Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.24) хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хоёр зүйлтэй тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцсэн юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасны дагуу Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг гаргав. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн энэхүү горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Түүнчлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалын гаргасан санал дэмжигдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу ““Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Ц.Даваасүрэн танилцуулахад Байнгын хорооны гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэв. Иймд төслийг батлах санал хураалт явууллаа.
Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 19 гишүүний 12 нь дэмжснээр дээрх Байнгын хорооны тогтоол батлагдлаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал тус ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, М.Бадамсүрэн, Б.Заяабал нар ажиллана
Сэтгэгдэл ( 0 )