Юун мега төслүүд вэ, яаж амь зуухаа бодоцгооё

2025 оны 04 сарын 07

ДЭЛХИЙН НИЙТ БҮСЭЭ ЧАНГАЛЖ БАЙХАД ТОМ ТОМ ЯРЬСААР БАЙХ УУ!

Юуны өмнө энд “Хийе, бүтээе” гэсэн гэнэн хүсэл рүү нь ус цацах гэсэнгүй. Өрхийн тэргүүн хүртэл бодит нөхцөлд тулгуурлан ахуйгаа төлөвлөж амьдардаг жамтай учраас Монгол Улсын нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудал болон бидэнд хамаарах олон улсын нөхцөл байдлыг хүргэхийг зорилоо.

Манай ихэс дээдэс том том төсөл ярьж байхад төсвийн орлого тасрах нь нэгэнт тодорхой болжээ. Юун Засгийн газрын 14 мега төсөл, нийслэл Улаанбаатар хотоос хэрэгжүүлэх 24 төсөл хөтөлбөр вэ. Хаа сайгүй худалдаа эдийн засгийн дайн өрнөж, олон улсын нөхцөл байдал ч хүндэрч эхэлсэн. Геополитикийн хувьд ч эрсдэлтэй орчин бий болчихоод байхад төсвийн тодотголыг цаг алдалгүй хийж, хэмнэж болох зардлуудаа хэмнэх болсныг эдийн засгийн шинжээчид сануулж байхад бид тэнгэрийн зүйлээ ярьсаар байх уу.

Олон улсын байдал нэгэнт хүндэрчихсэн. АНУ шинэ ерөнхийлөгчтэй болсноос хойш Мексик, Канадад 25, бусад улсад  10 хувийн татвар ногдуулсан. Хүссэн, хүсээгүй дэлхийн зах зээл дээр бараа материалын үнэ өсөх нь тодорхой болчихсон. Хамгийн эрсдэлтэй нь бидний хамгийн ойрын зах зээл болох БНХАУ-ын үйлдвэрлэл зогсонги байдалд орж, төмрийн хүдрийн боловсруулалт буурах хандлага харагдаж байгааг шинжээчид дуулгасан. Тэгэхээр Монгол Улсыг тэжээж байгаа ганц зүйл болох коксжих нүүрсний хэрэглээ буурах нь тодорхой болсон. Өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ 130 ам.доллараас уруудаж, 70 орчим ам.долларт ирсэн, үүнээс ч илүү буурах хандлага бий.

Цаашид БНХАУ-аас импортлодог өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон барилгын материалын үнэ буурахгүй, өснө. Ерөөсөө дэлхий нийтээр бүсээ чангалах тухай бодлого барьж байхад манайхан л том том төсөл ярьж сууна. Ганц тэжээж буй нүүрсний зах зээлийн эрэлт багасаж, үнэ буурч байхад ч том том ярьж сууна. Эрх баригчид олон жил ард түмний тархийг угаасан. Одоо МАН, АН, ХҮН гэсэн гурван нам нийлчихээд угааж байна.

 

БОЛОМЖГҮЙ ҮЙЛДВЭР ЯРИХАА Ч БОЛЬ

 

Олон үйлдвэр байгуулах хий хоосон яриагаа ч орхи. Бид ийм жижиг зах зээл дээр гутал үйлдвэрлээд ч яах юм бэ. Үйлдвэрлэлийн зардлаа дийлэхгүй. Ийм жижиг зах зээл дээр цамц үйлдвэрлээд яах юм. Зардлаа дийлэхгүй, алдагдал хүлээнэ. Дэлхийн том зах зээл болох БНХАУ ямар ч төрлийн бүтээгдэхүүнийг хэдэн зуун саяар нь бусдаас хамаагүй бага зардлаар үйлдвэрлэж байхад Монгол Улс тэр зах зээлтэй өрсөлдөх тухай ярих нь тэнэг хэрэг. Үүнийг мэддэг баймаар юм. Гэтэл манай ихэс дээдэс “Дотооддоо бүгдийг хийе”, “Бид хэнээс ч гуйхгүй бүгдийг өөрсдөө хийгээд сайхан амьдарна” хэмээн ярих нь даанч өрөөсгөл. Манай сайд дарга нар үйлдвэрлэл явуулах гэж улам дампуурч байхаар гадныхны үйлдвэрлэж байгааг худалдаад авчих нь илүү хямд тусна. Бид дэвтэр үйлдвэрлээд ч зах зээл байхгүй, дотоодын үйлдвэрлэгчид зээлээс зээлийн хооронд алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн шүү дээ. Нөгөөтэйгүүр татвар татаас, даатгал гээд дэлхийн хаана ч байхгүй өндөр босготой, бизнеснүүдээ боомилсон бодлоготой улс орны эрх баригчид чухам юу яриад байгааг ойлгох юм алга.

 

БОЛОМЖТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛЪЯ!

 

БНХАУ, ОХУ хэмээх хоёр аварга том зах зээлийн дунд оршиж байж оймс гутал үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гарах тухай үлгэр яриад яах юм бэ. Хайран хөрөнгө болно. Түүний оронд өөрт байгаа боломжуудаа хар л даа. Жилд хаягдаж байгаа 10 сая арьс ширийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрээ хурдан барих арга бодсон нь дөхөм. Гэтэл Дарханы арьс ширний цогцолбор барихаар шав тавиад таван жил, төсөв нь гацаад гурван жилийн нүүр үзлээ. Уг цогцолборыг барихад ямар нэг асуудал байхгүй ч улстөрчдийн дундын зодоон, төлөвлөж чадаагүйн улмаас ийнхүү хойшилсон.

Мөн Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл, аж үйлдвэрийн паркын үйлдвэрийн газрыг байгуулаад 11 жил болж байна. Паркын ажил бол эхлээд 16 жил болчихсон. Монгол Улс юун дээр суурилж хөгжих вэ гэхээр хөдөө аж ахуйн салбар, ялангуяа мал аж ахуйн салбар. Мал аж ахуйн салбараас гарч байгаа түүхий эдээ хаягдалгүй эцсийн бүтээгдэхүүн болгож чадвал тэр бидний бренд. Гэтэл үйлдвэр үйлчилгээгээ хөгжүүлж, өөд татъя гэхийн оронд бүтээж босгосон зүйлийг татан унагааж байна. Тухайлбал, УИХ-ын дарга Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа Гаалийн албан татвараас чөлөөлөх хууль батлуулаад тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчдээ татаад унагаачихсан. Импортын цементийн татварыг 20-иос таван хувь болгон бууруулсан. Үүнээс үүдэж, Хөгжлийн банкнаас зээл авч хөл дээрээ боссон “МАК”, “МОН” тэргүүтэй цементны үйлдвэрүүд үүд хаалгаа барьж, олон хүн ажилгүй суухад хүрчээ. Гурилыг гаалийн татвараас чөлөөлснөөс хойш 11 сарын хугацаанд гурилын импорт 5.8 мянган тонноос 63.5 мянган тонн болтол өсжээ. Өнөөдрийн байдлаар 3-4 үйлдвэр үүд хаалгаа барьчихсан, ахиад 3-4 үйлдвэр үүд хаалгаа барихад бэлэн байгааг салбарын яамнаас дуулгаж байсан.

Гэтэл Ерөнхий сайд нь “Атрын-IV” аян өрнүүлэх тухай ярьж, Хүнс, хөдөө аж ахуйн сайд нь хууль өөрчлөн батлаад өгөөч хэмээн гуйж гувшиж явна. Уг нь бид өөрт байгаа энэ мэт боломж нөхцөл, бодит аж ахуй дээрээ суурилсан үйлдвэрлэл явуулах болохоос биш олон улсад зуун зуунаар хөгжүүлчихсэн үйлдвэрлэл эрхлээд яах юм бэ.

 

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРЪЯ!

 

Хөнгөн үйлдвэрийн чиглэлд ийм боломжууд байгаа бол уул уурхайн бүтээгдэхүүнээ түшиглэсэн боловсруулах үйлдвэрүүд барих нь бидний тэргүүн зорилго байх ёстой. Хийж бүтээнэ гэж яриад 20, 30 жил болж байна. Энэ жилийн төсвийг харахад 83 сая тонн нүүрс экспортолно гэжээ. Ийм хэмжээний нүүрсийг баяжуулаад гаргахад хэдэн сая, тэрбумаар хэмжигдэх ам.доллар үлдэнэ. Үүнээс гадна төмрийн хүдэр, алт гээд юу эс мундах билээ. Энэ бүгдээ баяжуулаад өртгийг нь эх орондоо авч үлдээд ажлын байнгын байртай байлгах зэрэгт анхаарах болохоос биш их гүрнүүдийн хэдэн зуунаар хөгжиж туйлдаа хүрчихсэн үйлдвэрлэл босгох тухай яриа хэрэггүй.

 

ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙГАА НООЛУУРАА ӨӨД НЬ ТАТЪЯ!

 

Ганц гэрэл гэгээтэй зүйл байгаа нь Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлийн 50 хувийг дангаараа бүрдүүлэх юм байна. Ноолуурын экспорт 404 сая ам.долларт хүрч, дэлхийн зах зээлд 2.7 тэрбум ам.долларын бизнес явагдаж байгааг салбарын сайд нь дуулгана билээ. Тэгэхээр 404 сая ам.доллараа ойрын хугацаанд нэг тэрбум ам.доллар бүхий нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох боломжтой гэнэ. Ноолуураа түүхийгээр нь гаргадаг байсан бол 100 хувь угаах зорилт тавьсан. Жилдээ 25-30 саяд ямаан сүргийг өсгөж байгаа нь 8500-10.000 тонн түүхий ноолуур жил бүр дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжтой гэсэн үг. Түүхий ноолуураа угаахаар 7000 тонн ноолуурынхаа 80 хувийг экспортод хийж, 20 хувиар нь утас хийдэг байжээ. Одоо 100 хувь ноолуураа самнах зорилт тавьж байгаа нь угаасан 7000 тонн ноолуур нь 5000 тонн цэвэр бүтээгдэхүүн гаргаж эхлэх юм байна. Самнасан ноолуур дэлхийн зах зээлийн гол бараа байдаг. Ноолуураа самнаж гаргахын тулд өнөөдрийн байдлаар 12 мянган тонн хүчин чадлыг суурилуулж дууссан мэдээлэл өгсөн. Тэгэхээр монголчууд ноолуураа угааж, самнаж чадаж байна. Энэ хооронд 250 сая ам.долларын нэмүү өртөг, ажлын байр, орлого Монгол Улсад үлдэж шат ахиж байгааг Хүнс, хөдөө аж ахуйн сайд дуулгана билээ. Энэ мэт болж байгаа ажлуудаа дэмжээд явахгүй хөөстэй зүйл ярихаар цааш явах ямар ч боломжгүй болж байна. Бас нэг алдаа нь иргэдэд таалагдах гэсэн үр ашиггүй асар их мөнгөний урсгал байна. Тухайлбал, мал аж ахуй, газар тариалангийн салбарт сүүлийн 30 жил маш олон тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө зарцуулсан. Жилд 560 тэрбум төгрөгийг жижиг, дунд бизнес эрхлэгч, хөдөө аж ахуйг дэмжих нэрээр зээлийн татаасанд өгдөг. Энэ бол үргүй зардал гэхэд болно. Үүний оронд хөнгөн үйлдвэрлэлээ босгохын тулд, дээр дурдсан ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд энэ мөнгөө хийчихсэн бол аль эрт босчихсон.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.174.77) 2025 оны 04 сарын 07

Түүхий тос байхгүй, өртөг өндөртэй, алдагдалтай ажиллах нёфть боловсруулах үйлдвэрээ зогсоо

0  |  1
үнэн(202.70.33.164) 2025 оны 04 сарын 07

Үнэн үнэн

0  |  0
Зоригт (66.181.191.91) 2025 оны 04 сарын 07

Амьдралдаа бизнес хийж үзээгүй боловсролгүй тэнэг галчаар ерөнхий сайд тавьчаад юу хүлээхийн бэ...Ядахдаа нөгөөх монголын том хулгайчийн гар хөл тэрнийхээ харцаар хөдөлнө. Одоо боль. Жүжгээ дуусгаач

0  |  0
Зоригт (66.181.191.91) 2025 оны 04 сарын 07

Амьдралдаа бизнес хийж үзээгүй боловсролгүй тэнэг галчаар ерөнхий сайд тавьчаад юу хүлээхийн бэ...Ядахдаа нөгөөх монголын том хулгайчийн гар хөл тэрнийхээ харцаар хөдөлнө. Одоо боль. Жүжгээ дуусгаач

0  |  0
зочин(202.9.47.20) 2025 оны 04 сарын 07

зарлаагүй дэлхийн 3-р дайн явагдаж байна....яаж дуусах нь тодорхойгүй....

0  |  0
zochin(64.119.31.179) 2025 оны 04 сарын 07

Бяслагны үйллэвэрээ боли. Хөвсгөлийн сумдаас асуу. Тоног төхөөрөмж бяслаг хийхгүй. Малчид үүнийг чадахгүй. Хөрөнгийг нь гадаас авна шүү дээ...

0  |  0
Close menu