СЭДЭВ I Байгалийн гамшигт малчид илүү өртдөг

2025 оны 04 сарын 23

ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨХ ХӨДӨӨ НУТАГ

Хүүхэд нас минь малчны хотонд өнгөрсөн. Малын өтөг бууцны таатай үнэр, тасгийн үнээ тугалын  мөөрөлдөөн, шилбүүрийн дуу, адууны тургилах чимээ, сүү, тараг бялхсан хөдөөгийн эгэл малчны гэрт төрж өссөн минь надад амьдралын гүнзгий мэдлэг, туршлага өгсөн гэж боддог юм. Мал ахуйтай ойр байх нь хүүхдийн хүмүүжил, төлөвшил, ажлын ачаалал даах чадварт гойд нөлөө үзүүлдэг болохыг амьдралаас харж мэдэрч болно.

Хүүхэд нас хэчнээн жаргалтай байж вэ... Зуны амралтаараа бид хийж чадах бүхнээ хийж, аав, ээждээ тусална. Хаашаа л харна, нов ногоон тал униартаж, үе үе шиврэх, заримдаа хувингаар цутгах мэт асгарах бороон дундуур хөгжилдөн гүйдэг  асан сан. Хамгийн их аз жаргалтай байсан үеэ 40 гаруй жилийн өмнө нэгдэл нийгмийн ид ажил буцалдаг асан тэр л гэгээн дурсамж дүүрэн нутагтаа очих бүрдээ санагалздаг юм. Хүүхэд ахуй цагт зуны улирал зун шиг, өвлийн улирал өвөл шиг, ерөөс бүх улирал өөр өөрийн өнгө төрхөөрөө болдог байсан. Тавдугаар сар гармагц бороо орж, ногооны үнэр хамар сэтлэм анхилна. Наймдугаар сардаа намрын шинж орж, үе үе салхи сэржигнэж,  нарны өнгө шарангуй болчихно. Өвлийн сар одоогийнх шиг зарим жил огт цасгүй, “хар” өвөл болж байсныг лав санахгүй байна. Хаврын ногоо дөнгөж цухуйхын гайхамшигтайг ээ. “Сургууль хурдан амраасай, гэртээ харих сан” хэмээх бодол лавширдаг байсан сан. Олон жилийн өмнөх тэдгээр өдрүүдийг өнөөдөрт авчран харахад байгаль дэлхий, нутаг усны өнгө төрх тэс өөр болсныг мал аж ахуй эрхэлж буй ахындаа очих бүрд анзаарагддаг. Өтгөн хэр нь өндөр ургасан өвс ургамал тачирхан болж, ойр ойрхон саахалт буусан айлууд цөөрч, тэр голд хэдхэн айл л нутаглаж байна. Нөгөө олон саалийн үнээ, адуу малын хөлийн тоос тэр бүр харагдахгүй нь зарим үед эзгүй талд ганцаараа яваа мэт. Ийм дүр зураг 2024 оны өвлөөс хойш Сүхбаатар аймгийн зарим сумын нутагт илүү тод харагдах боллоо. “ТУУЛАЙ ЖИЛИЙН ЗУД” хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдэж буй зүүн аймгуудыг хамарсан энэхүү зудын улмаас Сүхбаатар аймгийн 433 малчин өрх огт малгүй болсон юм. Зудын уршгаар аймгийн  хэмжээнд 1.8 сая мал хорогдсон тоон мэдээллийг мэргэжлийн байгууллагаас гаргажээ. Энэ тооны ард буй малчин өрх, гэр бүлүүд амьжиргаагаа алдсан гэсэн үг.

Энэхүү зудаас үүдэн МАА-г үйлдвэрлэлд учирсан хохирлыг Сүхбаатар аймгийн ХХААГ-аас гаргажээ.

 

 

Тэнгэрийн ааш аягийг харж амьдардаг хэдэн малчдад сүүлийн 30 жил өвөл нь өнтэй, цаг зөөлөн байсан нь малын тоо өсөх боломжийг олгосон байж болно. Олон олон малчин өрх 1000 давсан малтай байсан цаг ердөө жилийн өмнө. Гэтэл ганцхан өвлийн зудаар хотоо харлуулж, хашаагаа эвхэхдээ нулимс унагаж байсан малчны нэг насны амьжиргааг нь нэг л өвлийн зуд авчихсан нь тэр. Өдөр бүр шахуу цасаар шуурч, хүйтний эрч чангарч байсан 2024 оны 11-р  сараас эхлэн цас лавсан орж, мал бэлчих газаргүй болсон өвлийн 4 сарыг тэсэж, тэмцэж туулсан малчид дахиад ийм өвөлтэй тулбал яах вэ? хэмээх асуултыг шийдлээр хариулах шаардлагатай тулгарав. 2024 оны хавар нутгаараа очлоо.

Ахын хаваржааны ойр хавьд байдаг асан хэдэн айл алга. Зудад малаа барсан тэд аймаг, сумын төв рүү нүүжээ. Зарим нь гэрээ цоожлоод хүнгүй орхисонд нь сэтгэл эмзэглэм. Тэднийхээс 10, 20 километрийн цаана хоёр хот айл бий гэнэ. Урд гүвээг давлаа, тэрний цаад давааг ч мөн адил давав. Ус, голоо даган идээшилдэг асан мал сүргийн бараа алга. Ялангуяа тэр хавьд хонин сүрэг огт харагдахгүй, хоосон хөндий цэлийнэ. Харамсмаар дүр зураг нутагт маань бий болж. Отор нүүдэл хийж, зудтай тэмцсэн хэдэн малчид ихэвчлэн адуу, үхэртэйгээ үлджээ.

 

ЦААШИД ЯАХ ВЭ?

 

Сүхбаатар аймаг 8971 малчин өрхтэй. 2025 оны байдлаар аймгийн нийт малын тоо хоёр сая орчим болжээ. 2024 оны эхэнд аймгийн нийт мал сүргийн тоо 3.8 саяар тоологдсон бол зудын уршгаар 1.8 сая мал хорогдож дөнгөж хоёр сая малтай үлджээ.Туулай жилийн зудаас том сургамж авсан  малчид дахин хатуу өвөл болбол үлдсэн хэдэн малаа хорогдол багатай онд оруулах талаар санааширч байв. 

Малчидтай уулзахад: Малын тоог олон болгох биш, харин амьжиргаандаа хүрэлцэхүйц тодорхой тооны ашиг шим өндөртэй малтай байх нь чухам юм байна гэдгийг зудын сургамж ойлгуулсан тухай олонх нь  ярьж байлаа. Малын тоо толгой буурахад бэлчээрийн даац хүрэлцээтэй хэмжээнд очсоныг доорх зургаас харж болно. Байгалийн гамшиг боллоо гэхэд бэлчээрийн даац хүрэлцээтэй хэмжээнд байвал заавал хол явж, отор нүүдэл хийх шаардлагагүй.

 

 

Малчдаас гадна төр, засаг тэдэн рүү чиглэсэн ээлтэй бодлого хэрэгжүүлэх ёстойг ч тэд онцолж байсан юм. Сар бүр тогтмол орлогогүй малчдын эдийн засгийн  гол хөдөлгүүр нь малаа борлуулах. Гэтэл малынхаа тоог цөөрүүлээд чанарт анхаарлаа гэж бодоход  ХАА-н бүтээгдэхүүн, махны үнэ хангалттай биш байгаа нь малчдад хүндрэлтэй байдаг гэнэ. Өрхийн  хэрэгцээгээ хангахын тулд ганц хонь зараад хүрэлцэхгүй. Бог малаасаа цөөнгүйг борлуулах шаардлага гарна. Дээрээс нь машин авах, оюутан хүүхдээ сургах зардал бүр ч өндөр. Тэр бүрд өнөө хэдэн малаа л өмнөө барих хэрэг гардаг нь малын тоо толгойг өсгөх зайлшгүй нөхцөл гэж малчид хэлж байна. Тиймээс мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ ханшийг сулруулахгүй байх бодлого барих нь төрийн үүрэг шүү дээ. Хямд үнээр борлуулдаг учраас л малаа өсгөхөөс аргагүй байдалд хүрдэг гэж олон малчид хэлдэг. Үүний улмаас бэлчээрийн даац хэтэрч, доройтол үүсэх нөхцөл бий болж буйг мэргэжилтнүүд анхааруулж байна.Малын тоо өсөх тусам бэлчээрийн даац хэтэрч, туулай жилийн зуд шиг  хатуу өвөл олон малаа хохирол багатай авч үлдэхэд бэрхшээлтэй гэдгийг тэд биеэрээ мэдэрчээ. Наад зах нь 500 хүртэлх толгой малтай өрх ямар ч салхи, шуурга, их цасны үеэр бүх малаа хаших боломжтой битүү саравч хашаатай бол эрсдэл харьцангуй бага байх нь ойлгомжтой. Энэ нь малын хашаа саравчийг боловсронгуй болгох шаардлага урган гарч байна гэсэн үг.

 

САЙН ТУРШЛАГА

 

Уур амьсгалын энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт үзэгдлүүд эрс нэмэгдэж буйг дэлхий нийтээр харж байна.  Цаг агаарын энэхүү өөрчлөлт Монгол оронд ч нөлөөлж буйг хүчтэй салхи шуурга, ган зуд, улирлын өөрчлөлтүүд харуулж буй. Дэлхийн дулаарал 1,5 хувийн хэмээр нэмэгдэж буйг судлаачид хэлдэг. Тэгвэл Монгол Улсын газар нутагт 1940-2016 оны хооронд тасралтгүй хийгдсэн ажиглалт судалгаанаас үзэхэд тус улсын агаарын дундаж хэм 2.2°С-ээр нэмэгдсэн ба 1988 оноос эхлэн дулааралт эрчимжтэй ихэссэн нь харагдаж байгааг Монголын Бэлчээр ашиглагчдын Нэгдсэн Холбооны тэргүүн, доктор Н.Ганхуяг тэмдэглэсэн байна.Уур амьсгалын энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт үзэгдлүүд эрс нэмэгдэж буйг дэлхий нийтээр харж байна.  Цаг агаарын энэхүү өөрчлөлт Монгол оронд ч нөлөөлж буйг хүчтэй салхи шуурга, ган зуд, улирлын өөрчлөлтүүд харуулж буй.

Жишээ нь: 2021 оны 3-р сарын 14-нд болсон цаг агаарын гамшигт үзэгдэл шороон шуурганы үеэр салхины хурд секундэд 16-40 метр хүрсэн байна. Мөн оны 3-р сарын 27-нд 7-15 цаг үргэлжилсэн хүчтэй шороон шуурганы үеэр салхины хурд секундэд 16-40 метр хүрч, үүний улмаас 10 хүн амь эрсдэж, 360385 мал хорогджээ.

Тухайлбал 2021 онд болсон хүчтэй цасан шуурганы үеэр салхины хурд секундэд 15-33 метр хүрч, үүний улмаас 101487 мал хорогджээ. /Доктор (Ph.D), дэд профессор ХААИС, Агроэкологийн сургуулийн багш Ш.Оюунтуяа. Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох мэдлэг мэдээлэл. илтгэл/

Тиймээс цаг уурын өөрчлөлтөд дасан зохицож ажил амьдралаа зохицуулах шаардлага бий болж байгаа нь хувь хүн амьдралын хэвшлээ өөрчилж, гэнэтийн хүчин зүйлд бэлэн байх ёстойг анхааруулж  байна.Үүн дээр төр засгийн бодлого ч давхар хэрэгжих ёстой. Ялангуяа байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэлд хамгийн түрүүнд өртдөг малчдад санаа өгөхүйц улсын бодлого, малчин иргэдийн туршлагаас хуваалцъя.

Туршлага 1. Сүхбаатар аймгийн Халзан сумын “Сахиул” багийн фермер О.Дүүрэнбилэгийнх 4 метрийн өндөртэй, банзан хашааг үхэртээ барьснаар 2024 оны зудыг малын гарзгүй давжээ. 4 метр өндөр хашаа их цас, хүчтэй салхины найдвартай хамгаалалт болдгийн жишээг Дүүрэнбилэг  малчны туршлагаас харж болно. Ийм хашаа малын тооноосоо хамаарч, баригдах үнэ янз бүр. Ийм хашаатай малчин өрх хэр баргийн байгалийн гамшгийг хохирол багатай даван туулах боломж бийг Дүүрэнбилэгийн туршлага  харуулж байна. Эднийх  Ангус үүлдрийн үхэр үржүүлээд зургаан жил болж байна. Монгол үхэртэй харьцуулахад энэ махны гарц нэг үхрээс 40 кг-аар илүү татдаг. Энэ үүлдрийн бухыг монгол үнээнд тавихад төл нь ямар ч бэрхшээлгүй гарахаас гадна дээрээс нь өсөлт сайтай, мухар учраас хүйтнийг тэсвэрлэх чадвартай зэрэг олон давуу талтай.

Туршлага 2. Олон төрлийн мал хариулахаас илүүтэй нэг төрлийн малаа дагнан хариулах нь малчдын ажлыг хялбаршуулах боломж бас бий. Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин Монгол Улсын гавьяат, хошой аварга, малчин Р.Мөнхтөрийнх үхэр дагнан маллаад хэдэн жил болж буй. Үхрийнхээ ашиг шимийг сайжруулж, махны чиглэлийн үхэр өсгөснөөр малаас авах ашиг шим арвижиж, өрхийн эдийн засагт нь чамгүй өөрчлөлт орж байна.

 

 

Туршлага 3. Энэ оны нэгдүгээр сард миний бие урд хөршийн Зүүн үзэмчин хошуунд очоод ирсэн юм. Тэндхийн ганц нэг малчдын ахуй амьдралыг сонирхох боломж тохиов. Зүүн Үзэмчин хошууны малчид руугаа чиглэсэн төрийн бодлогын хэрэгжилтийг манай улсад нутагшуулбал хэт олон  мал өсгөхгүйгээр хангалуун амьдрах боломж байж болохоор санагдсан. Тус хошууны малчин өрхийг 300 хүртэлх толгой малтай байхыг хуулиар зохицуулжээ. Бэлчээр, газар нутаг нь торон хашаатай тул малаа дагаж хариулах шаардлага гардаггүй. Айл бүр малынхаа бэлчээрийг камержуулан, гар утаснаасаа малаа хаана явааг харж болно. Өөрөөр хэлбэл, тэндхийн мал аж ахуй автоматжсан гэхэд болохоор.

Малын мах манайхаас хэдэн арав дахин илүү үнэтэй. Нэг эр хонь 2 сая, нэг шүдлэн үхэр борлуулахад монгол төгрөгөөр 6 сая орчим болно. Малын тоондоо тохирсон битүү хашаа пүнз малчин  айл бүрийн гадаа бий. Малын тэжээл, өвсийг нь улсаас боломжийн үнээр нийлүүлдэг учраас хэчнээн хэмжээгээр базаах хангалттай боломжтой. Харин өөрсдөө төвийнх шиг тохилог сууцанд амьдарна. Манай энд зуд болсон ч бид алзахгүй хэмээн Зүүн Үзэмчин хошууны Улиастай балгасын малчин Жаргал, гэргий Улаанцэцэг нар ярьсан юм. Энэ арга барилын заримыг нь Монголд нутагшуулбал малчид маань хэр баргийн зудыг ажрахгүй давах боломжтой байна. Монгол малчид бэлчээр нутгаа хашихыг дэмжихгүй болов уу. Харин мал, махны үнийг дорвитойхон хэмжээнд өсгөөд, унагахгүй барьж чадвал олон малчны магнай тэнийх биз ээ.

 

МАЛЧИД ХҮҮХДЭДЭЭ  БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХИЙГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА

 

Ёс суртахууны өндөр мэдрэмжтэй, боловсролтой хүмүүс олшрох тусам нийгэм төгөлдөрших боломжтой гэж хардаг. Тэр утгаараа хүн бүр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлж, аль болохоор чанартай боловсрол эзэмшүүлэхийг хичээгээсэй. Үүнийг яагаад энд өгүүлж байна вэ? гэж үү. 2024 оны зудад 1000 шахам малаас 100 хүрэхгүй малтай үлдсэн малчин гэр бүлийн халаглалыг харсан хэрэг. Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн малчин Б. Тэднийх таван хүүхэдтэй. Бага нь таван настай. Хоёр том охин нь оюутан. Б-ийн эхнэр Э зудын дараа, хүүхдүүдээ номтой л хүн болгоё. Мал маллах сайхан ч ийм гэнэтийн байгалийн гамшгийг бид давахад хүнд юм байна. Төр засгийн бодлого шийдвэр ч бидэнд ээлээ өгөхгүй байна хэмээн ярьсан юм. Төвийн бид хааяа нэг салхинд гарангаа хөдөө очоод хэд хоноход сайхан ч байнга мал маллаж, дөрвөн цагийн эргэлтэд хөдөө амьдардаг малчдад тулгардаг бэрхшээл их. Малчид маань өвөг дээдсийн малч уламжлалаа хадгалж яваа цөөн хэдэн өв тээгчид. Тэдэн рүү чиглэсэн төрийн ээлтэй бодлого малчны хотонд хүрэх цаг болжээ. Эс тэгвээс мэргэжил эзэмшин, хот суурин газрыг зорих залуусыг хорьж дийлэхгүй.

 

ОРОН НУТГИЙН БОДЛОГО

 

Саяхан болсон Сүхбаатар аймгийн ИТХ-ын ээлжит IV хуралдаанаар  “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох 2025-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г 95,5 хувийн дэмжлэгээр баталжээ. Төлөвлөгөөнд ХАА руу чиглэсэн ямар бодлого буйг сонирхоход энэ салбарт хэрэгжүүлэх 9 зорилт тусгасан байна.

-Мал аж ахуй эрхлэгчдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлнэ

-Нийт мал сүрэгт цөм сүргийн малын эзлэх хувийг нэмэгдүүлнэ

-Гойд ашиг шимт малыг улс, аймгийн хэмжээнд сурталчлан таниулна

-Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн дэмжинэ

-Төв суурин газарт мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хослуулсан нэгдсэн фермерийн аж ахуйг хөгжүүлнэ

-Ноос ноолуур, амьд мал, мах түүхий эдийг биржийн худалдаагаар зуучлан борлуулах сүлжээг нэмэгдүүлнэ... зэрэг заалтууд багтжээ. Эдгээр зорилтуудыг хэрэгжвэл малчид байгалийн гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулахад өгөөжөө өгөх дүр зураг харагдана.

Малчид ган, зудад улам бүр эмзэг болсоор... буйг, Монголын Бэлчээр ашиглагчдын Нэгдсэн Холбооны тэргүүн, доктор Н.Ганхуяг илтгэлдээ онцолжээ. Төрийн бодлого мэргэн, хэрэгжих явц бодитой байж гэмээ нь байгалийн гамшиг болон бусад эрсдэлүүдийг бид хамтдаа даван туулах боломжтойг ирж буй цаг хугацаа харуулах билээ.

Энэхүү бүтээлийг “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь”  /АДАПТ/ төслийн хүрээнд бүтээв.

Д.Улаанхүүхэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu