ДОЛООН БАЙРААР УРАГШИЛСАН НЬ АМЖИЛТ ОГТ БИШ
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1993 онд шийдвэр гаргаж Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэж байхаар болж,1994 оноос албан ёсоор хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ нь баяр ёслол бус, сэтгүүлчид хараат бусаар хэвлэн нийтлэх эрхийнхээ төлөө, нийт иргэдийн мэдэх эрхийг бодит, шудрагаар хангахын төлөө, мөн өөрсдийнхөө аюулгүй байдал, эрх чөлөөний төлөө тэмцдэг өдөр юм. Уг өдрийг олон улсын хэмжээнд энэ жил “Хиймэл оюун ухааны эрин үе, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” хэмээх сэдвийн дор тэмдэглэв.
Гэвч Монголын сэтгүүлчдийн хувьд уг сэдвээс илүү их тулгамдсан асуудал бий.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2025 оны индексийг Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF) байгууллагаас танилцуулснаас үзвэл Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр өмнөх 2024 оноос долоон байраар урагшилж 102 дугаарт жагссан байна. Гэвч долоон байраар урагшилсан гэдэг нь том ололт биш, хэвлэлийн эрх чөлөө сайжирч байгаа ч хэрэг бус. Монгол Улс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн гол шалгуур үзүүлэлт болох улс төр, эдийн засаг, хууль тогтоомж, нийгэм, аюулгүй байдлын нийлбэр үзүүлэлтээр 2021 онд 71.03 оноогоор 180 улсаас 68 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2022 онд 90 дүгээрт, 2023 онд 88 дугаарт, өнгөрсөн 2024 онд 21 байраар огцом ухарч 51.34 оноогоор 180 улсаас 109-д орсон юм. Энэ удаад долоон байраар урагшилж 102 дугаар байрт орсон гэдэг нь өмнөх байраасаа төдийлөн урагшилсан хэрэг биш. Ялангуяа аюулгүй байдлын үзүүлэлтээр ухарсан нь хэвлэлийн эрх чөлөөгөөр Монгол Улс хойгуур байр эзлэхэд томоохон сөрөг шалтгаан болсоор ирэв. Энэ үзүүлэлтээр бүр Танзани, Нигер Филиппин улсын араас жагсаж байна гэхээр байдал ямар байгаа нь ойлгомжтой.
Сэтгүүлчдийн аюулгүй байдлын 2025 оны судалгааны дүнгээс харвал хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг сэтгүүлч, уран бүтээлчдийн хувьд хамгийн нэгдүгээрт “Мэдээллийн аюулгүй байдал” хэмээн 67 хувь нь хариулжээ. “Эх сурвалжийн аюулгүй байдал” гэж 65 хувь, “Хувийн аюулгүй байдал” хэмээн 66 хувь нь үзсэн байна.
Сэтгүүлчдэд хамгийн их тулгамддаг асуудлын нэгдүгээрт “Эрх мэдэл бүхий хүмүүс мэдээлэл өгөхөөс үндэслэлгүй татгалздаг” гэсэн бол “Нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл түгээснээс шалтгаалан шүүх, прокурор, цагдаагаас дууддаг” хэмээн мөн хариулжээ. Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын эрх ашгийг хамгийн их зөрчдөг субъект нь эрх мэдэл бүхий албан тушаалтнууд хэмээн 58 хувь нь үзжээ. Мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зөрчигдсөн гэж 62 хувь, мэдээлэл боловсруулах эрх зөрчигддөг хэмээн 48 хувь, хэвлэн нийтлэх эрх зөрчигддөг гэж 42 хувь нь хариулсан байна. Нийт сэтгүүлчдийн 85 хувь нь ямар нэг байдлаар сэтгэл зүйн дарамтад өртсөнөөс зургаан хувь нь байнга ийм дарамтад ордогоо илэрхийлжээ. Эдгээр баримтаас өнөөдөр Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө ямар байгааг харж болно. Энэ тухай МУБИС-ийн багш, доктор С.Амартүвшин “Монголд хэвлэлийн эрх чөлөө хагас гэдэг ангиллаас хэцүү гэдэгт шилжихэд ойрхон байна” гэсэн билээ.
НИЙГМЭЭРЭЭ МЭДЭЭЛЛИЙН СҮЙРЭЛД НЭРВЭГДЭЖ БАЙНА
Энэ өдрүүдэд УИХ-аар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхлээд байна. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль” сэдвээр Соёлын төв өргөөнд хэлэлцүүлэг зохион байгуулж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан, УИХ-ын гишүүд, багш судлаачид, хуульчид санал бодлоо чөлөөтэй солилцсон юм. Урьд өмнөх жилүүдэд энэ өдрөөр хэвлэлийн эрх чөлөөг нэхсэн акц, суулт, бусад арга хэмжээ зохион байгуулдаг байсан бол энэ удаагийнх илүү ажил хэрэгч, үр дүнтэй боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, Б.Мөнхсоёл, МУБИС-ийн багш, доктор С.Амартүвшин, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзориг нар оролцож байр сууриа илэрхийлэв.
Тэдний хэлснээс үзвэл хэвлэл мэдээллийн хууль эрх зүйн орчинд хамгийн таагүй нөлөөлдөг зүйл нь захиалгат сэтгүүл зүй гэх зүйл бөгөөд түүний захиалагч нь төр өөрөө. Мөн тодорхой бүлэглэлийн захиалгатай зохион байгуулалттай гүтгэлгийн чанартай мэдээний урсгал, ёс зүйгүй тролл, хуурамч хаягаас тархи угаалтын чанартай мэдээлэл тараадаг, оносон хаяггүй, редакцгүй этгээдүүд, цахим мэдээний эмх замбараагүй урсгал, мөн нөлөөлөгчид, лайвчид зэрэг багтаж байна. Мөн мэргэжлийн хариуцлагатай сэтгүүл зүй, мэргэжлийн редакциуд эдгээр дундаас ялгарч харагдаж чадахгүй байгааг ч хэлж байлаа. Үүнээс болж нийгмээрээ мэдээллийн сүйрэлд нэрвэгдэж, ёс зүйн хэм хэмжээ алдагдаж буйг шүүмжилж байсныг ч хүлээн зөвшөөрөх ёстой.
“ТӨРИЙН ЗҮГЭЭС ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДДАГ БОЛ ТӨРИЙГ ХЯЗГААРЛАГЧ НЬ ХУУЛЬ ЮМ”
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах бус хамгаалах зорилгоор боловсруулсан гэдгийг тодотгов. Мөн тэрбээр “Төрийн зүгээс хэвлэлийн эрх чөлөөнд халддаг бол төрийг хязгаарлагч нь хууль” хэмээв. Өнөөдрийн байдлаар дөч гаруй хуульд хэвлэлийн эрх чөлөөг зүй бусаар хөндсөн байдаг ажээ. Одоогийн нөхцөлд сэтгүүлчдийн ажил үүргээ гүйцэтгэх үйл явцын аюулгүй байдал хамгаалагдаагүй, эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа тул хуулийг шинэчлэн найруулах шаардлага тулгарсныг ч хэллээ.
Уг төсөлд нэгдүгээрт, сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа, сэтгүүлч гэдэг ойлголтыг тодорхойлсон, хоёрт, ташаа мэдээлэл болон илт худал мэдээлэл гэдгийг ялгаж тодорхойлсон, гуравт, эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулсан, дөрөвт, хэвлэл, мэдээллийн салбарт төрийн оролцоог хязгаарлаж, ил тод болгохыг эрмэлзсэн, тавд, Сэтгүүл зүйн өөрийн зохицуулалтын байгууллагын эрх зүйн үндсийг бий болгохоор тусгасан хэмээн О.Алтангэрэл сайд хэлэв. Үлдсэн хугацаанд хуулийн төслийн 50 хувьд өөрчлөлт оруулж болохыг мөн дуулгав.
Хууль батлагдсанаар хэвлэлийн эрх чөлөөний индекс урагшилна, төрийн оролцоо хумигдаж ил тод болно, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааны хамгаалалт бодитоор бий болно, мэргэжлийн сэтгүүл зүй болон энгийн иргэдийн хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэдгийг зааглаж ялгадаг болно хэмээн үзэж байгаа юм байна. “Төрийн нууц болон үндэсний аюулгүй байдалд харшлахаас бусад бүх мэдээлэл ил тод байдаг бол хүн гүтгэх гэдэг зүйл хаагдана. Нээлттэй мэдээллээр үүнийг хаана. Хэвлэл мэдээллийн байгууллага бол ашгийн төлөө байгууллага. Монгол Улсын Ерөнхийлөгийн дэргэд МОНЦАМЭ агентлагаа үлдээгээд, төрийн байгууллагын дэргэдэх бүх хэвлэл мэдээллийн албад, рийл, лайв хийдэг бүтцийг татан буулгах ёстой” хэмээн хэлэлцүүлэгт оролцсон гишүүд хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар “Төрийн болон албаны нууц” гэсэн шошготой 1073 нууц байдаг ажээ. Түүний нэг жишээ нь алдарт “Ногоон автобусны хэрэг” юм. Энэ бүхнийг сөхөж мэдээлэл хийснийхээ төлөө сэтгүүлчид, мэргэжлийн редакц бурууддаг, яллагддаг. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хоригдсон асуудал үний нэг жишээ. Гэтэл нууц хаягтнууд бурууддаггүй, тэдэнд мөр, хаяг ч байхгүй гэдгийг мөн хэлцгээв.
СЭТГҮҮЛЧИД НУУЦ ОЛОХ ЭРХЭЭ АЛДВАЛ БИЗНЕСЭЭ АЛДАНА
Хэлэлцүүлгийн төгсгөлд сэтгүүлч Ц.Булганзаяа нэгэн “Сюрприз” барьсан нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай 1998 оны хуулийн автор, тухайн үеийн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг урьж ирүүлсэн явдал байлаа. Цөөхөн зүйл заалттай ч чамбай уг хууль хэвлэл, мэдээллийг төрөөс салгаж, өнгөрсөн 27 жилийн турш үүргээ биелүүлж ирсэн билээ. Түүнийг тайзнаа урьсан ч Э.Бат-Үүл “Би дарга нартай хамт суух дургүй” хэмээн танхимаас үг хэлсэн юм.
Тэрбээр “Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний хуулийн шинэчилсэн найруулгаар сэтгүүлчид та бүхнийг төр барьж авах эхлэлийг тавих гэж байна. Хэвлэлийн эрх чөлөөний хамгийн том аюул бол улстөрчид, төр юм. Төрийн нууцыг олох нь сэтгүүл зүйн үйл ажиллагааны оргил юм. Төрөөс сэтгүүлчдээ яаж хамгаалах вэ гэдгийг 1998 онд хуульчилсан. Хуулиа дордуулбал сэтгүүлчид өчүүхэн зүйлээс гэмт хэргийн субъект болно. Хуулийн хариуцлага хүлээх субъект болно. Хуулийг өөрчлөөд явах эрх төрд бий. Үндсэн хуулийг бол сүүлийн үед яаж л бол яаж өөрчилдөг болсон. Редакц ийм хариуцлага хүлээнэ гээд л оруулаад ирнэ шүү. Сэтгүүлчдийг барьж шоронд хийхэд хэн ч, хэзээ ч хамаалахгүй. Мэргэжлийн ажлыг яаж хуулийн зохицуулалт руу хийх гэж байгаа юм бэ. Хэрэв хууль хийх гэж байгаа бол “Хэвлэлийн эрх чөлөөг төрөөс хамгаалах тухай хууль” гэхгүй бол болохгүй шүү.
Нууц мэдээлэл олж авна гэдэг бол хэвлэл мэдээллийн хамгийн том бизнес шүү. Үүний төлөө л хэвлэл мэдээллийн байгууллагууд өрсөлддөг. Нууцыг олж авахын төлөө л явдаг. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй бол энэ. Төр харин нууцад хамааруулах ёстой мэдээллээ алдахгүйн төлөө ажиллах ёстой. Сэтгүүлчид түүнийг олж авахын тулд хамгийн өндөр технологи хэрэглэдэг. Хэрэв сэтгүүлч нууцыг олж мэдээлбэл сэтгүүлчийг бус, тэр нууцыг хариуцах ёстой ажилтныг буруутгах ёстой. Бусад оронд бол хадгалах ёстой нууцаа төр нь гадны тагнуулаас бус, сэтгүүчдээсээ хамгаалдаг юм шүү. Алдахгүйн тулд дээд зэргийн код хийдэг. Социализмын үед иргэд нь нууц олсон ч задруулах эрхгүй, ингэхээс айдаг байсан тул бүгд тэр нууцыг мэддэг ч алддаггүй байсан. Өөрөөр хэлбэл, иргэд нь айсандаа нууцыг мэдсэн ч дотроо хадгалдаг байв. Өнөөдөр төр хэрэв хадгалах ёстой нууцаа алдахгүй гэвэл дээд зэргийн хамгаалалт хий. Түүнийг оллоо гэж сэтгүүлчдийг яллаж болохгүй. Нууц олдог бизнесээ алдвал хэвлэл мэдээллийн байгууллага бизнесгүй болно. Сэтгүүлчид нууц олох эрхээ алдвал бизнесээ алдана шүү” гэсэн юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд сэтгүүлчдийн төлөөллөөс хуулийн төслийн ажлын хэсэгт оруулах талаар ярилцсанаар Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан үйл ажиллагаа өндөрлөв.
Сэтгэгдэл ( 1 )
Монголд хэвлэлийн эрх чөлөө хэтэрсэнүү гэхээс багадаагүй. Хүнийг яаж доромжилж болдгийг хэвлэлээр үзүүлдэг. Сэтгүүлч нэртэй албингууд. Одоо ямар эрх чөлөө хүсээд байгааг ойлгохгүй бна.