Энэ оны төсвийг нэлээд хөөстэй баталсан нь хаврын хавсаргаар хуу татагдав. Үүний нэг тод жишээ нь нүүрсээ тонн тутмыг нь 105 ам.доллараар худалдан борлуулахаар тооцоолжээ. Тэгтэл нүүрсний үнэ тонн тутамдаа 40 орчим ам.доллароор буурч, хагас тэрбум ам.долларын алдагдалтай байна. Харин нүүрсний худалдан борлуулах биет хэмжээ буураагүй юм. Гэхдээ зэс болон алтны үнэ тодорхой хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь уул уурхайн орлогоо түшдэг эдийн засагтай манай улсын хувьд зол юм даа. Юутай ч бүх үзүүлэлт сөрөг биш л юм байна. Гэвч экспортын орлогод жин дардаг нүүрсний үнэ буурсан нь төсвөө эргэж харахад хүргэх нь гарцаагүй биз. Засгийн газраас одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлыг гэнэтийн нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ гэнэтийн бишээр улсын төсөв сүүлийн жилүүдэд гурав дахин тэлжээ. Харин иргэдийн орлого өссөн үзүүлэлтийг хайгаад олсонгүй. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ төрөөс хамааралтай болж, уул уурхайн салбар дахь төрийн өмчит компаниудын тоо нэмэгдсэн байх юм. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл манай улс хувийн хэвшлийнхнийхээ амыг барьж, иргэдийнхээ бизнесийг боомилж дампууруулсан гэсэн үг.
Одоо төрөөс хамааралтай 100 гаруй аж ахуйн нэгж үлдэж, түүн дээр нь бүтээмжийн буюу хяналтын 400 менежер томилогдож байна. Хамаагүй ээ, бүтээмжийн менежер томилогдоод манай улсын эдийн засгийн нөхцөл байдал дээшилдэг бол.
Үнэндээ төрийн өмчит компаниуд гэх бүхэл бүтэн “Вант улс” иргэдийнхээ хуруу хумсаа хуйхлан байж татвар нэрээр хураалгасан мөнгөөр тэжээлгэнэ гэсэн үг. Монголчууд 20 сая тонн нүүрс экспортолдог байхдаа одоогийн 80 гаруй сая тонн нүүрс гаргаж байгаагаасаа ч илүү боломжийн амьдарч байсан юм шүү. Тэр үед ажил эрхлэх боломжтой, инфляц бага, засаглал сайн, эрх чөлөөг боомилдоггүй, төр бүхний дээр данхайдаггүй учир хувийн хэвшлийнхэн тэлж хөгжих асар их эрмэлзэл, бизнес эрхэлэгчид хийж бүтээх хүсэл мөрөөдөлтэй байлаа. Харин одоо өнгөрсөн онд Монгол Улс 83 сая тонн нүүрс экспортолсон. Үүнийгээ одоо 100 сая тоннд хүргэнэ гэж төр л попорч чадаж байгаа. Гэтэл цаана чинь АНУ-ын тарифын бодлого зэргээс үү, зарим тохиолдолд олон улсын нөхцөл байдал тодорхойгүй болж байх шиг. Гээд бүх зүйлийг АНУ-ын тарифын бодлого руу чихэж бас болохгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх, буурах үе аль аль нь байдаг. Тухайн үеийнхээ мөчлөгт тааруулсан бодлогыг шуурхай хэрэгжүүлээд явах нь манайх шиг уул уурхайгаасаа хамаарал бүхий эдийн засагтай оронд өлзийтэй байх. Гэхдээ алсдаа төр төвтэй эдийн засгийн тогтолцооноосоо гарч байж улс орон хөгжинө гэдгийг ямар ч тэнэг хүн ойлгохоор л байгаа юм. Ингэхийн тулд зах зээлээ тэлж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, уул уурхайн бус экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх оролдлого хийж, эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй болно. Харин үүнийг нөгөө 400 бүтээмжийн менежер хийх болов уу.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төрийн өмчийн 123 компанид 400 бүтээмжийн менежер гэсэн орлогч захиралын статустай, сардаа 5-6 сая төгрөгийн цалинтай, машин унадаг, сар тутам нийт дүнгээрээ гурван тэрбум, жилдээ 30 тэрбумыг зөвхөн цалинд авдаг албан тушаалтнуудыг томилж байгаа юм байна. Энэ бол улс төрийн авилга. Намуудыг дуугүй болгож байгаа юм. Найраан дундаа идэж уух гэж байна гэсэн үг. Энэ хүмүүс дээр АТГ хуулийн хүрээндээ хяналтаа сайн тавиарай. Улс төрийн хүрээнд бид үүнтэй тэмцэнэ. АН-ын дарга Лу.Гантөмөр “Бүтээмжийн менежер гээд дотор нь манайхан хүнээ оруулж байгаад хянах гэж байгаа юм” гэж хэлсэн бол ХҮН намын дарга Т.Доржханд “Манай намынхан дандаа ухаантай хүмүүс томилж байгаа. Тийм учраас асуудал гарахгүй” гэсэн байна билээ. Тэгсэн мөртлөө бие биеэ зодоод нүдээд байгаа. Намын дарга нь хэлэхдээ “Манай намынхан хүн зодох нь байтугай дандаа эхнэрүүд нь л нөхрүүдээ зодож байдаг болохоос биш манай намынхан бол хүн зоддоггүй” гэж яриад байгаа юм. Айлын эхнэрүүдийг яаж байгаа юм бэ, ард түмний өмнө. Тэгсэн чинь Сангийн сайд Б.Жавхлан гарч ирснээ “Бүтээмжийн менежерийг томилоход төсвөөс ямар ч зардал нэмж гарахгүй” гээд яриад байгаа. Тэд цалингүй ажиллах гэж байгаа юм уу. Бүр гайхаад байх юм” гэж хэлж байсныг энд ямар ч редакторын харандааны засваргүйгээр үлдээчихье.
Эрхэм гишүүний хэлснээр бол бүтээмжийн менежер гэх албан тушаал бол улс төрийн авилга юм байна. Харин Европын Бүтээмжийн холбооны тодорхойлсноор бол “Бүтээмж нь одоо байгаа бүхнийг тасралтгүйгээр сайжруулах арга замыг хайж, өнөөдөр нь өчигдрөөсөө, маргааш нь өнөөдрөөсөө илүүг хийх, хөгжиж дэвших эрмэлзэл итгэлд тулгуурладаг” аж. Гэтэл зарим судлаач “Бүтээмж гэдэг нь маш олон зүйлийг нэг дор хийх, их ажил амжуулах гэсэн үг биш. Юуг хийхгүй байх вэ гэдэг тухай ойлголт. Хүмүүс ер нь хийх зүйлсийнхээ тухай л бодоод байдаг. Юунаас татгалзаж, юунд эрч хүч, цаг заваа зарцуулахгүй байх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Ингэж байж хийх зүйлсдээ илүү анхаарна. Хүмүүс маш их яардаг. Яараад нэг дор олон зүйлийг зэрэг хийх гээд байдаг. Ингэхээр яг санасандаа хүрсэн үр дүнг гаргаж чаддаггүй” гэх юм билээ. Дээрээс нь монгол хүний нэг өдрийн хөдөлмөрийн бүтээмж 40.3 хувьтай гэдэг сүүлийн үеийн судалгаа хүртэл байна. Энэ нь олон улсын түвшинтэй харьцуулахад 25 хувиар бага үзүүлэлт аж. Эцэст нь хэлэхэд, өнөөдрийн энэ их томилгоо буюу төрөөс илгээгдэж байгаа 400 бүтээмжийн менежер яг юу хийх даалгавартай хүмүүс вэ. Аль эсвэл “Юу ч битгий хий” гэдэг тушаалтай юм болов уу. Түүнээс биш бүтээмжийн менежертэй болсон юм чинь эдийн засаг өснө байх!
Сэтгэгдэл ( 4 )
Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой бай
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
400 хоолны сав, нохойн баас...................