Монгол шуудангийн маркийн уран сайхны удирдагчаар олон жил ажилласан зураач Т.Отгонбаяр өдгөө Их Британид ажиллаж, амьдарч буй. Тэрбээр 2024 оны зун эх орондоо ирж, Монгол Улс шуудангийн анхны маркаа гаргасны 100 жилийн ойд зориулан бичсэн "Монгол маркийн далд түүхээс" номоо хэвлүүлээд буцсан юм. Зохиогчийг номоо дөнгөж гар дээрээ авсны дараахан амжиж ярилцсан цор ганц сэтгүүлч нь миний бие билээ. Гэвч тэрхүү ярилцлагаа уншигч танаа өнөө л дэлгэж байна.Т.Отгонбаярын бичсэн “Монгол маркийн далд түүх”-ийг уншаад үзэхэд гайхам, хачирхам, бахархам олон үйл явдлын учир зангилааг тайлжээ. Магадгүй энэ ном тэрхүү зангилааг мөнхөд зангидаастай байлгаж, үнэнийг явцуу хүрээнд, нууцлан үлдээхийг хүсдэг хэсэг бүлэгт таалагдахгүй ч байж мэдэх юм.
-Юуны өмнө холын Европоос эх орноо зорин ирж, монгол маркийн түүхийг бичиж, хэн хүний тэр бүр мэддэггүй ил атлаа далд ертөнцийн “хаалга, цонх”-ыг монголчууддаа нээж өгөөд буцаж буй танд их баярлалаа. Та ингэж бичээгүй бол бид мэдэхгүй өнгөрөх байжээ?
-Баярлалаа. Наадах чинь л энэ номыг бичсэн гол шалгаан нь юм. Хөндлөнгийн хүмүүс та нар байтугай марк, шууданд ажиллаж байсан хүмүүс ч мэдээгүй өнгөрсөн үйл явдлууд бий. Маркийн бодлого, бүтээх үйл ажиллагаа маш цөөхөн хүмүүсийн хүрээнд хэрэгждэг онцлогтой. Түүнд оролцож байсан цөөхөн хүмүүсийн тал нь хорвоогийн жамаар өнөөдөр алга. Дахиад хэсэг хугацаа өнгөрөхөд бүр цөөрнө. Энэ мэт бүдэг балархай олон баримтыг ухвал цаана нь нэлээн юм бий. Холдож ойртоод 20 жил маркийн салбарт ерөнхий болон уран сайхны асуудал хариуцаж олон үйл явдалд биечлэн оролцож байсан хүний хувьд хэрэв би өөрийн мэдсэн дуулсан, харсан үзсэн, уншсан судалснаа хэлэхгүй өнгөрөх юм бол манай маркийн түүх буруу зөрүүгээрээ үлдэх гээд байсан юм. Үнэнийг хэлэхэд Монгол маркийн албан ёсны түүх бичлэгт нилээн асуудал бий. 100 жил өнгөрчихөөд байхад л бид анхны маркийн зураач нь Марзан Шарав л гэдэг, гэтэл тэр нь үнэн үү, худал уу, тодорхойгүй.
Бас хаана хэвлүүлснээ ч яг таг мэдэхгүй байна. Би Лондон дахь Британы Номын Санд сууж ном судар шүүж үзлээ л дээ. Дэлхийн нэрт марк судлаач, эрдэмтэн Вольфганг Хэллригл-ийн “Монгол Шуудангийн Түүх” ( Wolfgang Hellrigl. Postal History of Mongolia. 1841-1941) номд тэмдэглэснээр Шанхайд биш Москвад хэвлүүлсэн болж таарсан.
Номоо бичихэд дөрвөн жилийг зарцуулсан. Би бичгийн хүн биш. Тэгээд ч анхны ном минь. Бичихэд амар байгаагүй ээ. Хоёрдугаарт, 20,30, 40 жилийн өмнөхийг дурсан бичиж байгаа болохоор мартаж, орхигдуулсан юм байж таарна. Ер нь бол өөрт олдсон, тодруулж чадсан баримтынхаа хэрээр бичсэн. Хэдийгээр зарим болсон явдлыг би мэдэж байгаа ч баримтаар тодруулахгүй бол болохгүй учир бичилгүй орхисон гэх зэргээр цаана нь “юм” бий, бий. Миний бодлоор өмнө нь бид маркийн түүхийнхээ гуравны нэгийг л мэдэж байсан. Миний энэ ном гарснаар тэр дутууг мөн гуравны нэгээр нэмж нөхөх байх. Одоо цаана нь, миний бодож байгаагаар дахиад гуравны нэгийн хэртэй “юм” үлдсэн байх. Миний цээжний тооцоогоор дор хаяж 300, магадгүй 400 түүнээс ч олон том, жижиг асуултад баримттай хариулт авч байж сая манай маркийн түүх бүрэн бүтнээрээ цэгцрэх байх. Жишээ нь, анхны маркуудыг зурсан зураач, Унгараас Германд шилжих болсон тухай, Маркийн Товчоо яг хэзээ байгуулагдсан болон мөн нөгөө айхтар “Баталгааны хуудас” гаргах болсон тухай протокол, бичиг баримтуудыг эрж олох зэрэг түүхийн олон том асуудлууд байна. Бүр жижиг өчнөөн асуултууд байна. Жишээ нь, би өөрөө анх маркийн зураачаар томилогдсон өдрөө бол яг санахгүй байна. Зураач Цэнгэл, Арвис ах, Ариунаа нарынхыг би байтугай тэд өөрсдөө ч санахгүй байна. Гэхдээ түүх бичлэгт жижиг асуудал гэж байдаггүй юм байна гэдгийг Британы маркийн түүхийг уншиж байхдаа сайн ойлголоо. Тэнд огноотойгоо, нэр устайгаа, газар оронтойгоо, хэлэлцсэн асуудал, шийдэл бүгд бичигдэн үлджээ.
Тэгэхээр, миний энэ ном манай салбарынханд “өдөөгч” болно байх. Хүмүүс янз бүрийн өнцгөөс харах биз. “Отгонбаяр дутуу бичсэн байна” гэх юм уу бүр “буруу бичиж” гэх мэтээр хандаж ч болно. Өөр шинэ эх сурвалжууд гарч ирж ч мэднэ. Ч.Болдын, А.Дэмбэрэлдоржийн, Даш гуайн гээд өмнө гарсан маркийн тухай номуудыг эргэж сөхөж ч болно. Бүх мэдээлэл хоорондоо уялдаж, ойлгомжгүй бүдэг зүйлс тодорч эхэлнэ. Үүнээс хойш тодорхой хугацааны дараа, магадгүй 10, 20 жил өнгөрөхөд монгол маркийн түүх харин ёстой цаг хугацааны шалгуураар үнэн бодитоороо тодорч магадгүй. Би ингэж л бодож байна. Өнөөдөр бол олон зүйл далд байгаа.
-Таны хувьд маркийн ертөнцтэй анх хэрхэн холбогдов. Энэ салбарт ажилласан жилүүд тань монгол маркийн түүхийн ямар үед хамаардаг вэ?
-Би 1983 оны долоодугаар сарын 1-нд байх, Холбооны яамны Маркийн Товчоонд “Дадлагажигч зураач” гэдэг орон тоонд анх ажилд орж байсан. Тэр нь ийм учиртай. Манай улс 1958-1983 оныг дуустал Унгар улсад маркаа хэвлүүлсэн. Одоогийнхоор бол Унгар улстай “Бүтээгдэхүүн хуваах” гэрээтэй байсан шиг байгаа юм. Унгар хэдийгээр жижгэвтэр улс хэдий ч маркийн ертөнцөд бол том улс. Европ тивд байрладаг дэлхийн сүлжээ сайтай болохоор маркетинг сайтай, хэвлэсэн маркаа дэлхийн зах зээл дээр хурдан тараачихдаг.Харин манайх агуулахдаа баахан үлдэгдэл марктай л хоцордог байсан шиг байна билээ. Ингээд асуудал үүсэж “Бүхэл бүтэн улс байна даа, дотоодын нөөц бололцоо, мэргэжилтнүүддээ түшиглэн марк зуръя. Өөрсдөө дэлхийн зах зээл дээр гарч тоглоё” гэж бодлогоо өөрчилсөн шиг байгаа юм. Ингээд 25 жил хамтран ажилласан Унгарын талаас холбоогоо тасалж, тухайн үеийн Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад маркаа хэвлүүлэхээр шийджээ. Монгол, Германы хооронд маркийн талаарх харилцаа шинээр эхэлснээр асуудлыг сайтар мэддэг мэргэжилтнээ Герман улсад хэвлэлийн төлөөлөгчөөр суулгахаар болж, маркийн ахлах зураач байсан Г.Раднаабазарыг томилсон. Түүнийг явчихаар эндэх асуудлыг хэн хариуцах вэ гэсэн саналыг Холбооны яамнаас Урчуудын Эвлэлийн Хороонд тавьж, “Маркийн ахлах зураачийн ажилд тэнцэхүйц боломжийн зураач өгөөч” гэж хүсчээ. Тухайн үед Н.Цүлтэм дарга, Д.Амгалан багш нар ярилцаад хэд хэдэн зураачийн нэрийг дэвшүүлсний дотор сайн зураач олон байсан ч янз бүрийн шалтгаанаар татгалзаж, түдгэлзэж явсаар хоёр зураач тунаж үлдсэний нэг нь би. Бид хоёр Холбооны яаман дээр одоогийнхоор бол ажлын ярилцлагад орж, яамныхан намайг сонгосноор тушаал гарсан юм. Би 1984 оны нэгдүгээр сар хүртэл дадлагажигч зураачаар ажиллаж байгаад Г.Раднаабазарыг Герман руу явсны дараа ажлыг нь авч үлдсэн хэрэг л дээ.
-Хоёр улсын хооронд маркийн талаар цоо шинэ харилцаа үүссэн цаг үе юм байна. Та ажлаа юунаас эхэлж байв?
-Албан үүрэг маань түшмэлийн шинж чанартай, зураачдаар марк зуруулна, бэлдсэн эхээ дарга нараар батлуулна. Бас өөрөө марк зурна. Ахлах зураач, зураач гэдэг хоёр ажил хийж байсан.
Маркийн зураачийн нэг онцлог бол бүх өгөгдөхүүн нь хэмжээ, заагтай. Сэдэв, агуулга, зурах маркийн тоо, зурах талбайн хэмжээ, дүрслэх зүйлийн хэлбэр хийц, өнгө зүс, нэр ус, текст, зурах цаг хугацаа гэх мэт олон хүчин зүйлд баригдана. Уран сэтгэмжийн тухайд ерөнхийдөө хязгаарлагдмал. Жишээ нь, амьтны марк зурлаа гэхэд тэр амьтнаа л зурна. Реалист аргаар зурах нь илүү тохиромжтой. Модерн уран зураг шиг хэтрүүлэг хийх боломж хомс тул тэр утгаараа уран бүтээлийн “эрх чөлөөгүй” гэж хэлж болно. Гэхдээ энэ нь реалист бус зураг байж болохгүй гэсэн үг биш. Хийсвэр график элементүүдээр зурсан гоё марктай улсууд бишгүй бий.
Тухайн үеийн маркийн эх зураг бэлтгэх ажиллагааг өнөөгийн өндөрлөгөөс харахад үнэхээр бүдүүлэг байсан. Жинхэнэ эх зургаа цаасан дээр зураад дээр нь тунгалаг фото хальс, скочоор нааж тогтооно. Тэрэн дээрээ үг үсэг, хээ угалзаа давхар наана. Үг үсэг бичихэд чамгүй ажиллагаатай. Жишээ нь, “Mongolia” гэж гараараа бичих буюу эсхүл гадаадын гоё сэтгүүлүүд дээрээс үсэг түүж авч эвлүүлж наагаад түүнийгээ фото аппаратаар дараад, тэндээсээ хоёр хор дамжуулж, плёнк хэмээх хальс гаргаж авна. Түүнийгээ нөгөө бүрсэн хальсан дээрээ наах гэх мэтээр хийнэ.
Ингээд ажил хэвийн явж байтал арваннэгдүгээр сард том асуудал дэгдсэн. Төсөв зардлаа хэмнэхийн тулд Германд маркийн төлөөлөгч заавал суулгах шаардлагагүй. Нааш цааш яваад эсхүл дипломат шуудангаар явуулаад байж болно гэж Сайд нарын зөвлөлийн орлогч, тухайн үеийн Монгол, Ардчилсан Германы хамтарсан Засгийн газар хоорондын комиссын Монголын талын дарга Д.Гомбожав татгалзсан гэсэн. Ингээд Раднаабазар ажилдаа буцан орж, намайг халсан.Гэхдээ шууд гудамжинд гаргачихаагүй, “Монгол цамын бүжгийн багууд” сэдэвт багц марк зурахыг надад санал болгож, 1983 оны 11-12 дугаар сард зурсан. Цаашид цагт баригдахгүй, захиалгаар марк зурах маягаар хамтарч ажиллахаар тохирсон. Гэтэл 1984 он дөнгөж гараад ажлын эхний өдөр БНМАУ-ын Холбооны яамнаас намайг дуудаж, “Монгол Улсын шуудангийн марк, үнэт цаасны ахлах зураач” гэдэг албан тушаалд албан ёсоор томилсноор Г.Раднаабазараас ажлаа хүлээж авч байлаа.
-Марк бол үнэт цаас, үзэл сурталжсан цаг үе маркийн зураачдыг хэр боомилж байсан бэ?
-Дадлагын хагас жилийн хугацаанд Раднаа ахлах зураачаа хийгээд л явсан. Өөрийнхөө оронд бэлтгэж байгаа намайг дагуулан яам, тамгын газар, хэвлэх үйлдвэрүүдээр орж, сайд дарга, мэргэжилтнүүдтэй ингэж уулздаг юм, ингээд батлуулчихдаг, ингээд хэвлэлд шилжүүлчихдэг юм гээд инээд алдаад л, тэдний дал мөрөн дээр алгадаад гүйгээд байсан.Тэд нь ч их найрсаг. “Энэ хүмүүс чинь ямар уран сайхны мэдрэмжтэй, боловсролтой, соёлтой, ажил хэрэгч сайхан хүмүүс вэ, ийм амархан батлуулчихдаг юм байна” гээд ойлгочихсон. Нам, засгийн өндөр албан тушаалтан, сайд, дарга нартай байнга харилцаж ажиллана л гэнэ. “Ер нь марканд үзэл суртал хамгийн чухал.Тиймээс Монгол маркийн Ахлах зураач нь намын үзэл суртлын дайчин байлдагч юм. Намд элсэх хэрэгтэй. Тийм удирдамж заавар дээрээс өгсөн.Ер нь тийм ч байх учиртай. Намын хорооны даргад яаралтай өргөдлөө өгөх хэрэгтэй”.“Үндэсний үзэлд болгоомжтой хандах ёстой.Хуучин монгол бичиг бол дэмий. Арзайсан хорхойны мөр шиг юм.Тиймээс дэлхийгээр нэг тардаг марканд ялангуяа их анхаарал тавих ёстой. Барууны хөрөнгөтнүүдийн нүдэнд өртсөн алдаа гарахаас сэрэмжлэх хэрэгтэй. Тийм учир нам, засаг Чингисийн маркийг цаг алдалгүй хориглож чадсан. Тэгээгүй бол дэлхийгээр тарж, коммунизмыг зорьж, социализм байгуулж буй Монгол Улс, Монгол Ардын Хувьсгалт Намын нэр хүндийг сүйдлэх байсан”. Яг тэгж ч хэлээгүй л дээ. Гэхдээ надад тэгж л ойлгогдсон. Тиймээс бид баталгааны хуудас хэрэглэдэг. Энэ ажлаар олон сайд дарга нартай уулзах шаардлага гардаг байлаа. Ахлах зураачийн хувьд тэр үед марк, дугтуй, мэндчилгээ, ил захидал зэргийг өөрөө зурахын зэрэгцээ бусад зураачдаар зуруулах гэрээ хийнэ, эх зураг гаргах үйл ажиллагааг гардан удирдаж, бэлэн болсон зургуудаа өөрөө хариуцан явж албан тушаалтнуудаар хянуулж батлуулах, хэвлэлд шилжүүлэх, хэвлэлийн дардас хянан үзэх чимхлүүр, эвгүй ажил.
Угаасаа би цоо шинэ хүн, марк зурна гэсэн дэврүүн сэтгэлтэй очсон. Марк зурах нь асуудал биш л дээ, зурж л орхино. Гагцхүү тэрийг хянуулж батлуулна гэдэг дээр хэлсэнчлэн маш хэцүү, хяналтын систем нь дарамттай. Главлит гэж хяналтын системтэй. Тэрүүгээр хянан батлах гэдэг нь бүр ч аймшигтай, тийм л хэцүү байсан. Маркийн Товчооны ажил 8.00 цагт эхэлдэг ч нэг хүн атал хоёр ажил зэрэг хийсээр шөнө хагасалж гэрийн бараа хардаг байлаа.
“МИНАЖУУЛСАН ТАЛБАЙН ЗУРГААГИЙН ДАВАА БҮР Ч АЮУЛТАЙ”
-Марк батлуулахыг та “Минажуулсан талбай” дээгүүр явахтай зүйрлэжээ. Тийм хэцүү байсан гэж үү?
-Нэг марк батлуулахад 10-аад хүний гарын үсэг орно. Тухайн үеийн нийгэм хатуу, хяналт нь хэтэрчихсэн. Сайд, дарга болгон дээр очиж гарын үсэг авна гэдэг маш том бэрхшээл.“БНМАУ-ын Холбооны яам, Марк, ил захидал, мэндчилгээний эх зургуудыг хянан батлах хуудас” гэсэн толгойтой тэр хуудаст Холбооны яамны сайд, орлогч сайдаас эхлээд нэр бүхий 8-9 хүн гарын үсэг зурсны дараа л эх зураг хэвлэлд шилжих эрхтэй.10 дахь хүн нь Гадаад худалдааны яамны харьяа “Монгол импекс” нэгдлийн Маркийн конторын дарга, 11 дэх нь шаардлагатай өөр өндөр албан тушаалтан байх жишээтэй.
Баталгааны хуудас дээрх хачирхмаар зүйл нь Холбооны яамны хоёр сайд хоёулаа гарын үсэг зурдаг явдал. Журам дүрмээр бол Маркийн Товчоог орлогч сайд Д.Гарам-Очир хариуцдаг. Үүн дээр жинхэнэ сайд нь давхар хянадаг байсан. Сайд нь орлогчдоо итгэхгүй байгаа хэрэг үү гэж гайхмаар. Гэтэл баталгааны хуудсыг “баталгаажуулсан” тэрхүү үйлдэл нь сайд, орлогч хоёрын л хоорондын зөрчил, хор шар, өрсөлдөөн тэмцэл байгаад, 1988 онд тэр нь туйлдаа хүрэн дэлбэрч, 1989 онд МАХН-ын Төв Хороо хоёуланг нь албан тушаалаас нь буулгасан. Холбооныхон бол И.Норовжав сайддаа биш, орлогч сайд Д.Гарам-Очиртоо ам сайтай байсан. Харин тэдний хооронд яс хаясан байж мэдэх олон факторын нэг баталгааны гэх балагтай хуудасны “автор” хэн бэ гэдэг асуут бий.
Гол нь амьдралаас тасархай, буруу зөрүү шийдвэрээ засдаггүй хөлдүү тогтолцооноос, яг энэ алга дарам цааснаас болж маркийн эх зураг бэлтгэх ажил хямарч эхэлж байгаа юм. Хүнд суртлын энэ систем зөвхөн цаг хугацаа алдуулаад зогсохгүй маркийн эх зургийн чанарт ч муугаар нөлөөлнө. Зураач бие сэтгэлээ зориулан бүтээдэг, гэтэл тэрийг нь хаа хамаагүй мэргэжлийн нэг албан тушаалтан бут ниргэнэ.Нэгэнт үүрэг нь юм болохоор хожмын хариуцлагаа бодож, эрх мэдэлтэн бүхэн үзнэ, үзэмжээрээ саналаа тулгана. Тэр болгоны амаар зассаар байтал эх зураг зураач нь ч танихад хэцүү болчихдог. Үнэхээр урам хугармаар. Эхэндээ залуу, шинэ учир хий гэсэн болгоныг засаж хийж байсан. Сүүлд ажил гарт ороод ирэхээр сайдын хэлсэн болгоныг зөвшөөрөх аргагүйг мэдэрсэн. Энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Өөрчилж байж л бүх юм зөв голдиролдоо орно гэж би боддог байсан.
Раднаа эх зургуудаа батлуулахаар намайг дагуулж явахдаа хүмүүстэй инээж хөхрөөд голдуу нутаг ус, гадаад явсан зэргээ ярьсаар ажлаа хөнгөхөн бүтээчихдэг, /өнөөдүүл нь юун дээр зурж байгаагаа мэдэж байгаа ч юм уу, үгүй ч юм уу зурчихдаг/ болохоор би тэр айхтар “Минажуулсан талбай” дээгүүр явж буйгаа тухайн үед мэдээ ч үгүй. Ажил үйлс бүтэмжгүй, баахан саад даваатай тулж мухардаад байсны гол шалтгаан, гогцоо нь балагтай баталгааны хуудас байсан. Ний нуугүй хэлэхэд тэр бохир системийн “автор” нь Раднааг гэж би боддог.
Г.РАДНААБАЗАР БИД ХОЁР ХУВИЙН ЗӨРЧИЛГҮЙ Ч УЛС ЭХ ОРНЫ ЭРХ АШГААС ҮҮДЭЖ, БИДНИЙ ХООРОНД ЗӨРЧИЛ ҮҮССЭН
-Та Г.Раднаабазар гэж хүнээс хоёр ч удаа ажил хүлээж авчээ.Эцсийн дүндээ тэр хүн үлдэж, олон жил монгол маркийн бодлогыг барьсан. Та хоёрын дунд ямар зөрчил байсан болоод та Их Британи руу явчихсан юм бэ?
- Би бол тухайн үеийн тогтолцоог өөрчилж, “монгол марк монгол байх” бодлого хэрэгжүүлсэн л хүн. Миний баримталж байсан бодлого, зарчим намайг олон дайсантай болгосон.
1990 оны ардчилсан хувьсгалын дараа Монголд эдийн засгийн реформ эхэлсэн. 1991 онд улсын байгууллагууд /одоогийнхоор төрийн өмчит байгууллагууд/ бие даан гадаад зах зээлд гарах зөвшөөрөл олгосон Компаниудын тухай хууль батлагдсан юм. Энгийн үгээр яривал тухайн компаниуд дур мэдэн ажиллаж болохыг зөвшөөрсөн хэрэг. Тэр үед гадаад орны маркан дээр Монгол Улсын нэрийг тавьж хэвлүүлдэг, түүгээрээ валют олдог нэг арга байсан. Энэ аргыг хөгжиж яваа орнууд, тухайлбал Африкийн орнууд хэрэглэж, голдуу хүчирхэг орнуудын маркан дээр өөрийн нэрийг тавьж мөнгө олдог байв. Эдийн засгийн реформ эхэлж байсан 1990-ээд оны эхний зурвас үед энэ нь амь зуух нэг арга байсан. Гэтэл тэр нь сүүлдээ даамжраад жилдээ хэвлэгдэн гардаг маркийн талаас илүү нь гадаадын марк болчихсон. Улмаар монгол маркийн үндсэн шинжээ алдаж эхэлсэн.Тухайн цагтаа манай улс хэдийгээр эдийн засгийн хямралд ороод ядарч зүдэрч байсан боловч Монгол гэдэг нэр маань өөрөө ертөнцийн чихэнд дуурсгалтай, хүн төрөлхтний түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн хүчирхэг үндэстний үр сад шүү дээ, бид.
Хэчнээн ядарлаа зүдэрлээ гээд улсынхаа нэрийг харь маркан дээр тамгалаад, дэлхий даяар “монгол марк” гэж тараах нь цаанаа хэчнээн хор уршигтай гээч.Дэлхийн улс орнууд монгол маркаар дамжуулж монголчуудын өв соёл, өнөөгийн хөгжлийг тольддог байсан. Одоогийнхоор бол монгол контент шүү дээ.Монгол маркийг монгол сэдэв, агуулгаар бүтээх ёстой гэсэн бодлого, зарчим алдагдахад би дуугүй сууж чадаагүй. Бодлогын энэ алдааг өөрчлөхийн тулд хэн нэгэн хөдлөх л ёстой, дуугарах л ёстой. Энэ үүрэг түүхэн тавилангаар надад оногдсон гэж би боддог. Г.Раднаабазар бид хоёр уг нь багш шавь юм. Намайг анх маркийн зураачаар дадлагажуулж, хийдэг техник, технологио заасан хүн. Хэдийгээр тийм боловч улс эх орны эрх ашиг гэж том зүйл байна, түүнээс үүдэж бидний хооронд бодлогын зөрчил үүссэн.
-Та маркийн “ертөнц” дэх тухайн үеийн тэр зөрчил тэмцэлд ялж, ялагдсан түүхээсээ ярьж өгөөч?
-Би тухайн үед өөрчлөлт, шинэчлэлт хийдэг баатар болоод шүүмжлэл тавилаа. Арлааны Эрдэнэ-Очир агсан тэр үед надтай айхтар ярилцлага хийсэн юм. “Маркаас болж дайн ч гардаг” гэсэн гарчигтай. “Маркийн ертөнц” жижигхэн. Асуудал нь ч маш жижигхэн хүрээнд яригдаж байдаг, хагас нууц байдалтай. Яагаад гэхээр үнэт цаас бүтээж байна шүү дээ,тэнд. Марк батлагдаж, хэвлэгдээд гарчихсан хойно л зарладаг, ийм цаг үе. Маркийг цуглуулдаг хэсэг хүн байна.Үүнийг би монгол “маркийн ертөнц” гээд байгаа юм л даа. Тэндээ тухайн үед том дуулиан болж байлаа.
Ингээд 1996 оны сонгуулийн дараа намайг энэ албан тушаалд томилсон гэх үү, урьсан гэх үү. Уг нь би өөрөө бол хүсээгүй ээ. Том бодлоготой зэрэгцээд, үг үсэг, цэг таслал ярьж явдаг хэцүү ажил шүү дээ. Нэгэнт л өөрөө санаачилснаараа чи өөрөө хий гээд тулгачихсан юм. Яахав, миний тавилан л байх даа. Асуудал үүсгэсэн хүн чинь шинэчлэл хийхээр үзсэн л дээ. Амар байгаагүй. Түүхээс харахад шинэчлэл бол ямагт бэрхшээлтэй учирдаг. Тэр нь зохиомол бэрхшээл ч бий, жам ёсных ч байна. Тэрийг давж туулж гарах маш хэцүү байсан. Би зургаан жил ажилласан. Сүүлдээ асуудал даамжирсаар айхтар “тулалдаан” болсон. Ингээд 2003 оны хавар хүртэл ажиллаад, ажлаа өгсөн. Намайг шахсан, бүр ямбийтал шахсан. Би ч бас ширүүн үзэлцсэн. Сүүлдээ тэсэхийн аргагүй болж ажлаа өгөөд Их Британи улсад амьдрахаар Монголоос явсан даа.
-Маркийн зураачийн хувьд та юу бүтээж, ямар өв үлдээсэн бэ?
-Би 200-гаад маркийн зураг зурсан. 100-гаад маркийг бусад нөхөдтэйгөө хамтарч бүтээсэн. Маркийн ахлах зураачийн хувьд 1000 орчим шуудангийн марк, үнэт цаасны эх зураг бэлтгэх, хэвлүүлэх ажлыг гардан хариуцсан.
-Маркийн зураач гэхээр нэг тийм хаашаа ч хальж болохгүй баригдмал “вакум” төсөөлөгдөх. “Уянгалмаар”, эсвэл “чарламаар”, ур чадвараа гайхуулмаар байвч болохгүй...?
-Маркийн зураачийн онцлог нь бүх өгөгдөхүүнүүд нь хязгаарлагдмал. Яг ийм сэдвээр, яг тийм маркийг энэ хэмжээн дээр, эдгээр өнгөөр төдөн ширхэг хэвлээд... гээд бүх өгөгдөхүүн нь хязгаарлачихсан, зааглачихсан байдаг. Түүгээрээ бусад уран бүтээлчээс ялгаатай. Уг зураг нь хэчнээн гоё байлаа ч өгсөн өгөгдөхүүнд тааруулан хасаж танасаар байгаад зураач дотроо гомдолтой үлдэх нь бий. Өөрийн сэтгэлийн гүнээс зураагүй болохоор, хайрцаглагдсан маркууд надад өөрт ерөөсөө ч таалагддаггүй байсан. Хамгийн анх Монголбанкны 60 жилийн ойд зориулсан марк зурсан. Тэр тухайгаа номдоо бичсэн. Сэтгэлээсээ л мэрийж хийсэн бүтээл, гэхдээ бас л эвдэгдсэн. Аль ч улсын мөнгөн тэмдэгт гонзгой байдаг шиг хийе гэж хүссэн. Гэтэл дөрвөлжиндүү хэмжээтэй батлагдсан. Хажуугаар нь би юу хүсэж байсан бэ гэвэл, маркандаа монгол бичгээ оруулж , “БНМАУ-ын шуудан” гэж бичих байсан. Тэгэхээр гонзгой хэлбэртэй болно шүү дээ. Гэтэл тэрийг маань бас л цавчаад хаячихсан.
-Маркийн эх зураг нь эвдэгдэхээр зураачид эсэргүүцнэ биз...
-Тэгэлгүй яах вэ. Бүр хаяад л явчихна шүү дээ. Миний тооцоогоор маркийг хаяж явсан 10-аад зураач бий. Түүний нэг нь би өөрөө байгаа юм. Уран бүтээлч, зураач хүн чөлөөт сэтгэлгээг эрхэмлэдэг. Түүнийг нь хайрцаглаад байхаар сүүлдээ хүн зэвэрч дуусдаг юм байна лээ. Раднаа бол үүний бодит жишээ юм.
-Түрүүчийн сэдэв рүүгээ эргэж оръё. Тэр үеийн үзэл суртал, “Главлит” гэдгийг би сонссоноос цаашгүй, одоогийн хүүхэд залуус бүр мэдэхгүй, магадгүй толь бичигт ч тодорхой зүйл байхгүй. Энэ тухай дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?
-“Минажуулсан талбай” гэж би түрүүн ярьсан даа. “Главлит” буюу “Хэвлэл, Утга зохиолыг хянах газар” гэж БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн, одоогийнхоор бол Засгийн газрын шууд харьяа, тусгай статустай газар. Яг Тагнуулын Ерөнхий газар шиг. Улс орны хэмжээнд гарч буй бүхий л урлаг соёлын бүтээлүүдийг хянаж, цагдаж, бас тагнаж, чагнаж, засуулж, хориглож байдаг газар. Ном, сонин, сэтгүүл, зураг хөрөг, дуу хөгжим, жүжиг кино, радио телевиз, цирк концерт, үзэсгэлэн музей, хотын чимэглэл, лекц яриа, ухуулга сурталчилгаа, марк дугтуй, ил захидал, тамга тэмдэг... Монголд бүтээж туурвиж, зохиож бичиж, тоглож үзүүлж байгаа бүгдийг үйл хөдлөл, үг үсэг, өнгө зураас, цэг таслалгүй хянана. “Главлит” гэдэг нь “Главное упраюление по делам Литературы и Издательств” гэдэг орос нэршлийн товчлол. Түүнийг манайх яг хуулбарлан авсан бөгөөд монголоор хөрвүүлбэл “Хэвлэл, Утга зохиолыг хянах газар” гэж буух нэрийг хэлэхэд төвөгтэй тул дээр дооргүй “Главлит” гэж ярьж, бичээд хэвшчихсэн.
ЗХУ-д 1922 онд байгуулагдсан энэ газрын зорилго нь улсын болон цэрэг армийн нууцыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарахаас хамгаалах явдал. Дэлхийн аль ч улс оронд байдаг хэвийн тогтолцоо. Гэхдээ ийм ариун зорилгын цаана ард түмнийхээ юу бодож, ярьж байгааг үнэн мөнөөр нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргахыг хориглож, хянан цагдах зорилготой байгуулсан коммунист дэглэмийн захиргааны харгис аппарат ажиллаж байсан юм. “Маш нууц” гэсэн дардастай олон нийтэд сонин хэвлэл, радио телевизээр нийтлэх, нэвтрүүлэхийг хориглосон зүйлсийн жагсаалт гаргасан гарын авлага номтой. Манайд ч тэрний монгол хувилбар бараг байсан биз.
-“Главлит”-ийн хориг ямар хэлбэрээр үйлчлэх үү?
-Жишээ нь нам, засгийн хэн нэг өндөр албан тушаалтныг шүүмжилсэн ямар нэг нийтлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргахыг тас хорино шүү дээ. Дургүйгээ хүргэсэн дарга, сайдаа нэр заан чөлөөтэй шүүмжилдэг өнөө цагийнхан үүнийг ойлгоход хэцүү. Хэр баргийн шүүмжлэлд “Улсын нууц” гээд хөдлөхгүй. Уран бүтээлч хүн энэ хатуу, хагас нууц гэмээр байгууллагын хяналтад нэг удаа унах юм бол цаашаа алхалтгүй. Өнөөх сайд нараас хүлээж, гуйж, царайчлан авсан “үнэтэй” гарын үсэг газар дээрээ шууд хог. Хөөрхий муу зураачийн ухаан бодлоо шингээж, нүдээ чилээж, нуруугаа бөгтийлгөсний хүчинд гараас нь гарсан бүтээл ч бас хог.
“Главлит” хэрэгтэй хэрэггүй засвар хийлгэнэ. Нөгөө л уран бүтээлчийг боомилсон гайтай тогтолцоо. Олон давааны дараа өнөө марк нь хэтрүүлж хэлбэл зураач нь өөрөө эргээд танихааргүй юм болчихдог сон. Сайд, дарга нарын хийлгэдэг засварыг энгийнээр тайлбарлавал, жишээ нь зураач бор өнгө сонгож авсан байхад хэн нэг дарга “хөх болго” гэнэ. Түүгээр нь болгочихоор өөр нэг дарга “Ногоон”, бүр том дарга нь “шар”, эцэст нь “Главлит” дээр очоод улаан болох жишээтэй. Ямар вэ дээ. “Главлит”-ийг тойрсон шог яриа их бий. Циркийнхэн шинэ хөтөлбөрөө батлуулах гээд очтол элдэв бусаар гоочлоод байхаар нь Латиф ширээн дээр гарч нугарч үзүүлээд ажлаасаа хусуулсан л гэнэ. Нэг ахмад зураач “зургийг таны хэлсэн ёсоор засна” гэж авч яваад буцаад тэр чигээр нь “засчихлаа” гээд аваад очтол өнөөх дарга нь “өө, зүйтэй” гээд баталчихаж гэнэ гээд хөгжилтэй яриа тасрахгүй. Хөгжилтэй нь ч яах вэ дүүрч, харамсалтай явдлууд ч гарч байсан.
-Тухайлбал?
-Үзэл сурталд таарахгүй зохиол, бүтээл бичсэн сэтгүүлч Г.Жамъян, яруу найрагч Т.Галсан, Р.Чойном... гээд уран бүтээл, аж амьдралаараа хохирогсод цөөнгүй. Сайд даргын нэрийн үсэг хаяж бичсэн шалтгаанаар арга хэмжээ авахуулсан сэтгүүлийн хянагч-редакторууд ч бий. Орост бол ийм үндэслэлээр цаазлуулсан гэх яриа ч явдаг. Үзэл суртлын заазуурт манай зураачид ч хохирч байсан. Ялангуяа 1968 оны зун нийслэлд нээгдсэн “Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн” Монголын соцреалист урлагийн түүхэнд онцгой үзэгдэл болсон ч дарангуйлагч тогтолцоо уран бүтээлчдийн чөлөөт сэтгэлгээг хэрхэн хааж боодгийн харамсалтай жишээ болон түүхэнд үлджээ.
Энэ үзэсгэлэнд дэлгэсэн Г.Соосайн реалист бус хийсвэр сэтгэлгээний аргаар, хадны зургийн дүр дүрслэлийг шингээсэн, монгол агуулга бүхий “Эх” зургийг “үндэсний үзэл ханхлуулсан”, О.Цэвэгжавын “Эхийн цагаан сэтгэл”, П.Балдандоржийн “Хөвсгөл далай” зэрэг абстракт урлагт хамаарах уран зургуудыг “хөрөнгөтний урлаг”, Г.Дунбүрээгийн “Арван улаан ямаа” зургийг “нам, төрийн удирдлагыг далдуур дайрч доромжилсон” гэж үзэж хатуу арга хэмжээ авсан байдаг юм. Энэ үеэс үзэл суртлын хяналт улам хатуурч “Главлит”-ийн босго өндөр болсон гэж ярьдаг. Ер нь бол “Главлит”-ийн үүсэл миний таамаглаж байгаагаар бол 1940-өөд оны сүүлээр байгуулагдсан “Намын үзэл суртлын Товчоо” гээчээс эхлэх байх. Тэгээд 1950-аад оны “Сэхээтний төөрөгдөл” нэрээр сэхээтнүүдээ хоморголон хэлмэгдүүлсэн явдал, залгуулаад 1960-аад онд Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын намын эсрэг бүлгийн хэрэг гэхчлэн боловсролтой, мэдлэгтэй боловсон хүчнээ хэлмэгдүүлсэн хэргүүд гарсан. Энэ нь “Главлит”-ийн байгууллагад ажиллаж байсан хүмүүст ч хэцүү байсан биз. Гэхдээ тэдний буруу юу байх билээ. Харин буруу тогтолцоо ийм аюултайг бид мартаж болохгүй. Ийм явдал гаргуулахгүйн тулд ирээдүй хойчдоо байнга сануулж байх ёстой юм.
-Маркийн түүхийн “Бараг гуравны нэг нь үлдсэн” гэхээр та дахиж ном бичих үү?
-Нүүдэлчин монголчууд түүхийн дурсгалт зүйлээ тэр болгон архивлаж хадгалаад, тээж чирээд яваад байх боломж байхгүй. Нүүдэлчин ахуй бидэнд тийм боломж олгоогүй. Тийм материал, түүхэн баримтаа яаж хадгалж үлддэг вэ гэвэл аман хэлбэрээр авч үлддэг. Аман хэлбэрээр авч явахаар өнөөх нь он цагийн эрхээр ам дамжин яригдсаар “тэгсэн гэнэ лээ, ингэсэн гэнэ лээ” гэсэн домог шиг юм болж хувирдаг. Баримт ярих нь багасдаг. Тэр болгоныг архивлаж хадгалдаггүй нь бидний мах цусанд шингэсэн зан чанар шиг байгаа юм. Одоо ч тэгж байгаа, язгуураасаа бидэнд тийм зан байгаа. Би өөрөө ч тийм хүн юм байна гэдгээ энэ номыг бичиж байхдаа ойлголоо. Номоо бичих гээд түүх сөхтөл маргаантай олон асуултууд босож ирсэн. Тэр нь юу байв гэвэл, миний найз Будапештийн их сургуулийн хэл шинжлэлийн ухааны доктор Ганболд “Чиний наад бичиж байгаа хэлбэр зүгээр л цагаан дурсамж байна. Тэгсэн гэнэ лээ, ингэсэн гэнэ лээ гэсэн маягаар бичжээ, ямар ч судалгаа алга. Чи юм судал, үз, хар” гэсэн. Манай улс 25 жил Унгарт марк хэвлүүлэх хугацаанд есөн унгар зураачаас бүрдсэн хүчирхэг баг ажиллаж байсан юм билээ. Тэр тухай монгол маркийн түүхэнд бараг байхгүй. Зөвхөн марк зурдаг, марк бүтээгчид, маркийн ертөнц дотроо л Унгарын зураачид зурсан гэдэг там тум мэдээ байхаас яг хэн гэдэг хүн ямар марк зурсан нь тодорхой биш. Ингээд би доктор Ганболдыгоо “Миний найз Унгарын шуудангийн байгууллага, тэдний музейг очоод үзээдэх. Ямар зураачид монгол маркийн зургийг зурж байсныг гаргаад өгөөч” гэсэн. Ганболд маань сэтгэл гаргаж, надад тэр бүх мэдээллийг цуглуулж өгсөн. Энэ мэт судалгааны ажил аяндаа гараад ирдэг юм байна лээ. Тиймээс ном бичих ажил маань бүтэн дөрвөн жил үргэлжилсэн.Монгол маркийн 100 жилийн ойгоор амжиж хэр чадлынхаа хэрээр цуглуулсан, мэдсэнээ бичиж үлдээхгүй юм бол хойшдоо дарагдаад өнгөрөх юм байна гэж бодсон.Ном бичих явцад маркийн зураачдын тухай том бүлэг явж байсан. Тухайлбал, тийм зураач ийм маркууд зуржээ, төдөн онд тийм сургууль төгсөж, ийм уран бүтээл туурвисан гэх мэтээр бүх мэдээллүүдийг нь бичээд явж байсан. Гэтэл номын маань редактор, сэтгүүлч Ч.Болд надад “Ах минь наадах чинь энэ номонд орвол замбараагаа алдана. Энэ бол том сэдэв. Та дараа “Монгол маркийн зураачид” гэж тусад нь ном гаргах нь зүйтэй” гэж зөвлөсөн. Миний судалгаагаар өнгөрсөн 100 жилд марк зурсан 70-аад монгол зураач, есөн унгар зураач, 2-3 орос, мөн тооны хятад зураачийн нэр тодорхой байна. Тэдэн дээр алтан марк бүтээхэд оролцож байсан Америкийн зураачдыг нэмэх хэрэгтэй. Сүүлийн үед Япон болон бусад орнуудтай харилцах болсноор тэдний зураач, дизайнерууд монгол маркийн түүхэнд ороод ирлээ. Ингээд номын редактор Ч.Болд, О.Энхжавхлан бид гурав ярилцсан. “Маркийн зураачдаар тусдаа ном гаргах нь зөв юм байна. Энэ удаад үүгээр хязгаарлая” гээд нэрсийг нь товч дурдсан. Хоёрдугаарт, би зарим үйл явдлыг тодорхой мэдэж байгаа боловч нотлох баримт байхгүй байна. Иймд тэдгээр баримтыг эрж олох хэрэгтэй. Маркийнхаа түүхийг бичиж өвлүүлж үлдээх нь марк хавийн хэдэн хүний сайн дурын асуудал биш юм, уг нь. Үүнд манай төр, засаг бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм. Энэ талаар би Холбооны шинэ сайдад бичгээр уламжилсан байгаа. Хариу ирэх байх.
МОНГОЛ МАРКАНД Ц.ЦЭНГЭЛ ГЭЖ НЭРТ ЗУРААЧ БИЙ, УР ЧАДВАРААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НЭГ
-Ингэхэд таны судалгаагаар монгол маркийн түүхэн хөгжилд хувь нэмрээ оруулсан зураач хэн бэ?
-Ц.Цэнгэл гэж зөвхөн Монголд төдийгүй дэлхийд нэртэй зураач бий. Миний судалгаа, надад олдож байгаа баримтаар бол дэлхий дээр хамгийн их марк зурсан польш гаралтай Шведийн зураач Чеслав Сланиа гэж хүн байдаг. Тэр хүн 1000-гаад марк зурсан. Дараагийнх нь Оросын зураач Завьялов. 600-гаад марк зурсан. Манай Ц.Цэнгэл 500-гаад марк, үнэт цаас зурсан. Дэлхий дээр хамгийн олон марк зурсан хэн байна гээд хайхаар ерөөсөө тэр хоёр, гуравхан зураачаас өөр хүн гарч ирдэггүй. Тэгэхээр Ц.Цэнгэл бол тоон үзүүлэлтээр ч, уран сайхны чадвараар ч маш сайн зураач. Маш товчхон хэлэхэд, монгол маркийн №1 зураач, Монголын төр үнэлж ёстой л тэр гавьяат цолоо өгчих хүний нэг. Би, Маркийн дарга Дамдинбазар гэдэг хүнд хэлсэн. Тоогоогүй өнгөрөөсөн. Сэтгүүлч та бүхэн түүний талаар судалж, сурвалжлаарай.
-Манай найзын хэлснээр та бол Монгол маркийн “ертөнц”-ийн нэг том дүр юм. Таны энэ ном ч түүнийг нотлож байна. Та зөрчил тэмцэлд шахагдаж, Их Британийг зорьсон юм байна. Хэрхэн хүлээж авсан нь түрүүнээс хойш миний сонирхлыг татлаа. Тэнд идээшин дасахад амаргүй байв уу?
-Эхний таван жил бид Племут гэдэг хотод амьдарсан. Баруун өмнөд Английн нийслэл, цэвэрхэн, намуухан гоё хот байдаг юм. Тэндэхийн Урлагийн Төв (Plymouth Art`s Centre) манайхаар бол Урчуудын эвлэлийн хороо нь намайг хүлээж авч уулзан миний уран бүтээлтэй танилцсан. Сониноос, намайг Британы Шуудан Компани “Royal Mail” мэддэг юм байна лээ. Үүнийг надад тэр Урлагийн Төвийн менежер хүүхэн хэлж байсан. Тэд надтай ярилцлага хийхээсээ өмнө судалсан юм байна лээ. Миний маркууд надаас өмнө Лондонд хэвлэгдэж байсан юм. Британи улс дэлхийн Анхны маркийн өлгий нутаг тул надад маш сайхнаар хандаж надад их дэмжлэг үзүүлсэнд үнэхээр их баярлаж явдаг. “Та сонирхолтой бүтээл хийдэг юм байна, бид дэмжихэд бэлэн” гэлээ. Ухаандаа надаас шалгалт авч байна шүү дээ,тэгээд том урлан өгсөн. Үзэсгэлэнг маань гаргаж өгсөн. Тэр үеийнхээр 1000 паундын ваучер өгч байсан. “Дуртай бийр, будгаа ав” гээд. Би одоо ч Дан, Луси хоёртойгоо холбоотой байдаг.
-Ингэхэд эх орондоо ирж, Улаанбаатарын гудамжаар явахад танд юу бодогдож байх юм?
-Хэдэн жилийн өмнө яаруу хальт ирээд явсан болохоор нүдэнд бүх юм сайхан л харагдаж байсан. Энэ жил нэлээн урт хугацаагаар ирсэн болохоор энд тэнд их явж, олон газраар орж гарч, хүмүүстэй уулзсан. Сэтгэл эмзэглэсэн зүйл бол ийм баян, сайхан орны иргэд байж ядсан янзтай хэцүү амьдарч байгаад эмзэглэсэн. Сүүлдээ халаасандаа задгай хэдэн төгрөг хийж явдаг болсон. Тааралдахаараа өгдөг юм. “Нарантуул” захаар явлаа, гудамжаар ч их алхлаа. Гуйлга гуйгаад сууж байна лээ шүү дээ, хүмүүс. Яагаад гуравхан сая гаруйхан хүнтэй энэ баян орны иргэд ядуу болчихсон байна вэ. Тэр л миний сэтгэлийг үнэнхүү эмзэглүүлж байна. Нөгөө талаас Монгол маань хөгжиж, дэлхийн стандарт ороод ирчихэж. Гоё гоё үйлчилгээний төвүүд шинээр баригдаж, хүмүүс чадахын хэрээр юм хийх гэж оролдож байна. Бизнес хийдэг хэдэн хүний яриаг сонсоход Монголд бизнес эрхлэх маш хэцүү байдаг бололтой. Голдуу хятад, солонгос эзэдтэй компаниуд зах зээлийг нь булааж, эзэлж, үндэсний үйлдвэрлэлийг хүчээр унагаж байх шиг байна. Тэрэн дээр засаг, төрийн “түшмэд” их тоглож байх шиг. Энэ мэт эмзэглэх юм олон таарлаа.Улаанбаатар хот социализмын үед маш эмх цэгцтэй хот байсан. Одоо бол ямар ч бодлого алга. Нүдэнд тусаж байгаа сайн тал гэвэл, Монголын залуус өндөр боловсролтой, соёлтой болжээ. Монголын урлаг хөгжиж байна. Ингээд яривал сайн ч юм байна, муу ч юм байна. Хошин шогийн жүжигчин Хүрлээгийн хэлсэн шиг “Бид чинь нэг бол хөгжөөд ч байх шиг, нэг бол ухраад ч байгаа юм шиг. Нэг бодох нь ээ, баяжаад ч байх шиг, нөгөө бодлын ядуураад ч байгаа юм шиг” гэж... Яг л тэр болчихоод байна.
ХОВОР МАРК ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ ДҮЙДЭГ
-Ингэхэд танай хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөсөн хүн байна уу?
-Бага охин маань зурах шинжтэй байсан, дизайнерээр сурсан ч мэргэжлээрээ ажилласангүй.
-Ярилцлагаа өндөрлөхийн өмнө дэлхийн маркийн хөгжлийн чиг хандлагыг сонирхмоор байна...
-Марк анх үүсэхдээ шуудангийн зориулалтаар үүссэн. Хөгжлийн явц дунд маш олон үүрэгтэй болсон. Түүний нэг нь тухайн улс орны тусгаар тогтнолын албан бус бэлгэдэл гэж үздэг. Аливаа улс шинээр бий болонгуутаа шуудангийн маркаа гаргадаг нь олон улсад заншил болоод тогтчихсон зүйл. Манай улс ч ялгаагүй. 1950-аад оны сүүлээр Африк тивд колонийн систем задарч, олон улс тусгаар тогтнолоо зарласан. Тэр улсууд эхнээсээ маркаа хэвлүүлж, маркийн ертөнцөд том тэсрэлт боллоо. Яг тэр үетэй давхаад Унгар техник, технологидоо маш том шинэчлэл хийж, олон өнгөт марк хэвлэдэг болсон. Тэр цаг үетэй давхцаж манайх тийшээ орсон байдаг юм. Унгарт хэвлүүлж байсан монгол маркийн өнгө зүс маш гоё байв. Марк зурдаг мэргэшсэн баг ажиллаж байлаа. “Монгол марк өнгөлөг гоё” гэж олон улсад түгсэн имиж тэр цагаас л тогтсон. Бид Унгараас татгалзаж, Герман руу шилжихдээ бодлогын том алдаа гаргаснаас маркийн чанар эрс муудсан. Яг тэр үед нь ажиллаж таарснаа бодохоор би нэг талаар азгүй зураач. Хожим ахиад маркийн салбартаа ирэхэд ахиад л шилжилтийн үе таарсан байдаг юм. Шилжилтийн үе тогтвортой үе хоёр эрс ялгаатай шүү дээ. Миний хувь тавилан юм байлгүй. Тэр болгоныг номдоо бичсэн. Өнөөдөр марк, цаашилбал холбооны салбар шинэ сорилттой тулж байна. Яагаад гэхээр техник технологийн хөгжлийн нөлөөгөөр шуудан орж, гараар бичсэн захидалдаа марк нааж явуулдаг хүн цөөрлөө. Тийм болохоор Их Британи зэрэг хөгжилтэй улсууд маркийн хэрэглээг бодлогоор авч үлдэж байгаа. Албан байгууллагуудын хоорондох харилцааг заавал бичгээр, шуудангаар явуулж байгаа. Учир нь марк гэдэг энэ жижигхэн цаасны цаана тухайн улсын түүх, соёлын үнэт өв, үнэлэгдэх хөрөнгө бий. Саяхан Америкийн судалгааны байгууллагын гаргасан дүгнэлтийг уншсан чинь төсөөлснөөс их өөр үр дүн гарсан байна лээ. Ер нь маркийн зах зээл хумигдаж, 2000 оны үед хамгийн доод хэмжээндээ хүртэл унасан байдаг юм. Гэтэл 2010 оноос эргээд өсөж байгаа юм билээ. Энэ өсөлт марк цуглуулагчидтай холбоотой. Маркийг түүх соёлын үнэт бүтээл, өв соёл гэж үзэн цуглуулдаг хүн олширсон. Ховор маркийн үнэ цэн огцом өсч, бүр үл хөдлөх хөрөнгө болж байгаа тохиолдол ч байна.
-Та яагаад Улаанбаатарт биш Лондонд номынхоо нээлтийг хийснийг асууж болох уу?
-Намайг буцахаас хоёр хоног хагасын өмнө ном маань хэвлэлээс гарсан болохоор, санаа байсан ч үнэхээр амжсангүй. Ирээд номынхоо тухай Монголчуудын Холбооны Тэргүүн Д.Цэрэнбат, Элчин Сайд Б.Энхсүх дүү нарт мэнд мэдэнгээ сонирхуулж ярьсан юм. Гэтэл нөгөөдүүл чинь номын нээлтийг Элчин Сайдын Яаман дээр 2024.10.25-нд хийхээр шийдснээ надад дуулгалаа. Манай Элчин Сайдын Яамныхан, Монголчуудын Холбооныхон бэлтгэл ажил гээд эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгааг сонсоод, санаа зовсондоо, Элчингийн 1-р нарийн бичгийн дарга Б.Гарьд дүүгээс, би юу хийх хэрэгтэй байгааг асуусан чинь, та санаа зоволтгүй ээ гэсэн ш дээ. Тэд намайг юунд ч гар хүргээгүй. Тэр байтугай Монголд байгаа номнуудаас 30 ширхэгийг манай Элчин Сайд Б.Энхсүхийн маань эхнэр П.Ганчимэг дүү, тэр холоос өөрийнхөө ачааг орхиод чирч ирсэн шүү дээ. Энэ бүгдийг сонсоод сэтгэл уярч бараг нүдний нулмис гарах шахсан шүү, нээлтэн дээр. Нээлтийн ажиллагаанд монгол, англи олон найз дүү нар ирсэн. Тэд надад олон гоё дурсгалын бэлэг гардуулсан. Миний номнуудыг бүгдийг худалдаж авсан. Энэ тухай миний болон ЭСЯ,БМХ-ны Facebook дээр мэдээлэлүүд байгаа. Дараа нь манай ЭСЯ-ныхан Британы Гадаад Харилцааны Яаман дээр миний бас нэг үзэсгэлэн гаргаж өгсөн. Надад ингэж хүндэтгэл үзүүлсэн Эрхэм дүү нартаа би үнэхээр их баярлаж явдаг юм.
-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд уран бүтээлийн улам их амжилт ерөөе!
Сэтгэгдэл ( 2 )
Манайхан сүүлийн үед 1990-оноос хойш түүх, соёлын өвийг хадгалах хамгаалах талаар санаа тавьдаг болсон нь сайшаалтай. Энэ үетэй зэрэгцээд түүхч, эрдэмтэн судлаачдын бичсэн тэмдэглэл, бодит баримт материалууд болон түүхт газруудаар явж дүрсжүүлсэн бичлэг, фото зураг гм нь уншигчдын сонирхлыг ихэд татаж байгаа. Монгол маркын түүхийг тэр болгон мэддэггүй, энэ талаар сонирхолтой сэдвээр бичсэнд талархаж бна. Ингэж л тал талаасаа мэддэг, зүйлээ бичиж үлдээж бас түмний сонорт хүргэж байх нь зөв шүү.\n\n
урлагийн сургуульд хичээл ээр ормоор сайхан яриа болжээ