
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны /2025.11.05/ хуралдаан 15 цаг 40 минутад үргэлжилж, Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.
Тэрбээр, ""Төсвийн урсгал зардал нь өмнөх оноос 585.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд хууль, тогтоомжид заасны дагуу тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулж нэмэхэд 378.0 тэрбум төгрөг, хүүхэд, ахмад настны тооны өсөлтөөс шалтгаалсан халамжийн зардалд 45.3 тэрбум төгрөг, сурагчийн тооны өсөлттэй холбоотой боловсролын салбарын зардалд 81.2 тэрбум төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын төсвөөс хариуцах эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон тусламж, үйлчилгээний зардалд 79.0 тэрбум төгрөг зэрэг зайлшгүй нэмэгдэх зардлууд нөлөөлсөн.
2026 оны төсвийг өргөн барьсан төслөөсөө нэг төгрөг ч хасах боломжгүй. Өргөн барьсан төсөл нь 2026 оны жилийн төлөвлөгөөг биелүүлэхэд зориулсан төсвийн орлого, зардал байдаг.
Өөрөөр хэлбэл, хөгжлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж байж төсвийн зардал хөдөлнө. Төсөв өргөн барьснаас хойш цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлыг Улсын Их Хурлаар ярьж байна. Хий хоосон зардал гэж байхгүй.
Гагцхүү төсвийн ерөнхийлөн захирагч бүр 2026 онд хүрэх төлөвлөгөөнөөсөө 10 хувиар хойшоо ухарч байж, цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүд гарч ирж байгаа" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )