Энхийн зөвлөлд Газын зурвасыг сэргээн босгох төлөвлөгөөг танилцуулна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын засаг захиргаа Вашингтон хотноо энэ сарын 19-нд болох Энхийн зөвлөлийн анхны хуралдаанаар Газын зурвасыг сэргээн босгох болон Олон улсын тогтворжуулах хүчнийг бүрдүүлэх төлөвлөгөөг танилцуулахаар төлөвлөж байна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн эх сурвалжийн мэдээллээр, Цагаан ордны тэргүүн Доналд Трамп Газын зурвасыг сэргээн босгоход чиглэсэн олон тэрбум ам.долларын сан төсөв бүхий сан байгуулах тухай мэдээлэх гэнэ. Төсөвт Энхийн зөвлөлийн гишүүн орнуудаас өргөсөн хандивыг татан төвлөрүүлэх бөгөөд Трамп хуралдааны үеэр хэдий хэмжээний хандив цугласан тухай мэдэгдэнэ.

Түүнчлэн, хэд хэдэн гишүүн орон цэргүүдээ тогтворжуулах хүчинд оролцуулах талаар мэдээлэх бөгөөд эл хүчин Газын зурваст үүрэг гүйцэтгэх юм.

Энхийн зөвлөлийн анхны хуралдаанд 20 гаруй орны төлөөлөгчид, тэр дундаа төр, засгийн тэргүүн нар оролцоно.

Өнгөрөгч нэгдүгээр сарын 22-нд 19 орны төлөөлөгчид Давос хотноо Энхийн зөвлөлийн дүрэмд гарын үсэг зурсан билээ. Энэхүү зөвлөлийн Газын зурвасыг удирдах асуудлаар Израил, Хамас хөдөлгөөний хооронд хүрсэн тохиролцооны дагуу байгуулсан ба цаашид бусад бүс нутгийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг мөн хариуцна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top