Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт өв болох “Хүйс толгойн бичээс” ЮНЕСКО-д баримтат өвөөр бүртгэгджээ.
МЭ 601 оны үеийн бичиг үсгийн дурсгал болох “Хүйс толгойн бичээс” нь 11 мөр, эртний монгол хэлээр брахми үсгийн 215 тэмдэгтээр бичсэн 100 үгээс бүрдсэн Монголын эртний үсэг, бичиг, үг, хэл, нүүдэлчин угсаатан, овогтны түүх, соёл, зан заншил, шашин шүтлэг, тахилга мөргөл, зан үйлийн тухай мэдээлэлтэй нэн ховор баримтат хадны бичээс дурсгал юм. Энэ нь төв Азийн нүүдэлчин үндэстэн монголчууд нь хамгийн анх өөрийн үг, хэлээ тэмдэглэсэн үсэг, бичигтэй байсан үндэстэн гэдгийн нотолгоо болдог. Монголын эрдэмтэн Ц.Цэнд /1967/, М.Шинэхүү /1972, 1974/, Н.Наваан /1976/ нар Хүйс толгой бичээсийг бичиг үсгийн дурсгал болохыг мэдээлж байжээ. Түүнээс хойш 50 орчим жилийн дараа Брахми бичиг /Д. Мауэ, Герман, 2016/-ээр эртний өвөг хэл /А.Вовин, Франц, Солонгод Хурцбаатар, Герман 2016/-ээр бичигдсэн одоогоос 1400 жилийн өмнөх монгол хэлний бичгийн дурсгал мөн болохыг тогтоожээ.
Монгол Улсын Засгийн газар уг бичээсийг 2019 оны есдүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт”-д оруулж, Төрийн ордонд залсан нь өдгөө Чингис хаан музейд хадгалагдаж байна. Ийнхүү 2021 онд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн “Хүйс толгойн бичээс” монгол-брахми бичгийн дурсгалыг ЮНЕСКО-д бүртгүүлэх тухай 08 дугаар тогтоол гарч, тус өвийг бүртгүүлэх судалгаа шинжилгээ, зохион байгуулалтын ажлыг эхлүүлсэн аж.
Улмаар 2021-2024 онд Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монгол Улсын Соёлын яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, салбарын эрдэмтэн судлаачдын баг бүрэлдэхүүн хамтран ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын жагсаалтад өв бүртгүүлэх ажлыг хамтран зохион байгуулж, 2025 онд Хүйс толгойн бичээс /V-VI зуун/-ийг баримтат өвөөр бүртгүүллээ.
Энэхүү түүхэн үйл хэргийг Монгол Улсын Соёлын яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Чингис хаан музей, түүнчлэн Ажлын хэсгийн зөвлөхөөр ажилласан академич Д.Төмөртогоо, доктор, профессор Л.Маналжав, доктор, профессор Ц.Баттулга, орчуулагч Н.Гантуяа, Соёлын өвийн үндэсний төвийн судлаач Х.Түмэнбаяр нарын эрдэмтэн судлаачид бүтээлцсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )