"АВЛИГАД ИДЭГДВЭЛ ТЭНГЭР ӨӨД ХАРАХ ЭРХГҮЙ БОЛНО.
ӨВӨГ ДЭЭДЭС ЧИНЬ ТИЙМ БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ..."
Пап Францис 2023 оны намар, есдүгээр сард манай улсад айлчлахдаа ийм агуулгатай үг хэлж байв. Хэзээ ч хуучрахгүй үг. "...Хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх, хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноор зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм. Харин та бүхний өвөг дээдэс эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг сургасан билээ” гэж байв. Ер нь бол "Өвөг дээдэс чинь хулгайч луйварчин байгаагүй юм шүү. Авлигаас хол бай" гээд л хэлчихсэн дээ.
Пап Францис тэнгэр болов. Тэмдэглэлийн дэвтрээ сөхөхөд, тухайн айлчлалын үед дараах зүйлийг бичиж үлдээж. Харин хаа нэгтээ нийтлүүлэхээр өгөөгүй өөртөө үлдээсэн байна. Эрхэм хүмүүний гэгээн дурсгалыг хүндэтгэн уншигч танаа хуваалцъя.
“...Наран ургахаас жаргах хүртэлх бүхий л газар нутгийг дээд тэнгэр бидэнд соёрхсон болой. Хэн хэрхэн дээд тэнгэрийн зарлигийг зөрчин сөрж зүрхлэх билээ?...” хэмээн Гүюг хааны Ромд илгээсэн захидлаас хойш 777 жилийн дараа Ромын 266 дахь пап, Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Францис Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2023 оны есдүгээр сарын 1-4-нд манай улсад айлчилсан юм. Дэлхийн 1.4 тэрбум хүний хүндэтгэн дагадаг католик шашны тэргүүний тухалсан онгоц Монголыг зорин хөөрөх үеэр буюу наймдугаар сарын 31-нд Наран гэрэлт, түмэн наст, оройн дээд очирдарь богд гэгээн Жавзандамба хутагтын X дүр луут ширээнээ залрахаар тодорч анхны авшиг номоо хүртээд байв. Үүнийг буддын шашинтны зарим нь “Дипломат аргаар буюу эвтэйхнээр X богддоо бат оршил өргүүлж чадлаа. Энэ бол монголчуудын оюун санааны тусгаар тогтнол” гэж үзэж буй бол нөгөө нэг нь “Урд хөрш БНХАУ ч папыг агаарын хилээрээ нэвтрэн өнгөрөхийг зөвшөөрлөө шүү дээ” гэх зэрэг олон ургальч үзэл, бодол дэлхий даяар хурдтай хэрж, түүхэн айлчлалын чимээг түмний сонорт хүргэсэн билээ.
Дэлхий нийтийн анхаарлыг татсан энэхүү айлчлалыг албан ёсоор 23 орны 53 байгууллагын 150 гаруй сэтгүүлч, сурвалжлагч, хэвлэлийн ажилтан дагалдан сурвалжилсан бол албан бусаар 3500 орчим сүсэгтэн, жуулчин манай улсад ирж, аялал жуулчлалын салбарт 400 сая ам.долларын орлого оруулсан гэдэг мэдээлэл ч хөврөв. Найман настай балчир, наян настай буурал хоёр сод эрхмийг дэлхий нийтээрээ тойрч “гороолсон” томоохон үйл явдал Азийн цээжинд өрнөж, олон улсын зүгээс шашин хоорондын мэхийлт хэмээн хүндэтгэн үзлээ.
Папын дуу хоолой
Манай улс 1500 орчим католик сүсэгтэн, есөн сүмтэй. Зургаан сүм нийслэлд, бусад нь Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг. Монгол дахь католик шашны гол сүм бол Гэгээн Петр, Паулын цогчин дуган юм. Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, пап Францис тус сүмд сүсэгтэн олонтой уулзсан ч талархал магтаалын мөргөлөө “Мөсөн өргөө” цогцолборт хийв. Мөргөлд католик шашны хамба, санваартан, гэлэнмаа нар болон БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан зэрэг орноос ирсэн сүсэгтнүүд зэрэг гадаад, дотоодын нийт 3000 гаруй мөргөлчин оролцсон юм.
Пап Францис 10 жилийн өмнө сэнтийдээ заларсан бөгөөд түүнээс хойш том хотуудаар бараг айлчлаагүй байна. Тэрбээр ихэвчлэн цөөнх голлодог хот, улсуудыг сонгон зочилдог аж. Энэ талаар сонирхсон сэтгүүлчийн асуултанд пап Францис “Цөөнх хэдий цөөнх боловч захалж үлдэх ёсгүй” хэмээн хариулжээ. Олонхиороо аливаа асуудлыг шийддэг нь ардчиллын амь боловч амь бүтэн оршихын тулд цөөнх ч бас өөрийн үүрэг, орон зайтай гэдгийг үүнээс өөрөөр хэрхэн илэрхийлэх билээ хэмээн зарим судлаач дүгнэсэн байх юм.
Түүний манай улсад хийсэн айлчлалыг төрийн болоод шашны, мөн энхтайванч хэмээн гурав ангилж болно. Учир нь тэрбээр албан ёсны айлчлалаас гадна 13 шашны төлөөллийг оролцуулан зохион байгуулсан уулзалтад оролцсон юм. Будда, Христ, Ислам, Хиндү, Бөө мөргөлийн зэрэг шашны төлөөллүүд оролцсон уг уулзалтыг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц нээж хэлсэн үгэндээ “...Өнгөрсөн жарны улс төрийн нөлөөгөөр бурханы шашин ихэд доройтсон авч 1992 онд батлагдсан ардчилсан үндсэн хуулиар ард олон шашин шүтэх эрхээр хангагдсан бөгөөд өдгөө Монголын бурхан шашны уламжлал ном ёсоор сэргэж байгаа билээ. Үүний хамгийн том илрэл нь Монголын бурхан шашны тэргүүн X богд гэгээн Жавзандамба хутагт маань тодрон эдүгээ уламжлалт шашны болон орчин цагийн эрдэм номдоо давхар шамдаж буй гайхамшигтай үйл явдал болж байна..." хэмээн онцлон тэмдэглэлээ.
Үг
Өмнө нь XIV далай лам, дээрхийн гэгээн Данзанжамц монголчуудад хандан “Айргаа тааваараа хүрт, архиа бага уу” хэмээн айлдаж байсан бол энэ удаа Ромын пап Францис “...Авлига, хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноос зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм. Харин та бүхний өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ. Тэд олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн...” гэж хэлсэн үгэндээ тунхаглан Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбар агсны “Тэнгэр шиг бай” шүлгийг сануулав.
“Үгэн дотор үг, үхэр дотор гиваан” гэдэг шиг Ромын папын эв найр, эрхэм ёсыг сахин хэлсэн үг айлдвараас харахад Гүюг хааны тамганы бичээсийн амь, шүншиг одоо ч хэвээрээ. Харин хожим хойчийн үр сад нь өвөг дээдсийн сургаал бичээс, хууль ёсыг хэрхэн, яаж өвлөн уламжилж буйгаа эргэж нэг харан сэрж, сэхээрч, сэрэмжлээсэй.
Улс төр болон нийгмийн олон талын ач холбогдол, үр дүн бүхий айлчлал болж дэлхий нийтийн анхаарлыг татсан гэж олон улс судлаачид энэхүү айлчлалыг дүгнэж байна. Тухайлбал, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор М.Батаа “Ромын пап дэлхийн олон шашинтнууд дотроо Христийн католик урсгал чиглэлийн тэргүүн бөгөөд Ватикан гэдэг жижигхэн хот улсын төрийн тэргүүн. Монгол Улсад ерөнхийдөө төрийн айлчлал хийчихлээ. Монгол Улсын төрийн тэргүүний урилгаар ирж байгаа учраас энэ бол төрийн айлчлал юм. Хоёрдугаарт, энэ бол яах аргагүй Христийн шашин дотроо хамгийн том, олон дагагчтай, сүсэгтнүүдтэй католик урсгалын шашны тэргүүн учраас айлчлал нь шашны агуулга, хэлбэртэй байлаа.
Нэн тэргүүнд Монгол Улсыг ардчилсан улс юм байна гэдгийг папын айлчлал гадаад ертөнцөд таниулчих шиг боллоо.
Монгол Улс нь хүн ам цөөн, газар нутаг нь том, байгалийн баялаг ихтэй, хоёр том хөрштэй ч энэ улсын ард түмэн нь ямар ч гэсэн эрх чөлөөтэй, ардчилсан тогтолцоотой, ийм үнэт зүйлс, зарчимтай, шашин шүтэх эрх, эрх чөлөө нь хангагдсан, уламжлалт бурханы шашин зонхилсон ийм улс байна гэдгийг дэлхий нийтэд харуулчихав уу даа” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр дэлхийн хэмжээний улс төр, геополитикийн томоохон агуулгатай айчлал болсон хэмээн судлаач хүний хувиар харж дүгнэсэн байна. Яагаад гэвэл, үе үеийн Ромын папын сонирхол манай хойд хөрш ОХУ-д болон урд хөрш БНХАУ-д айлчлах байдаг юм.
Сэтгэгдэл ( 0 )