Дугуйн хээний элэгдлээс шалтгаалан тоормослох чадвар эрс буурдаг

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Автомашины дугуйн хээний элэгдэл нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг бөгөөд ялангуяа өндөр хурдтай үед тоормослох чадварыг эрс бууруулдаг болохыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Тус төвөөс мэдээлснээр, устай, нойтон зам дээр дугуйн хээний элэгдлээс шалтгаалан дугуй болон замын барьцалдах чадвар өөрчлөгддөг байна.

Тухайлбал, шинэ дугуйны хээний гүн найман миллиметр, дунд зэргийн элэгдэлтэй дугуйных дөрвөн миллиметр, бүрэн элэгдсэн дугуйных 1.6 миллиметр байдаг аж.

Харин 5 км/цагийн хурдтай үед гурван төрлийн дугуйн замтай харьцах байдал 100 хувь байгаа бол 75 км/цагийн хурдтай үед шинэ дугуй 74 хувь, дунд зэргийн элэгдэлтэй дугуй 58 хувь, бүрэн элэгдсэн дугуй 16 хувь болж буурчээ.

Мөн 125 км/цагийн хурдтай үед шинэ дугуйны замтай харьцах үзүүлэлт 47 хувь, дунд зэргийн элэгдэлтэй дугуйных 11 хувь, бүрэн элэгдсэн дугуйных ердөө зургаан хувь болж буурсан байна.

Иймд жолооч нар автомашиныхаа дугуйн хээний гүн, элэгдлийг тогтмол шалгаж, стандартын шаардлага хангахгүй болсон дугуйг солих шаардлагатайг анхааруулж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top