Монгол, Орос улс дипломат харилцааны 105 жилийн ойгоор худалдаа, төмөр замын хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

2026 онд Монгол Улс, Оросын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосон болон найрамдалт харилцааны тухай хэлэлцээр байгуулсны 105 жилийн ойг тэмдэглэж байна. Энэхүү ойн жил хоёр улсын харилцаанд идэвхтэй хоёр талын яриа хэлэлцээг авчирч байгаа бөгөөд энэ нь зөвхөн төрийн түвшинд бус, бизнесийн салбарт ч өрнөж байна. Ийм яриа хэлэлцээний нэг чухал талбар нь 6 дугаар сарын 3-наас 6-ны өдрүүдэд болсон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум байлаа.

Зургийн тайлбар: УБЖД зураг. Улаанбаатар төмөр замын 2т25км гол шугамын ачааны зүтгүүр

Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцсон Монголын төлөөлөгчдийг Улсын Их Хурлын дэд дарга Бөхчулууны Пүрэвдорж ахалсан. Хэлэлцүүлгийн төвд тээврийн хамтын ажиллагаа болон Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан Түр худалдааны хэлэлцээрийн асуудал байв.

Гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд цаашид автоматаар сунгагдах боломжтой энэхүү хэлэлцээр 2026 оны 7 дугаар сарын 22-ноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Урьдчилсан тооцоогоор, уг хөнгөлөлттэй дэглэм нь Монгол, Оросын харилцан худалдааны 90 орчим хувийг хамрах боломжтой.

ОХУ-ын дэд Ерөнхий сайд Алексей Оверчук Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр хэлэхдээ, хэлэлцээр албан ёсоор хүчин төгөлдөр болохоос өмнө ч түүний эерэг нөлөө мэдрэгдэж эхэлснийг онцолсон. Тэрээр: “Монголын хамтрагчидтай хийж буй уулзалт, хэлэлцээний өгч буй эрч хүч энэ оны нэгдүгээр улиралд харилцан худалдаа бараг 28 хувиар өссөн үзүүлэлтээр илэрлээ” хэмээн мэдэгдсэн.

Улсын Их Хурлын дэд дарга Бөхчулууны Пүрэвдорж худалдааны хэлэлцээр хэрэгжсэнээр Монгол Улсад нээгдэх боломжуудыг тодорхойлохдоо: “Монголын хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох шинэ боломж нээгдэж байна. Энэ нь улс орны эдийн засагт хөрөнгө оруулалт татах нэмэлт хөшүүрэг болно” хэмээн онцолсон.

Бөхчулууны Пүрэвдорж илтгэлийнхээ томоохон хэсгийг тээврийн салбарт зориулсан. “Олон зууны турш дэлхийн худалдаа далайн тээврийн сүлжээнд тулгуурлан хөгжиж ирсэн. Харин өнөөдөр бүс нутгийн интеграц гүнзгийрч буй нөхцөлд хуурай замын тээврийн коридоруудын ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байна” гэж Монголын төлөөлөгчдийн тэргүүн тэмдэглэв. Тэрээр тээвэр, логистикийн аюулгүй байдлыг төрийн бодлогын гол тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэж үзэж, төмөр замын магистраль шугамуудыг хөгжүүлэхийг нэн тэргүүний зорилт хэмээн тодорхойлсон.

Өнөөдөр Монгол Улсын тээврийн салбар дахь гол төслүүдийн нэг нь Орос — Монгол — Хятад эдийн засгийн коридорын Төв төмөр замын шугамыг шинэчлэх ажил хэвээр байна. Үүний зэрэгцээ Монгол, Оросын хамгийн том хамтарсан үйлдвэрийн нэг болох “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн хэмжээг 2030 он гэхэд 50 сая тоннд хүргэх зорилт тавигдаж байна. Тус компанийн хувьцааны 50 хувийг Монголын тал, 50 хувийг Оросын тал эзэмшдэг.

Өнгөрсөн онд Улаанбаатар төмөр зам түүхэн дээд амжилтаа шинэчилж, 33.7 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ нь 2000-аад оны эхэн үеийн үзүүлэлттэй харьцуулахад дөрөв дахинаас илүү өссөн дүн юм. Монгол Улсын нийт ачаа эргэлтийн 70 орчим хувийг хангадаг УБТЗ эдийн засгийн сорилтуудтай нөхцөлд ч гурав дахь жилдээ дараалан эерэг динамик үзүүлж байна.

Ийм өндөр өсөлтийн хэмнэлийг хадгалахад Оросын үйлдвэрлэлийн техник чухал үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал, хөдлөх бүрэлдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэх компаниудын нэг болох “Трансмашхолдинг” 2007 оноос хойш Монгол Улсад нийт 350 сая орчим ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлжээ. Юуны өмнө энэ нь төрөл бүрийн ангилал, загварын зүтгүүрүүд юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 200 гаруй гол замын болон сэлгээний тепловоз ашиглагдаж байна. УБТЗ-ын паркт ийм төрлийн гол замын тепловозуудын эзлэх хувь 66 хувьд хүрчээ. УБТЗ 2017 оноос хойш Монголын эрс тэс уур амьсгалд тохируулан бүтээсэн 2ТЭ25КМ маркийн гол замын ачааны тепловозуудыг тогтмол худалдан авч байна.

Тухайлбал, 2024 онд УБТЗ-ын 75 жилийн ойг тохиолдуулан Оросын Холбооны Улсын нэрийн өмнөөс хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг Холбооны төмөр замын тээврийн агентлаг буюу Росжелдор таван ширхэг ийм зүтгүүр нийлүүлсэн. Ингэснээр орчин үеийн сорилт, хэрэгцээнд нийцсэн татах хүчний хөдлөх бүрэлдэхүүнээр хангах боломжийг нэмэгдүүлжээ.

“2ТЭ25КМ тепловоз туршилтын үеэр Мааньт — Айраг чиглэлийн хэсэгт уул уурхайн бүтээгдэхүүн ачсан 108 вагонтой, 10 мянган тонн жинтэй хүнд даацын галт тэргийг амжилттай татаж, өндөр найдвартай байдал, хүчин чадлаа баталсан” гэж хамтарсан үйлдвэрийн дарга Хишигжаргалын Хэрлэн ярьж байв.

Төмөр замын сэлгээний паркийг мөн ТЭМ18ДМ маркийн тепловозоор шинэчилж байна. Монгол Улсад энэ загварын 24 зүтгүүр ашиглагдаж байгаа бөгөөд тэдгээрийн хоёр нь 1435 мм-ийн царигт тохируулсан хувилбар юм. Эдгээр нь БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд өртөөнд ажиллах зориулалттай.

2025 онд ТМХ болон УБТЗ зорчигч тээврийн чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцсон. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Улаанбаатарыг Оросын хотуудтай холбох галт тэргүүдэд зориулсан зорчигчийн вагон нийлүүлэхээр төлөвлөж байна.

Оросын талын туршлагыг хотын тээврийн салбарт ч ашиглах боломжтой. 2014 онд “Метровагонмаш” үйлдвэрийн үйлдвэрлэсэн РА2 маркийн рельсэн автобусыг Улаанбаатар хотын төмөр замд нийлүүлж байсан. Ийм төрлийн техник нь зорчигч урсгал ихтэй, цахилгаанжуулаагүй төмөр замын хэсгүүдэд, мөн хот орчмын болон бүс хоорондын зорчигч тээвэрт зориулагдсан байдаг.

Одоогоор Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд нийтийн тээврийн хэд хэдэн төрлийг хөгжүүлэх зорилт тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд ТМХ-ийн стратегийн түнш болох “ПК Транспортные системы” компанийн инновацын шийдлүүд тохирох боломжтой. Тухайлбал, гурван болон таван хэсэгтэй, хурдны, нам шалтай трамвай зэрэг шийдлүүдийг хотын тээврийн шинэчлэлд авч үзэж болно.

2025 онд Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан төмөр замын техник, технологийн томоохон үзэсгэлэн “PRO//Движение.ЭКСПО”-гийн үеэр Монголын төлөөлөгчдийн анхаарлыг хэд хэдэн шинэ төрлийн хөдлөх бүрэлдэхүүн татсан. Үүнд хот орчмын ДП2Д дизель галт тэрэг, Т габаритын инновацын зорчигчийн вагонууд, мөн Монголын төмөр замчдын техникийн шаардлагад нийцсэн ТЭ26 ачаа-зорчигчийн тепловоз багтаж байна.

Техник, логистик, худалдаа нь хоёр талын хамтын ажиллагааны зөвхөн нэг хэсэг боловч өнөөдөр хамгийн тод харагдаж буй чиглэлүүдийн нэг юм. Орос улс Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний гол нийлүүлэгч хэвээр байна. Мөн Росатомын оролцоотойгоор бага чадлын атомын цахилгаан станц байгуулах асуудал яригдаж байгаа бөгөөд боломжит байршлын нэгээр Шинэ Хархорум хотын төсөл хэрэгжих бүс нутаг нэрлэгдэж байна.

Улсын Их Хурлын дэд дарга Бөхчулууны Пүрэвдорж мөн “Сибирийн хүч-2” хийн хоолой болон Эгийн голын усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт байгааг дурдсан.

Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр хэлсэн үгэндээ тэрээр хоёр улсын харилцаа урт хугацааны шинжтэй бөгөөд гүн түүхэн итгэлцэл, олон жилийн найрамдал, хамтын ажиллагааны уламжлал дээр тулгуурлаж ирснийг онцолсон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top