Олимпийн амжилтын дараа л тайвширна даа

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 09

Монголын жүдочид зургаан цувралаас 12 медаль хүртэж, эх орондоо ирсэн. Тэднээс олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгдийг онцолж болох юм. Учир нь хоёр ч тэмцээнээс дараалан алтан медаль хүртсэн. Энэ нь манай улсын жүдо бөхийн түүхэн дэх ховор тохиолдлын нэг. 12 жилийн турш жүдогоос шантраагүй байгаа тэрээр 20 настайдаа Дохагаас хүрэл медаль хүртэж томоохон амжилт гаргасан бол 22 настайдаа олимпийн татамид зодоглосон юм. Улсынхаа дэвжээнд найман удаа түрүүлж, буурал тивд өндөр амжилт үзүүлсэн түүнийг болон жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Эрчүүдээс дутахгүй амжилт үзүүлж яваа бүсгүйчүүддээ салбарын сайд нь эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэндийг хүргээд, баглаа цэцгээр бэлэг барьсан. Энэ үеэр олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгдтэй ярилцлаа.



-Юун түрүүнд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе?

-Баярлалаа. Энэ дашрамд Монголынхоо нийт бүсгүйчүүд болон ээждээ, үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нартаа эмэгтэйчүүдийн баярын мэндийг чин сэтгэлээсээ хүсч байна. Та бүхэн сайхан баярлаарай.

-Тэмцээн уралдаан гээд баяр ёслол тэмдэглэх нь ховор байдаг. Харин энэ удаа нутагтаа байж таарлаа. Энэ баярыг яаж тэмдэглэх гэж байна вэ?

-Харин тийм ээ. Тэмцээн уралдаан гээд баяр ёслолыг мартчихдаг юм. Гэхдээ жил бүр манай жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нар бяцхан ёсолдог уламжлалтай. Энэ жил ч мөн адил иймэрхүү байдлаар л тэмдэглэх байх.

-Хэн нэгнээс өөрт тань ямар нэгэн гэнэтийн бэлэг барьсан уу?

-/Инээв/. Одоохондоо тийм зүйл авч амжаагүй л авч байна. Харин хамгаас хайртай ээждээ хандаж “Охин нь тандаа маш их хайртай шүү. Намайг төрүүлж өсгөж, өдий зэрэгтэй тамирчин болгосон та минь миний шүтээн ” гэж хэлмээр байна. Байнга тэмцээн уралдаан гээд явчихдаг болохоор ээждээ энэ үгийг тэр бүр хэлж чаддаггүй юм. Ээждээ хайртай учраас энэ баярыг хэзээ ч мартдаггүй” гэж хэлье.

-Европын цувралын хоёр ч тэмцээнээс дараалаад алтан медаль хүртлээ. Энэ жилийн тэмцээний онцлог юу байв?


-Дэлхийд чансаагаараа эхний аравт багтдаг миний жингийн бүх шилдэг өрсөлдөгчид энэ цувралд оролцсон. Бид тэднийг ялж алтан медаль авсандаа баяртай байна. Тэдний дунд Бээжингийн олимпийн аварга хүртэл байгаа шүү дээ. Тамирчин хүний хүсэн хүлээдэг оргил үе бол төрийн дууллаа  эгшиглүүлэх. Энэ үед сэтгэл өндөр байсан. 

-Европын дэвжээ танд хэр зэрэг ээлтэй байдаг вэ. Урьд нь ямар ажилт гаргаж байв?

-Дөрвөн жилийн өмнө дээрх тэмцээнүүдэд анх оролцохдоо тийм ч сайн барилдаагүй. Туршлага бага байж дээ. 2009 оны Прагийн Дэлхийн цомд тавдугаар байр эзэлсэн, ноднин мөн Герман, Польшийн тэмцээнүүдэд зодоглосон. Тэр үед чинь олон улсын том тэмцээнүүдэд бараг л анх удаа зодоглож байлаа шүү дээ. Харин одоо бол арай өөр болсон.




-Та багш нарын мэргэн зөвлөгөөний хүчинд өндөр амжилт гаргасан гэж хэд хэдэн удаа ярилаа. Өрсөлдөгчдийнхөө арга барилыг ч их судалсан байх. Дэвжээнд гарахын өмнө эмээх сэтгэл төрж байв уу?


-Жүдо бөх дэлхийн 200 гаруй оронд хөгжсөн спорт. Тиймээс жилээс жилд өрсөлдөгчдийн арга барил нарийсч байгаа ч хэн муу барилдахыг хүсэх билээ. Өрсөлдөгчдийнхөө барилдааны бичлэгийг үзэж, судалгаа сайтар хийсэн учраас айж зүрхшээгээгүй. Техникийн хурдацтай дэвшлийн дүнд өнөөдөр тамирчид судалгаанд тулгуурлан, тактик боловсруулдаг жишиг тогтсон. 

-Аваргын төлөөх барилдааны өмнө юу бодож байв? 

-Юу ч бодохыг хүсээгүй. Хариуцлагатай үед элдвийг бодон, нервтэх хэрэггүй гэдгийг сайн ойлгосон. Дэвжээнд ялах хүслээр дүүрэн гарсан даа. Шагналын тавцангийн тэргүүнд зогсож, төрийн дууллаа эгшиглүүлэх торгон агшинг алдахыг хүсээгүй. 

-Онгоцны буудал дээр уулзахад одоо л ядарснаа мэдэрч байна гэж байсан. Ядаргаагаа хэрхэн тайлж байна вэ? 

-Хоёр алтан медаль хүртсэний дараа л ямар их ядарснаа мэдэрсэн. Тухайн үед бушуухан эх орондоо буцаж очоод ойр дотныхонтойгоо уулзах юмсан, Халуун цай хоол идэхсэн гэж бодсон. Бидний авч явсан шууз эхний хоёр тэмцээний дараа дууссан болохоор голдуу хоёрдугаар хоол идсэн юм байна. Ирдэг өдрөө ээжийнхээ хийсэн банштай цайг уух үнэхээр сайхан байсан. Тэр цай миний ядаргааг тайлах шиг болсон. Харин одоо улсын аваргадаа амжилт гаргах гээд завгүй л байна.

-Европын уур амьсгалд дасан зохицоход хэр хүндрэлтэй байв? 


-Монгол хүн энэ чадвараар бусад орныхноос илүү юм шиг. Энэ тал дээр нэг их бэрхшээл гараагүй. Хамгийн хэцүү зүйл нь Европын тэнгэр үргэлж бүрхэг байдаг. Тийм болохоор Монголынхоо нарыг их санасан шүү. 

-Өмнө нь оролцож байсан тэмцээнүүдтэй харьцуулбал, маш дайчин, хурц барилдааныг энэ удаа гаргалаа. Харин та өөртөө ямар дүгнэлт хийж байна вэ? 


-Нас залуу, туршлага бага байсан болохоор өмнөх тэмцээнүүдэд санаанд хүртлээ сайн барилдаж амжаагүй байж магадгүй. Харин одоо энэ спортоор удаан хичээллэхийн хэрээр бага багаар туршлага сууж байна. Үүнийгээ ч заримдаа мэдэрдэг.

-Тэртээ 12 жилийн өмнө яагаад заавал бөхийн спортыг сонгох болсон юм бэ?

-Би эмээгийн хүүхэд. Ойтойгоосоо эмээгийнхээ хажууд байж, ажилд нь чадах хэрээрээ тусалдаг байсан юм. Эмээ минь намайг их магтана, охиноо бөх болгоно гэж үргэлж ярина. Тавдугаар ангид орсон жил эмээ маань нагац эгчид хэлж байж, намайг Спортын төв ордонд хичээллэх бөхийн секцэнд бүртгүүлсэн. Барилдаж байгаа охидыг анх хараад эмээх сэтгэл төрсөн. 2001 онд болсон Азийн аваргад гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од эгчийг түрүүлэхийг хараад түүн шиг тамирчин болох хүсэл оргилсон. Надад жүдо, самбын “А” үсэг заасан багш бол “Женко”-гийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа. Суурийг минь сайн тавьсны хүчинд өдий дайтай явна даа.   

-Бөхөөр хичээллэхээсээ өмнө ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг байв Сурагч ахуйдаа Лхамдэгд ямар хичээлийг илүү сонирхдог байсан бол?


-Монгол хэл, физикийн хичээлд дуртай, сургуулийнхаа цэвэр бичигтнээр шалгарч байсан. Цагдаа болохыг мөрөөддөг байж билээ. Дэг жаягтай хүнд дуртай болохоор энэ мэргэжил илүү таалагдсан байх.

-Анхны амжилтаа жүдо, самбын аль төрөлд гаргасан бэ?
 

-2003 онд болсон самбо бөхийн Азийн аварга шалгаруулах өсвөр үеийнхний тэмцээнээс алтан медаль хүртсэн. Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай. Гэхдээ 2005 оноос хойш энэ төрлөөр барилдаагүй юм байна. 

-Аварга болж чадаагүй тэмцээнүүд харамсалтай санагддаг гэж тамирчид ярьдаг. Харин таны хувьд?


-Нэгэнт өнгөрсөн зүйлийг эргэн санаж харамсахын оронд алдаагаа давтахгүй байхыг л хичээдэг. Миний хувьд медальд хүрсэн бүх тэмцээн дурсамжтай. 

-“Бээжин-2008”-д шагналт байрт орсон залуу жүдоч “Лондон-2012”-ын талаар нэгийг бодож байгаа байлгүй. Тийм үү? 

-Жүдочид оноо цуглуулж, олимпод оролцох эрх авдаг. Сая болсон цувралуудын өмнө би чансаагаараа 33-т жагсч байсан. Харин одоо 16-д багтлаа. Үүнд сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ наймаг цаашид маш олон сорил, даваанууд хүлээж байна. Олимпод амжилт гаргасныхаа дараа л тайвширна даа. 

-Харин таны хувьд боловсролоо хэрхэн дээшлүүлэх төлөвлөгөөтэй байна? 

-Хамгийн түрүүнд тамирчин болсныхоо үр шимийг амсах зорилготой. Харин дараагийн төлөвлөгөө нь спортоо орхисны дараа эдийн засгийн чиглэлээр суралцана. 

-Уучлаарай сонирхоод асууж байгаа юм шүү. Тамирчид ихэнх нь байр, машинтай болж. Харин өөрт тань бий юү?


-Лизингээр авсан байрандаа амьдарч байгаа. Уг нь жолооны курст суралцсан ч машин барихаас айгаад байх юм. Халтиргаа, гулгаа бага болохоор машин жолоодно оо. 

-Тамирчид гоо сайхан хэр анхаардаг вэ?

-Гоо сайхандаа анхаарах цаг төдийлөн гардаггүй. Өдөр бүр үсээ угааж, нүүрэндээ тос түрхэх нь гоо сайхандаа анхаарч байгаа нэг хэлбэр  юм уу? Гэхдээ эмэгтэй хүн ямар байх хэрэгтэй, тийм байхыг хичээдэг.
 
-Та бүхэн цаг зав багатай хүмүүс. Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?


-Хөгжим сонсч, дуулах дуртай. Ийм маягаар л чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Гэхдээ зав үнэхээр бага байдаг юм.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе?


-Баярлалаа. Танай сониноор дамжуулаад “Женко” клуб болон дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, Х.Баттулга ах нартаа намайг үргэлж дэмжиж тусалдагт баярлалаа гэж хэлье. Цаашид улам илүү өндөрлөгт гарахын төлөө хичээх болно.

Б.Мөнхзул.
Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top