Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.24) хуралдаан 10 цаг 11 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд өмнөх Засгийн газрын сайд нарын эрхлэх асуудлын чиг үүргийг шинээр томилогдож байгаа Засгийн газрын гишүүдэд шилжүүлэх зохицуулалтын талаар, боомтын сэргэлтийн асуудлыг Сангийн сайдын чиг үүрэгт хамааруулсан нь оновчтой эсэх талаар, агентлагийн тоог бууруулахтай холбоотой асуудлаар тодруулга хийж, Засгийн газрын гишүүдээс хариулт авав. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооны гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм.
Иймд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл ( 0 )