АУДИТ | Төсвийн тодотголыг ЭРСДЭЛТЭЙ гэж дүгнэлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
14 минутын өмнө

Үндэсний аудитын газар 2026 оны төсвийн тодотголд дүгнэлт хийгээд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэх инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж дүгнэжээ.

Төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд нь үндэсний аюулгүй байдал болон улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлогын зорилтуудтай нийцэж байгаа гэж аудит үзсэн. Гэсэн ч урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь урт, дунд хугацаанд төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүйг аудитын дүгнэлтэд тусгажээ.

Төсвийн тодотголын төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930.0 тэрбум төгрөг, нийт зарлагын дээд хэмжээг 33 их наяд 978.0 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 48.0 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон юм.

Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудын зарим шалгуурыг хангасан боловч суурь тэнцэл нь ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх шаардлагыг хангаагүй тул төсвийн тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангаагүй гэж дүгнэжээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн хэлэхдээ “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998.0 тэрбум төгрөгөөр өсгөсөн байна. Энэ нь төсвийн алдагдлыг 2 их наяд 48.0  тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр байгаа юм. Харин төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй тохиолдолд энэ нь төсвийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй” гэсэн юм.

Ташрамд дурдахад УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top