Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат малын халдварт өвчний тархалтыг яаралтай таслан зогсоох, мал эмнэлгийн байгууллагын тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар дунд хугацааны баримт бичгийн төсөл боловсруулж танилцуулахыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагуудад үүрэг болгосон.
Энэ дагуу Мал эмнэлгийн салбарын дунд хугацааны стратегийн төслийг боловсруулснаа салбарын сайдад танилцууллаа. Уг баримт бичигт 2030 он гэхэд Монгол Улс олон улсын жишигт нийцсэн, эрсдэлд суурилсан удирдлагатай, цахимжсан мал эмнэлгийн тогтолцоог бүрдүүлнэ гэж алсын хараагаа тодорхойлжээ. Үүнийгээ “Эрүүл мал-Аюулгүй хүнс-Өрсөлдөх чадвартай экспорт-Нэг эрүүл мэнд” хэмээн томъёолсон байна.
Энэ хүрээнд стратегийн 10 зорилго дэвшүүлж, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг гаргажээ. Малын эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтыг сайжруулах бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө, шүлхийн вакциныг дотооддоо савлах боломж, эдийн засгийн тооцоолол, мал эмнэлгийн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, хүний нөөц, лабораторийн хангамж зэрэг олон асуудлыг дунд хугацааны стратегийн төсөлд тусгасан байна.
Мөн уулзалтаар Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн стратеги төлөвлөгөөтэй танилцуулав. Уг баримт бичигт Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан мал эмнэлгийн лабораторийг бүсийн төвүүдэд байгуулахаар тусгажээ. Тухайлбал, Ховд аймагт малын гоц халдварт өвчний лаборатори, Дархан-Уул аймагт хүнсний аюулгүй байдлын лаборатори, Хэнтий аймагт тандалт, тархвар зүйн лаборатори, Дорноговь, Сэлэнгэ аймагт хилийн бүсийн лаборатори тус тус байгуулах нь оновчтой гэж үзэж байгаагаа танилцуулав.
Сайд Ц.Идэрбат мал эмнэлгийн салбарын дунд хугацааны стратегийн төсөл, Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн стратегийн төсөлтэй танилцаад бодлогын баримт бичгийн төсөлд тусгах зарим асуудал болон зохион байгуулах арга хэмжээний талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал, малаа вакцинд хамруулалгүй хариуцлагагүй хандаж, гоц халдварт өвчин тархах нөхцөлийг бий болгосон малчид болон дархлаажуулалтын ажлыг хангалтгүй зохион байгуулсан анхан, дунд шатны албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцох, ирэх намар болон 2027 оны хаврын малын дархлаажуулалтад шаардагдах вакцины тендерийг хугацаанд нь зарлаж, захиалах, татан авах үйл ажиллагааг зохион байгуулах, вакциныг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай хийх, вакцины антиген савлах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар ирэх жилийн намрын дархлаажуулалтад дотоодод савласан вакциныг 100 хувь нийлүүлэхийг чиглэл болгов. Энэхүү ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар байгуулах шийдвэр гаргалаа.
Түүнчлэн сайд Ц.Идэрбат мал аж ахуй, мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлууд, тухайлбал, мал эмнэлгийн төв лаборатори болон “Биокомбинат” ТӨХХК-ийн шинэчлэл, “Нэг сум-нэг малын эмнэлэг” санаачилга зэргийг цогцоор нь тусгасан “Эрүүл монгол мал” хөтөлбөр боловсруулан УИХ-д өргөн барих бэлтгэлийг ханган, ирэх наймдугаар сарын 20-ны дотор Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )