Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Хорватын парламентын гишүүн тус улсын парламент дахь Хорват-Монголын бүлгийн дарга Предраг Штромар тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2025.06.10) хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Хорватын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсэж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нийтлэг үнэт зүйлстэйг онцлов.
Монгол Улс Хорват Улсыг Европ дахь чухал түншийн нэг хэмээн үздэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм гэдгийг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол, Хорват Улс 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг үнэт зүйлсэд тулгуурлан хамтран ажиллаж ирсэн бөгөөд газарзүйн хувьд хол ч нийтлэг үнэт зүйлсийн нэгдэл нь харилцааг ойртуулж буйг тэрбээр дурдав.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнд 126 гишүүний бүрэлдэхүүнтэй парламент байгуулагдаж, эмэгтэй гишүүдийн тоо 32 болж, парламентын нийт бүрэлдэхүүний 25 хувийг эзэлж байна. Энэ нь парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөр Ази тивдээ тэргүүлэгч орны нэг болсон хэмээн онцлов.
Хорватын парламентын гишүүн Предраг Штромар, Монголын ардчиллыг өндрөөр үнэлдэгээ илэрхийлээд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим технологийн салбарт хамтран ажиллах оюутан, судлаач солилцох тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, соёл урлагийн төв байгуулах асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн уулзалтын үеэр Монгол Улсад байрлах “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төв”-ийг Хорватын санаачилсан “3 тэнгисийн санаачилга”-тай холбох замаар Зүүн Европ руу гарц нээх стратегийн боломж бүрдүүлэх асуудлаар санал солилцсон юм.
Мөн өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан Хорватын парламентын гишүүн, тус улсын парламент дахь Хорват-Монголын бүлгийн дарга, Предраг Штромар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан эрхэм төлөөлөгчидтэй уулзаж буйдаа талархал илэрхийлээд, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд олон салбарт үр дүнтэй хамтын ажиллагаа өрнөж ирснийг дурдаж, энэхүү айлчлал түүхэн холбоог шинэ шатанд гаргах боломж гэдгийг онцоллоо.
Уулзалтын үеэр хоёр улсын хууль тогтоох байгууллагын хоорондын харилцааг өргөжүүлэх, парламентын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг боловсрол, эдийн засаг, соёл, батлан хамгаалах болон залуучуудын солилцооны чиглэлд гүнзгийрүүлэх талаар санал солилцов.
Тэрбээр хоёр орны ардчилсан үнэт зүйл, түүхэн харилцаа, хамтын ажиллагааны боломжийн талаар танилцуулсан бөгөөд боловсролын салбар, судалгааны төвүүдийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, Загребын их сургуулийг төгссөн монгол судлаачдын жишээг дурдсан.
Хорватын парламентын гишүүн Предраг Штромар, Хорватын талаас оюутан, судлаач солилцох тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, соёл урлагийн төв байгуулах, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим технологийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар тэмдэглээд, Монголын ардчиллын хөгжлийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн энэ үеэр “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төв”-ийг Хорват Улсын санаачилсан “3 тэнгисийн санаачилга”-тай холбох замаар Зүүн Европ руу гарц нээх стратегийн боломжийн талаар ярилцсан.
Мөн талууд парламент хоорондын шууд харилцаа, харилцан айлчлал, боловсрол, судалгаа, энхийг сахиулах ажиллагаа болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цаашид үр дүнтэйгээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцов.
Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Б.Хэрлэн нар оролцлоо
Сэтгэгдэл ( 0 )