
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит IX хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.
Хамтарсан хорооны IX хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн дарга С.Бямбацогт, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ким Жин А нар ахалж, хоёр улсын яам, холбогдох албаны төлөөлөл оролцов.
Энэ удаагийн хуралдаан нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд болж буйгаар онцлог бөгөөд талууд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн илүү, өргөн боломж нээх, Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн төслийг харилцан ашигтайгаар байгуулахын чухалыг онцлов.
Түүнчлэн, Солонгос улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, тусламжаар хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрийн явцыг дүгнэж, зарим удаашралтай хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулаан станц барих”, “Баянголын ам” орон сууцны төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахаар тохиров.
Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг нааштай шийдвэрлэх, харилцан адил нөхцөлөөр зорчих, түүний дотор эмчилгээний зорилгоор тус улсад зорчих иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөхөд дорвитой ахиц гаргах талаар санал солилцов.
Хамтарсан хорооны ээлжит X хуралдаан ирэх онд Сөүл хотноо зохион байгуулагдана.



Сэтгэгдэл ( 0 )