Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн чадавхыг бэхжүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2026.01.27/ Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид ажиллаж, холбогдох агентлагийн удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.

Энэ үеэр Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээний танилцуулга болон лабораториудын харьцуулсан судалгааг холбогдох албаныхан танилцуулсан юм. Мөн лабораторийн тогтолцоог сайжруулах зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгааг онцоллоо.

Шадар сайд Х.Ганхуяг, хүнсний аюулгүй байдал бол зөвхөн хэрэглээний асуудал биш. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэнд, улсын эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой стратегийн чухал асуудал.

Өнөөдөр манай улсад лабораторийн чиг үүрэг давхардсан, тоног төхөөрөмжийн чадавх жигд бус, хүний нөөц тогтворгүй, салбар хоорондын уялдаа сул байгаагаас шалтгаалан зарим эрсдэлүүд үүсэж байгаа. Эдгээр нь санамсаргүй алдаа биш тогтолцооны сул талтай холбоотой. Иймээс үүнийг хэсэгчлэн бус, үндсээр нь шийдэх шаардлагатай.

Лабораторийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн эцсийн зорилго нь Монгол Улсын иргэн бүрийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, экспортын итгэлцлийг баталгаажуулах, төрийн бодлогыг шинжлэх ухаанд суурилсан, хариуцлагатай, найдвартай болгох. Гэхдээ энэ бол нэг удаагийн арга хэмжээ биш. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх урт хугацааны институцийн шинэчлэл. Засгийн газар энэ зорилгын төлөө бодит үр дүн гарган, хариуцлагатай ажиллах болно гэдгийг онцоллоо.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори бол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, экспорт, гадаад худалдааны итгэлцлийг баталгаажуулах, төрийн шийдвэрийг шинжлэх ухааны нотолгоогоор хангах стратегийн чухал байгууллага. Энэ үүргийг хангахын тулд Монгол Улсын Шадар сайдын зүгээс 2026 онд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг лабораторийн чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлж байна. Тиймээс улсын хэмжээнд лабораторийн салбарт өөрчлөлт шинэчлэлт хийхэд холбогдох мэдээллүүдийг нэгтгэж танилцуулах, шаардлагатай судалгаануудыг хийх зэрэг үүрэг, чиглэлийг Шадар сайд холбогдох агентлагийн удирдлагуудад өглөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(202.126.88.124) 32 минутын өмнө

Хотоор дүүржн хятад хоолны газар сайн шалгах хэрэгтэй. Хятад хоол бол зэвсэг гэсэн л үг, өнөөдөр биш гэхэд маргааш хордоно.

0  |  0
Top