Балгийн сангаас Баялгийн сан руу

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Анх Баялгийн сангийн тухай хууль хэлэлцэж байхад хэдэн гишүүд “Баялгийн сан биш Балгийн сан” боллоо гэж үгээр наадаж байв. Сан нэрээр саачхаад саасан нөхөд саачихсан мөнгөтэйгөө цуг сураг алдарсан болохоор хэн, хэнд л айдас байсан байх. Ямар ч байсан өөрийнх нь спикер байхад батлагдсан хуулиа өөрөө Ерөнхий сайд болоод жинхэнэ утгаараа хэрэгжих баялгийн сан болгох эхний шангаа татлаа. Монголын улс төрийн түүхэнд бас л содон түүх юм.

Өөрийнхөө өеөдүүлж унангаа алдсан Г.Занданшатар өчигдөр бараан шошготой Ухаа худгийн ордын 60-аас доошгүй хувийг Үндэсний баялгийн санд хуримтлуулах хэлэлцээр хийлээ. Үүнээс нэг зүйлийг анхааралтай ажиглах ёстой. Хэлэлцээр гэснийг. Хэлэлцээр гэдэг нь яг ч тохиролцоогүй яриа цаашаа үргэлжилнэ ээ гэсэн үг. Одоо та утсаа аваад “И-Монгол”-оо нээ. Нээгээд “Төрд байгаа миний мэдээлэл” цэсэд буй Чингис хаан Үндэсний баялгийн сан гэх цэс рүү ороод харвал 175,439 төгрөг нэмэгдэнэ ээ л гэсэн үг. Нэг ёсондоо танд энэ хэмжээний хуримтлал байгаад тэр нь нэмэгдэнэ гэж ойлгож болно. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын хэлснээр 2030 он гэхэд энэ тоог 10 саяд хүргэнэ гэнэ лээ. Тиймээс үр дүнд хүрэхийн тулд иргэдийн хяналт чухал. Эхлүүлсэн хэлэлцээр дараах хэдэн үр дагаврыг дагуулна.

Эдийн засгийн үр дагавар

Иргэдийн хуримтлал бодитой болно. “Ухаа худаг”, “Нарийнсухайт”, “Баруунаран”, Эрдэнэтийн үүсмэл ордуудын өгөөжийн 60% Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэдийн нэр дээрх дансанд хуримтлуулна. Иргэд 2030 оноос эхлэн зарцуулах эрхтэй болохоор байна.

Тогтвортой санхүүжилт үүснэ. Энэ нь улсын төсөвт шууд орлого болж очихоос гадна ирээдүйд тогтвортой хөрөнгө оруулалтын эх үүсвэр болно.

Баялгийн шударга хуваарилалт бий болно. Бид баялгийн шударга хуваарилалт гэж олон ч жил ярьсан даа. Гэхдээ ихэвчлэн сонгуулийн өмнөхөн л энэ үг моод болчихдог гэмтэй. Гэхдээ ямар ч гэсэн уул уурхайн өгөөж цөөн компанид төвлөрдөг байсан бол одоо нийт ард түмэнд хүртээх механизм бий болж байна гэж ойлгож болно.

Улс төрийн үр дагавар

Г.Занданшатарын Засгийн газар базаахгүй хэдэн дүр зурагтай байгаа. “Халж, сольдог”, “Данхайсан бүтэцтэй” гэсэн шүүмжлэл харагдаж байгаа энэ цаг үед “хулгайтай тэмцэж”, “баялгийн сан бүрдүүлэх” гэсэн амлалтдаа юутай ч хүрчихлээ. Тэгэхээр нэр хүнд нь бага ч гэсэн дээрдэж, улс төрийн дэмжлэг өөрт нь ирнэ гэсэн үг.

Төр хувийн хэвшил гэж ярих болсон цагт томоохон компаниудтай хэлэлцэж байгаа нь энэ үг ор хоосон байгаагүйг илтгэнэ. 

Нөгөө талаар төр-хувийн хэвшлийн түншлэл гэж ярих болсон энэ цагт Г.Занданшатарын Засгийн газар “Энержи ресурс”, “Ачит Ихт”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” зэрэг компаниудтай урьдчилсан тохиролцоонд хүрсэн нь энэ яриа үнэхээр ажил хэрэг болсон гэх сэтгэгдэл төрүүлнэ.

Сөрөг үр дагавар

Сангийн менежмент, хяналт, ил тод байдлыг хангахгүй бол иргэдийн итгэл алдрахаас гадна, айсуй сонгуулиудад намаа тонгорч мэдэх эрсдэл болж ч мэднэ.

Нөгөөтээгүүр уул уурхайн компаниудын бодит эсэргүүцэлтэй тулж болно. Ашгийн хэвшсэн хуваарилалт өөрчлөгдөх нь зарим компаниудын эрх ашгийг хөндөж болзошгүй юм.

Өөр нэг сөрөг үр дагавар бий нь улс төрийн ашиг сонирхол. Аль нэг талаас, эсвэл бүр дотор талаас нь үүнийг өлгөж аваад муучлах хүн бишгүй бий. Эхнээсээ ер нь шүүмжилсэн харагдана лээ. Бүр зарим нь автор болж тодрох гээд би л дэмжсэн, одоо хамтдаа зүтгэе гээд попорч болох юм.

***  

Монгол Улс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Засгийн газрын тусгай тухай хуулийг шинэчилж байлаа. Энэ шинэчлэлээс хойш хуульд нийтдээ 14 удаа нэмэлт өөрчлөлт орж байж. Та бүхэн санаж байгаа “ковид-19” хаяанд ирчхээд, эдийн засгийн тэр их өсөлт гаднын хүчин зүйлээс шалтгаалж саарахын яг өмнө, сангуудаар саагаад “хариуцлага” хүлээлгэсэн мэдээллээс яг нэг жилийн дараа энэ хууль батлагдаж байжээ.

Манайхтай ижил гараанаас гарсан Казахстаны баялгийн “Самрук-Казына” санг Анх тус улсын эрх баригчид дотоодын эдийн засгийн өрсөлдөөнийг хангаж, тогтвортой байдал бий болгох, ирээдүйд хуримтлагдах орлогыг нэмэгдүүлэх зорилгоор энэ санг байгуулж байв. Ингэхдээ 81 тэрбумын үнэлгээтэй “КазМунайГаз”, “КазАтомПром”, “Казахстан Темир Жолы” зэрэг хэд, хэдэн төрийн өмчит компанийг багтаасан. Үүгээрээ эдийн засгаа тэлэх томоохон мега төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулдаг байна. Одоо тус сангийн хөрөнгө 2024 оны байдлаар 5.1-5.3 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Зөвхөн 2021-2024 оны өсөлтийг нь харвал 12% байна. Одоо тус улсын ДНБ-ний 7.5%-г бүрдүүлдэг эдийн засгийн бодит өгөөжтэй болжээ.

Казахстаны баялгийн сан 2008 онд байгуулагдсан. Одоо хөрөнгө нь 5.3 тэрбум ам.доллар. 

Энэ зүг рүү явж чадвал Г.Занданшатарын байгуулсан том гавьяа гэж тооцогдоно. Засаг атгасан хугацаа, элдэв олон төсөл “мөсөл” гэхгүйгээр үр дүнд хүргэж чадвал гавьяа болоод үлдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top