Төрийн байгууллагууд дэргэдээ редакц ажиллуулдаг нь үнэн л дээ

2025 оны 04 сарын 25

УИХ-ын чуулганы хуралдаан, түүний өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцсэн нь өнөөдөр анхаарлын төв дэх сэдэв болоод байна. Өчигдрийн чуулганаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг өнөөдрийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар болоод байна. 


ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ХУУЛЬ ЗӨРЧИН НҮСЭР ХЭВЛЭЛИЙН АЛБАД БАЙГУУЛСАН

Анх Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай товчхон боловч өнөөг хүртэл үүргээ биелүүлсээр буй хуулийг 1998 онд баталж, түүн дотроо төр дэргэдээ хэвлэл, мэдээллийн хэрэгсэлгүй байх ёстой хэмээн хуульчилж, тухайн үеийн төрийн төв хэвлэл “Ардын эрх”, Засгийн газрын дэргэдэх “Засгийн газрын мэдээ” сониныг 1999 оны нэгдүгээр сарын 1-нээс татан буулгаж байв. Тэдний буурин дээр өнөөгийн “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” хэмээх хувийн сонинууд мэндэлж байсан билээ. Тухайн хуулийн дагуу 1998 оны арванхоёрдугаар сарын сүүлийн дугаар, шинэ оны сониныхоо эхийг бэлтгэж байсан редакциуд дээр Төрийн өмчийн хорооны ажилтнууд орж ирэн сэтгүүлчдийг шууд хийж буй ажлаа зогсоон хувийн эд зүйлсээ аваад өрөөнөөс яаралтай гарахыг шаардан, бүх өрөө тасалгаа, компьютер, хэвлэгч, хувилагч, зургийн аппарат сэлтийг лацдаж, маргааш нь гэхэд коридорт овоолон дуудлага худалдаанд оруулж байсан юм. Сэтгүүлчдэд ажилласан жилээс нь хамааран хувьцаа өгч, түүнийгээ нийлүүлэн, дээр нь хөрөнгө босгож, зээл авч хувийн сонины эхийг хатгаж асан түүхтэй. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар л тухайн цагт дэргэдээ хоёр гуравхан хүнтэй хэвлэлийн албадтай үлдэж байв. Гэтэл сүүлийн жилүүдэд Хэвлэлийн эрх чөлөөний хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг зөрчин төрийн гурван өндөрлөгөөс гадна бүх яам, тамгын газар, нийслэл, аймаг, сумдын Тамгын газрууд, төрийн мэдлийн том, жижиг бүх газар нүсэр бүтэц бүхий хэвлэлийн албадтай болсон.

Мэдээ, мэдээлэл бэлтгээд зогсохгүй орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр “зэвсэглэсэн” бүхэл бүтэн студи, редакц ажиллуулж, рийл, лайв, бараг л баримтат киногоор “зодож” ажлаа өөрийн таашаалаар нийтэд танилцуулдаг болов. Энэ хэрээр жирийн хувийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд мэдээ өгөх нь цөөрч, хүнд суртал нэмэгдэж, заавал мөнөөх хэвлэлийн албадаар дамжуулж зөвшөөрөл олгох, ихэнхдээ татгалзсан хариу өгдөг болсон нь ч үнэн. Тэгвэл энэ байдалд өөрчлөлт хийж, төрийн байгууллагууд дэргэдээ тийм нүсэр хэвлэлийн албадтай байхыг шинэчилсэн найруулгаар өөрчлөх гэж байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн байгууллага байгуулахыг хориглох,  улмаар төрийн байгууллага, улсын өмчит газрууд тендер зарлаж, сонгогдсон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ажлаа олон нийтэд сурталчлан таниулах ажлыг гүйцэтгэхээр зохицуулна” гэжээ.

Хэрэв хууль батлагдвал дурын төрийн байгууллага дэргэдээ хэвлэл, мэдээллийн албатай байхыг хориглож, тендер зарлан түүнд ялсан хэвлэл, мэдээллийн байгуулагаар мэдээ, мэдээллээ сурталчлуулж байх ажээ.  Төрийн болон төрийн оролцоотой аж ахуй нэгж хэвлэлийн мэдээллийн албагүй, зөвхөн асуудал хариуцсан ажилтантай байж болохоор тусгасан байна.

 

ЭХ СУРВАЛЖИЙГ НУУЦЛАХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛНА ГЭЖЭЭ

 

Өдгөө хэвлэл, мэдээллийн салбарт сүүлийн үеийн техник, технологи хурдацтай нэвтэрч, мэдээлэл, технологийн салбар хурдацтай хөгжиж, хиймэл оюун ухаанаар сонин хэвлэл гаргаж, мэдээлэл дамжуулах, нийтлэх, хүлээн авах олон төрлийн суваг, боломж бий болов. Мөн хүссэн хүн бүр олон нийтийн сүлжээ ашиглан хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэх болсон. Иймд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн боловсруулах, энгийн иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөрөө дамжуулан бодитой, бодигүй, хуурамч элдэв төрлийн мэдээ дамжуулж буйгаас мэргэжлийн сэтгүүл зүйг ялгах, хараат бус, шударга, бие даасан сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих зохицуулалтыг бий болгох хэрэгцээ, шаардлагыг харгалзан шинэ хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд төрийн байгууллагаас авсан төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгийн талаарх мэдээлэл ил тод байх. Хэвлэл мэдээллийн байгууллага заавал мэргэжлийн редакцид тулгуурлан үйл ажиллагаа явуулах. Төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлсэн мэдээ, мэдээллийн талаар хүн, хуулийн этгээд тухайн редакцид болон өөрийн зохицуулалтын байгууллагад гомдол гаргах боломжтой байх, эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулах зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Хууль батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аливаа хүн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ баталгаатай хэрэгжүүлэх, олон нийт төр, эзэмшигч, бусад этгээдийн цензур буюу агуулгын хяналтгүй мэдээлэл олж авах эрх хангагдах, ингэснээр ардчиллын амин сүнс болсон олон ургальч үзэл, үзэл бодлын чөлөөт байдал бат бөх суурьтайгаар оршин тогтнох нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна.

 

“СЭТГҮҮЛ ЗҮЙД ЭНДҮҮРЭЛ ТАШААРАЛ ГЭДЭГ ЗҮЙЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЁСТОЙ”

 

Төрийн байгууллагууд ажлаа тендер зарлуулан сурталчлуулна гэдэг дээр харин гишүүд харилцан адилгүй байр суурьтай байсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Төрийн байгууллагууд  тендер зарлаж, ажлаа сурталчилна гэлээ. Тендер зарлана гэдэг бөөн авлига, будилаан болох вий. Цүнхний компаниуд яадаг билээ. Яг түүн шиг олон дагагчтай юм уу, том хэвлэл мэдээллийн алба нь тендерт ороод явдаг болох нь. Жижиг редакциуд, хэвлэл мэдээллийн байгууллагын тендер, сонгон шалгаруулалтад оролцож чадахгүй болох вий. Юм болгоны тендерт оролцдог монополь хэвлэл мэдээллийн байгууллага гараад ирэх вий дээ. Манайхан сөргөөр ашиглахдаа гаргууд сайн шүү. Сонгон шалгаруултын цаана ямар булхай луйвар байдгийг бүгд мэдэж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллага ийм юм руу ороод эрсдэл үүсэх вий.

Хүний нэр төр,  алдар хүндэд халдсан асуудлыг хасаж байгаа нь хэр зөв юм бэ. “Сайд ялаа хоёрыг сониноор цохиж ална” гэдэг шиг таалагдаагүй, гэрээ байгуулаагүй гэдэг шалтгаанаар улстөрчдийг, сөрөг хүчнийг хэвлэл мэдээллээр намнадаг болж мэднэ. Илт худал мэдээлэл түгээвэл ямар хариуцлага ногдуулах, ташаа мэдээлэл гэдэг нь хууль зүйн ямар агуулгыг илэрхийлэх талаар тодотгох хэрэгтэй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Хуулийн төсөлд “ташаа мэдээлэл” гэж бусдын сэтгэл санаа, бие махбодь, эсхүл хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хохирол учруулах зорилгогүйгээр түгээсэн бодит байдалд нийцэхгүй гэдгийг мэдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан алдаатай мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг; ”илт худал мэдээлэл” гэж хүн, хуулийн этгээд, улс оронд санаатайгаар хохирол учруулах зорилгоор түгээсэн ор үндэслэлгүй худал мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг хэлнэ хэмээн тодорхойлсон.

Сэтгүүл зүйд эндүүрэл ташаарал гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой юм билээ. Хуулийн төсөлд дээрхийг тодорхойлон оруулснаар эндүүрсэн, ташаарсан мэдээлэл бүртэй нь холбогдуулан сэтгүүлчийг илт худал мэдээлэл тараалаа гэж буруутгах боломжгүй болно.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Чөлөөт сэтгүүлч гэсэн ойлголтыг хуульд тусгасан байна. Чөлөөт сэтгүүлчийг идэвхтэй нийтлэл бичдэг, өөрийнхөө хүсэл зорилгоор контент үйлдвэрлэдэг иргэдээс яаж ялгах вэ. Хэвлэл мэдээллийн олон янз байдал гэдэгт олон нийтийн, арилжааны, хамтын гэсэн гурван төрөл орж ирж. Хамтын гэдэгт ХК байж болох уу. МҮОНРТ гэж бий,  ХК руу шилжүүлэх боломжтой гэж харж байгаа юу. Төр дэргэдээ хэвлэл мэдээлллийн хэрэгсэлгүй байна гэжээ. Өмнөх хуульд ч энэ зохицуулалт байсан, одоо ч хэрэгжиж л байгаа. Гэвч төрийн байгууллагууд албан бус бүтцээр ийм алба байгуулчихсан, зарим редакцын хийж чадахгүй байгаа контентыг хийдэг. Түүнээс болж шүүмжлэл ч их өрнөдөг. Дөрөв дэх засаглалын хяналтыг хэрэгжүүлэх ёстой сэтгүүл зүй хэвлэл мэдээллийн контент гэхээс илүү улстөрчдийн, төрийн байгууллагын бэлтгэсэн контент голлож цацаж байна гэдэг.

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Чөлөөт сэтгүүлч гэдэгт сэтгүүл зүйн үйл ажиллагаа  эрхлэн, хэвлэл мэдээллийн  байгууллагын редакцид хамааран орон тооны болон орон тооны бус байдлаар, эсхүл бие даан чөлөөт байдлаар гүйцэтгэж байгаа хүнийг гээд тодорхойлсон. Тэр хүний үйлдвэрлэж байгаа контент, тэр хүний бичиж байгаа нийтлэл үйлдвэрлэж байгаа сэтгүүл зүйн бүтээл нь энэ хуульд заасан хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжиж олон нийтэд хүрч байгаа хүнийг хамруулъя гэж байгаа.

Эрүүгийн хуульд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах гэдэг гэмт хэрэг байгаа. Энүүгээр ял шийтгэл аваад байгаа тохиолдол байхгүй. Гэтэл Эрүүгийн хуульд энэ зүйл заалт ороод хэрэгжээд явж байгаа 20 гаруй жилд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хэн ч саад болоогүй юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Нөгөө талдаа сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа гэж юу юм бэ, сэтгүүлч чинь хэн юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа учраас ингэж тодорхойлж байгаа. Энэ хуулиар тодорхой хэмжээний шаардлага тавьж байгаа. Зохицуулалтын байгууллагатай байж болно, бичсэн нийтлэл нэвтрүүлэгтээ өөрсдөө хариуцлага хүлээе. Хариуцлага хүлээж байгаа учраас нөгөө талдаа хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь нээж хамгаалж өгье.

Нийгмийн сүлжээнд байгаа олон дагагчтай гэдэг хүмүүсийн үйл ажиллагаанаас сэтгүүл зүйн үйл ажиллагаа өөр юм. Яг энэ хуулийн төслийн хүрээнд тодорхойлогдож байгаа хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжиж өөрийнх нь бүтээл олон нийтэд хүрч байгааг чөлөөт уран бүтээлч гэнэ. Үндсэндээ нэг хүн өөрөө бичсэн нийтлэлийнхээ хүрээнд  газруудаас төлбөр авдаг байж болно, энэ хүний  үйл ажиллагааг ч хамгаалдаг байх ёстой.

Төр дэргэдээ хэвлэл мэдээлэлтэй байх асуудал олон удаа яригдлаа. Төрөөс шууд болон шууд бусаар хэвлэл мэдээллийн зах зээлд болон хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд нөлөөлдөг нөлөөллийн байдлыг байж болох хэмжээнд хязгаарлахыг зорьсон. Төрийн байгууллагын зүгээс дэргэдээ албан бус нэртэй боловч хэвлэл мэдээллийн бүтэц байгуулдаг, хүмүүс цалинжуулдаг, техник хэрэгсэлтэй байдаг. Хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой контент бүтээлгэх, нэвтрүүлэг хийлгэх гэх юм уу, төрийн байгууллага болон төрийн өмчит аж ахуй нэгжүүд энэ зах зээл рүү хэт хутгалддаг.

Ажлын хэсгийн гишүүн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дарга Г.Гүнжидмаа: 

-Хуулийн бас нэг үзэл санаа нь олон ургалч байдлыг дэмжих. Нийтлэг утгаараа олон нийтийн,  арилжааны, хамтын гэсэн гурван төрлийн хэвлэл мэдээлэл оршин тогтнож хөгжиж байна. Тэгэхээр хамтын хэвлэл мэдээлэл гэдэг бол тодорхой сонирхлоороо нэгдсэн хүмүүс гэж ойлгож болно. Сургуулийн насны хүүхдүүд тэдний эрх ашигт нийцсэн мэдээллийг хамтын хэвлэл мэдээлэд оруулаад явна. МҮОНРТ тусдаа хуультай, бусад бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг арилжааны буюу ХХК-ийн зарчмаар ажиллах тэр нөхцөлийг нь тусгаж өгсөн нь ач холбогдолтой.

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

-Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах зохицуулалтыг шинээр баталгаажуулахаар хуулийн төсөлд тусгасан гэж байна. Ингэснээр ямар үр дүн гарна гэж үзэж байгаа вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зааснаар МҮОНРТ-ийн сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчдэд эх сурвалжийн хамгаалалт байхгүй. Бид энэ удаагийн хуулийн төсөлд “эх сурвалж” гэдгийг сэтгүүлчийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийн үндэс болж байгаа баримт мэдээллийг өгч буй этгээдийг хэлнэ гэж тодорхойлоод, эх сурвалжаа нууцлах эрхийг нь бүрэн нээж өгөхөөр тусгасан. Харин хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой, бодитой хохирол учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй гэж үзвэл эх сурвалжаа илчлэх эсэхээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдөө шийдвэрлэхээр оруулсан гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.205) 2025 оны 04 сарын 25

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
З(59.153.115.89) 2025 оны 04 сарын 25

Татан буулгах ньзөв. Ямар ч үр ашиггүй шүү дээ.

0  |  0
Close menu