Казахстан улстай хамтарч ажиллах боломжуудыг танилцууллаа

Я.Болор | Zindaa.mn
49 минутын өмнө

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан Бүгд найрамдах Казахстан улсын Астана хотод боллоо. Хуралдаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож үг хэлэв.

Тэрбээр Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид Казахстан Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар товч танилцууллаа.

Энэ хүрээнд ноос, арьс шир боловсруулах үйлдвэрийг хамтран байгуулах асуудлыг цаашид бодит төсөл болгон урагшлуулах, Монгол, Казахстаны аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Казахстаны зах зээлд нийлүүлэх, хоёр улсын мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо, мал эмнэлгийн гэрчилгээ, эрсдэлийн үнэлгээ, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналтай байгаагаа дурдав.

Казахстаны талаас Монгол Улсад малын вакцин нийлүүлэх, цаашид вакцин үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх санал гаргаж байгааг нааштайгаар хүлээн авч байгаагаа мөн дурдав.

Түүнчлэн 1998 онд байгуулсан ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг шинэчлэх асуудлыг урагшлуулах байр сууриа илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top