Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээлэл сонслоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 04

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2025.11.04/ цаг үеийн сэдвээр мэдээллүүд сонслоо. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Хуралдаан Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллээр үргэлжлэв. Эхлээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн мэдээлэл хийв.  

Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 56 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 19 арга хэмжээг тусгасан нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан салбарын сайдаар батлуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын 56 дугаар тогтоолын дагуу долоон арга хэмжээ бүрэн хэрэгжсэн, 12 арга хэмжээ хэрэгжих шатанд, нэг арга хэмжээ хэрэгжилт хангалтгүй түвшинд байна гэв.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ, ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундаж зэрэг мэдээлэлд үндэслэн 11 дүгээр сарын байдлаар боловсруулан гаргасан байна. Уг үнэлгээнээс үзэхэд нийт нутгийн  3.0  хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг, 26 хувьд бага, 28 хувьд маш бага хүндрэлтэй байхаар байна. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн ихэнх нутгаар цасны нөхцөл тооцоогдоогүй байх үед зудын эрсдэл их болон нэн их түвшинд үүсэж байгаа нь өвөлжилт тухайн аймгуудад хүндрэх төлөвтэйг харуулж байна гэсэн байлаа.

Энэ жил улсын хэмжээнд 213.3 мянган малчин өрхөд 65.7 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая хонь өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн гарсан. Үүнээс 16.6 мянган малчин өрхийн 5 сая 724 мянган толгой мал өвөлжихөөр байгаа бөгөөд нийт отроор өвөлжих малын 0.6 сая толгой мал нь өөр аймгийн нутагт, 1.2 сая нь өөрийн аймгийн сумдад, 0.1 сая толгой мал нь сум дундын отрын бүс нутагт, 0.5 сая мал аймаг дундын тусгай хэрэгцээний нутагт, 1.0 сая мал хилийн зурвас бүс нутагт, 2.0 сая мал Улсын тусгай хамгаалалттай газар тус тус өвөлжих хүсэлт гаргасан тул холбогдох зохицуулалтыг хийн ажиллаж байгааг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэлдээ онцолсон.

Мөн Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолын хүрээнд аймаг, сумын аюулгүй нөөцөд нийт 36.4 мянган тонн бүдүүн, 30.8 мянган тонн хүчит тэжээлийг бэлтгэхээс бүдүүн тэжээлийн бүрдүүлэлт 77.4, хүчит тэжээлийн бүрдүүлэлт 35.8 хувийн гүйцэтгэлтэй бэлтгэж байна. Энэ онд улсын хэмжээнд малчдын түвшинд хадлан 1.3 сая, сүрэл 4.7 мянга, ногоон тэжээл 51.0 мянга, үйлдвэрийн тэжээл 26.0 мянга, гар тэжээл 29.3 мянга, дарш 3.4 мянга, давс, хужир  66.9 мянган тонн тус тус бэлтгэж байна гэж байлаа.

Түүнчлэн мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүд 2025-2026 онд нийт 162 мянган тонн мах экспортлох нөөцтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 59 аж ахуйн нэгж 51.0 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг 211.2 сая ам.доллароор экспортолсон байна. 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 57099 толгой бог малыг амьдаар экспортод гаргах зөвшөөрөл олгосноос 43000 толгой малыг экспортолсон. Мах, малыг хонин толгойд шилжүүснээр 2.8 сая толгой малыг экспортлоод байна. Амьд малын экспортыг авч үзвэл Бүгд Найрамдах Узбекистан Улс руу 26565 толгой хонь, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу 2680 толгой хонийг тус тус экспортолсон гэв.

Энэ жилийн ургац хураалтын тухайд улсын хэмжээгээр 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 278.3 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн улаан буудай, 108.5 мянган тонн төмс, 208.6 мянган тонн хүнсний ногоо, 146.5 мянган тонн малын тэжээл, 27.4 мянган тонн тосны ургамал, нийтдээ 762.5 мянган тонн ургац хураан авсан. Нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 62.5, төмсний 78.5, хүнсний ногооны 72.6 хувийг дотоодын ургацаар хангахаар болсныг Т.Жамбалцэрэн дарга мэдээлэлдээ дурдсан.

Дараа нь “Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад шийдвэрлэх шаардлагатай зарим арга хэмжээний талаар” Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцуулав.

Тэрбээр мэдээлэлдээ, Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 750 төсөл арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байгааг онцлон тэмдэглэсэн.

Тодруулбал, дулаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэлийн тухайд, дулааны гол 15.6 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бөгөөд хэрэгжилтийн явц 100 хувьтай байна. Мөн цахилгаан хангамжийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөгөөр үндсэн шугам тоноглолын нийт 31 нэр төрлийн 98 ажил, урсгал засвараар 3387 шугам тоноглолд тус тус засварын ажил хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж, гүйцэтгэл 96.6 хувьтай байгааг дурдсан байлаа.

Түүнчлэн Нийслэлийн долоон дүүрэгт байрлах 25 агуулахад 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлш 8776 тонн, хагас коксон түлш 2800 тонн нөөцлөлттэй байна. Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэрт сайжруулсан шахмал түлш 200 тонн, хагас коксон түлш 3188 тонн, савласан коксон түлш 4128 тонн нөөцтэй байна. Нийт дүнгээр сайжруулсан шахмал түлш 8976 тонн, хагас коксон түлш 10116 тонн, нийтдээ 19,092 тонн түлшний нөөц бүрдүүлээд байна. Агаарын чанарыг сайжруулах долоон дүүргийн иргэдэд түлшний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор 397 борлуулалтын цэгээр түлш түгээлт хэвийн үргэлжилж буйг мэдээлэлд дурдсан байв.

Угаарын  хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хүрээнд Нийслэлийн Засаг даргын  захирамжаар 2025 онд 112000 ширхэг алсын зайн дамжуулагчтай угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулсан. 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/1437 дугаар захирамжаар 45000 ширхэг төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/1276 дугаар “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулах зарим арга хэмжээний тухай” захирамжаар Нийслэлийн болон дүүргийн шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд гарын авлага, зөвлөмжийг  аж ахуйн нэгж байгууллагад 14881 удаа, иргэдэд 287224 удаа хүргэсэн. “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ халаалтын улирал эхэлснээс хойш 24605 дуудлага хүлээн авч, 49210 иргэний амь нас, эрүүл мэндийг хамгаалж ажилласан. Нийслэлийн  долоон дүүргийн хэмжээнд 78566 өрхөд хяналт шалгалт хийж, зөв галлагааны заавар зөвлөгөө өгч, угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагаа, зуух пийшингийн бүрэн бүтэн байдлыг шалган ажиллаж 545 өрхөд зуух пийшингийн засвар үйлчилгээ хийсэн. Хяналт шалгалтын явцад зөвшөөрөлгүй түүхий нүүрс хадгалсан, худалдсан гурван зөрчил илэрсэн хэмээн мэдээлэлд дурдсан байв.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ бэлчээрийн төлөв байдлын асуудалд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам  ажлын уялдаа, үйл ажиллагаа сайжруулах шаардлагатай. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай тухай хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарах нь зүйтэй  гэв. Түүнчлэн нийслэл өвөлжилтийн бэлтгэл ажлын хангах хүрээнд  нийтийн тээвэрт үйлчлэх автобусуудыг цагаар нь явуулахад ажил хэрэгчээр асуудалд хандаж, ажиллахыг хүслээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бензин, шатахуун түлшний ханган нийлүүлэлт, нөөц, түгээлтийн хэвийн байдлыг ханган ажиллах, нэгэнт бий болсон агуулах, бааз суурь дээрээ түшиглэн мал махны бэлтгэлийн асуудалд салбарын яам тодорхой бодлого гаргах, малын тэжээлийн асуудалд бодлогын зохицуулалт хийх нь зүйтэй гэдгийг онцгойлон анхаарууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top