Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын чуулган дээр 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн хуулийн танилцуулга хийж байна.
Тэрбээр: Бид дэлхийг өөрчлөхгүй ч өөрчлөгдөж буй дэлхийд Монголоо хохирол багатай авч үлдэж, эдийн засгаа хамгаалах үүрэгтэй.
Иргэн, хувийн хэвшил, баялаг бүтээгч нарынхаа хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлд итгэж, итгэлцэл дээр эдийн засгаа идэвхжүүлэн, цусны эргэлтийг эрчимжүүлэх нь Засгийн газрын үндсэн жанжин шугам байх болно.
Улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр бататгаж, улс орны тусгаар тогтнолоо эдийн засгийн эрх чөлөөгөөр гагнах нь Та бидний бүгдийн эрхэм дээд эрх ашиг.
Орлого, зарлагаас илүү итгэлцлийг төлөвлөж байна. Тодорхойгүй байдалтай дэлхийд тогтвортой байдал, харилцан итгэлцлээр бат бэх оршин тогтноно.
Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Улс орныхоо хөгжил, ард түмнийхээ ахуй амьдралын төлөө бодлого шийдлээ уралдуулцгаая. Хүн бүрд илүү маргааш бүтээхийн төлөө хамтдаа тоо бодоцгооё. Эдийн засгийн өсөлт өрхийн үүдээр орж, иргэнийхээ хаягаар очиж, өндөр тооноос бодит чанар бүтээхийг уриалав.
Түүнчлэн,
-2026 оны эхний таван сарын байдлаар нүүрсний экспортын биет хэмжээ 58 хувиар өсөж, 40.5 сая тоннд, зэсийн баяжмалын биет хэмжээ 38 хувиар нэмэгдэж 926 мянган тоннд хүрлээ.
-Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100, 2028 онд 105 сая тонн, 2029 онд 110 сая тоннд хүргэх зорилт тавьсан.
-Экспортын гарц, орлогын орц болсон хилийн боомтуудаа тасралтгүй, найдвартай ажиллуулна.
-Ханги, Бичигт, Булган боомтуудад лаборатори, ухаалаг гарц нэн яаралтай нэвтрүүлж, Гашуунсухайт, Шивээхүрэнд ажиллах цагийг уртасгах зэрэг арга хэмжээг шууд авч хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )