэн олонд түйтгэр гай авчирсан нүгэлт эм юм байна” гэж дотроо бодож очоод алуурчин болчихсон хүүгээ цааш харуулсан тухай гардаг. Энэ мэтээр жишээ татахад эх хүн өөрийн нэрээс илүү нутгийнхаа нэрийг дээдэлж яв гэдэг захиасыг үр хүүхдэдээ өгч байдаг юм байна. Миний нутаг Баянхонгор аймгийн Заг сум. Аймгийнхаа ууган сумын нэг. Модгүй л болохоос дүнхийсэн том уулстай баян хангай, хүйтэн сэрүүнээрээ зартай, хүмүүс нь тэвчээр хатуужлаараа гайхамшигтай, ийм л нутаг. Манай ээж намайг Заг, Байдрагийн уулзвар Хүрэн бэлчрээс мориор дуншин явсаар сумын эмнэлэгт ирэн төрүүлж. Арваад километр газар өвдсөөр, бууж амсхийсээр ирсэн гэхээр агуу их тэсвэр тэвчээр зааж ирж дээ гэж өрөвдөх юм. Саяхан П.Бадарч гуай надад ярилцлага өгөхдөө “Эхийн элгэн дотор бүтэн нэг жил бүжин шиг хярсан хүн дээ, би” гэсэн. Түүн шиг би эхийнхээ элгэнд бүжин шиг хярчихаад төрөх гэж өвдүүлэх үед ээж минь хөдөө тасгаас сумын төвийн эмнэлэг бараадахаар морьтой явж, замдаа хэдэн ч удаа бууж мордож явсаар сумын эмнэлэгт ирж төрсөн гэдэг. Ямар тэвчээргүй хүн төрөх гэж дуншиж байхдаа морь унаж арав гаруй км явсаар ирж байх билээ дээ.

-Эмэгтэй хүний тухай, бүсгүй ертөнцийн тухай бодлоо хэлээч, яруу найрагчийн амнаас тийм үг сонсъё гэж бодож байна?

-Саяхан манай “Өдрийн сонин”-ы нэг сэтгүүлч төрөх эмнэлгээс сурвалжлага хийж л дээ. Сувилагч, асрагч нар хажуугаар нь дүүрэн цустай түмпэн бариад гарч байгааг хараад өөрийгөө үүсгэсэн эмээ, ээж, өөрийг нь цааш залгамжлах үр хүүхдийг нь төрүүлж байгаа эхнэртээ үнэхээр их баярлалаа гэж цахим хуудастаа бичсэн байсан. Ингээд бодоход эр хүн гэдэг эмэгтэй хүний дэргэд ёстой өчүүхэн, шалихгүй амьтан байдаг юм байна. “Орчлонгийн ямар ч гашуудал зовлон ангал хавцал үүсгэлээ гэсэн тэр нь яруу найрагчийн зүрхэн дундуур туучаад гарна” гэсэн байдаг. Гэтэл яруу найрагчаас илүү эх хүний зүрх сэтгэл энэ дэлхийг энэрч зөөллөж байдаг тийм билиг, билгүүний чанартай. Өөрийн чинь асуултад хариу эрж, хар ухаанаар бодоход, дэлхий мянгантаа хөгжиж, хэдэн тэрбум эрчүүд үлдлээ гэхэд эмэгтэй хүн байхгүй бол маш хэцүү. Түүн шиг эмэгтэй хүн гэдэг орчлонгийн уйтгар гуниг, зовлон бэрхшээл, тэр бүгдийг зөөллөдөг амин сүнс, хайрын ертөнц гэсэн бодол төрж байна.

-“Миний ээж” буланг хүний сэтгэлд хүрэх нэгэн гүүр хэмээвээс сүүлчийн асуулт нь зүрх сэтгэлийн шуудан юм. Та хүмүүсийн итгэл, сэтгэл рүү ямар илгээмж хүргэхийг хүсч байна, тэрийгээ хэлнэ үү?

-Би ижийгээ тэнгэр болсноос хойхно “Шоргоолжны мөр” хэмээх бэсрэг эсээ, бичил хүүрнэлийн номоо гаргасан. “Эжийдээ өгөх гээд энэ дэлхийн хаана ч байхгүй усан цэнхэр торго авчихсан байх юм. Тэгээд ижийдээ өгөх гэтэл ээж минь байхгүй байна” гэж зүүдэлсэн тухайгаа тэр номондоо бичсэн. “Дэлхийд байхгүй торго” бол үр бидний ижийгээ мөнхөд үгүйлэн хайрлаж, санан дурсах сэтгэл, яруу найрагчийн бичигдээгүй шүлэг юм байна. Ээждээ насан туршдаа зориулж бичих, бодож явах сайхан зүйрлэл нь юм байна гэж би сүүлийн үед боддог болсон. Ерөөсөө ямар ч хүний ээж, аав болон хайртай хүмүүс гэдэг энэ орчлонгоос үүрд алга болдоггүй, энэ орчлонг элэгдэн элэгдтэл сэтгэл зүрхэнд нь байж л байна. Сэтгэлд дотно сайхан царайг нь, зүрхэнд ойрхон сонсогдох яруухан дуу хоолой, цай чанаж, самарч байгаа байдал, аягалаад гардаад өгдөг нь, тэр байтугай аашилж загнаж байсан гээд үйл хөдлөл бүхэн нь нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдож, зүүдэнд харагдаж, бодолд цаг мөнхөд амьтай байдаг юм байна. Тийм учраас манай яруу найрагчид ээж, аавын тухай, нутаг усны тухай, хүн гэдэг өөрөө ерөөс мөнхөд санан дурсахын бичүүрт нандин сайхан нь огт арилахгүй, алга болохгүй байж байдаг учраас Батцэнгэл гэдэг энэ бие элэгдэж дуустал тэр сэтгэл үргэлжилнэ. Цаашид миний үр хүүхдэд дамжиж, ач зээ нарт улбаална. “Миний ээж өнгөрсөн” гэж гуньж гутрах эрх үр бидэнд байхгүй. Тийм учраас би өнөөдөр ижийгээ миний бичиж байгаа шүлгийг сонсч байгаа гэж боддог. Хэвлүүлэх гэж байгаа номуудыг маань уншиж байгаа гэж боддог. Тэр бүгд үхэшгүй мөнхийн увдис юм даа.

Ч.Үл-Олдох

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnb(103.57.95.128) 2025 оны 04 сарын 05

mnb setguuch shuu redaktor

0  |  0
Close menu