Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.06.26) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүдийн 57.1 хувийн ирцтэйгээр 10 цаг 05 минутад эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр товлов.
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан талаар танилцууллаа. Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Төсвийн байнгын хороонд хуваариллаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нарын 16 гишүүнээс энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг төслүүдийг чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу 67.5 хувь дэмжлээ.
Дараа нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал энэ сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Байнгын хорооны 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, П.Сайнзориг нар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгатай холбогдуулан ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авчээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасныг баримтлан гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын хэсэг хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй таван санал, найруулгын гурван санал, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтыг баримтлан анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн болон гүйцээн боловсруулах чиглэл авсан нэг зарчмын зөрүүтэй саналыг боловсруулж Байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулан шийдвэрлэжээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн хэмээн О.Номинчимэг гишүүн танилцуулсан.
Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Мөнхсоёл нар өмнөх өдрийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсний дагуу танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, О.Номинчимэг гишүүнээс хариулт, тайлбар авав. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заалтыг үндэслэн Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ийнхүү санал хураалт явуулж дууссаны дараа тухайн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Чуулганы нэгдсэн хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Хууль зүйн байнгын хорооны төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж,нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн гэв. Үүний зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу ажлын хэсгээс “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсэн болохыг П.Сайнзориг гишүүн танилцуулав. Тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын тогтоолын тус төслийг дэмжсэн юм. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.
Улсын Их Хурлын гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заалтыг үндэслэн Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулсны дараа тухайн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )