Энэтхэгийн ардын бүжгийн хамтлаг Монголд айлчлан тоглож байна

59 минутын өмнө

Энэтхэг Улсын үндэсний бэлгэ тэмдэг болсон “Ванде Матарам” дууны 150 жилийн ойг тохиолдуулан Энэтхэгийн ардын бүжгийн хамтлаг Монголд айлчлан тоглож байна

Энэтхэг улсын үндэсний дуу болох “Ванде Матарам” (Vande Mataram)-ын 150 жилийн ойг тохиолдуулан, тус улсын Махараштра мужийн ардын бүжгийн “Шри Бирудев Гажнрутя Навьювак Мандал” (Sri Birudev Gajnrutya Navyuvak Mandal) хамтлаг 2026 оны 10-р сарын 29-нөөс 11-р сарын 4-ний хооронд Монгол Улсад айлчлан тоглож байна. Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөл (ICCR)-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй тус айлчлал нь хоёр улсын хооронд 1961 онд байгуулсан Соёлын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 10-р сард Энэтхэг улсад хийсэн төрийн айлчлалын үеэр баталсан 2025-2029 оны Соёл Солилцооны Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.

Нээлтийн арга хэмжээг Улаанбаатар хот дахь Улсын Филармонийн байранд зохион байгууллаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве нээлтийн үгэндээ, Энэтхэг, Монгол хоёр улс стратегийн түншүүд төдийгүй Буддын шашнаар холбогдсон, олон зуун жилийн соёл иргэншлийн хэлхээ холбоотой, оюун санааны ах дүүс болохыг онцлов. Тэрээр энэхүү бүжгийн хамтлагийн айлчлал нь Энэтхэгийн Махараштра мужийн баялаг соёл, уламжлал, өв санг Монголын ард түмэнд танилцуулах, хоёр улсын хоорондох соёлын болон иргэд хоорондын харилцааг улам бэхжүүлэх боломж болохыг тэмдэглэлээ. Мөн Энэтхэгийн эрх чөлөөний хөдөлгөөнд "Ванде Матарам" дууны гүйцэтгэсэн үүргийг онцлон дурдаж, тус хамтлагийг илгээсэн Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөл (ICCR)-д талархал илэрхийлэв. Уг нээлтийн арга хэмжээнд Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Б.Бат-Эрдэнэ гол зочноор оролцож, хэлсэн үгэндээ бүжгийн хамтлагийг айлчлуулж буйд Энэтхэгийн Элчин сайдын яаманд талархал илэрхийлээд, Монгол, Энэтхэг улсууд газарзүйн хувьд алс хол оршдог хэдий ч түүхэн соёл, шашин, үнэт зүйлсийн хувьд гүнзгий холбоотой байсаар ирснийг онцлов. Тэрээр "Ванде Матарам" нь Энэтхэг ард түмний тусгаар тогтнол, эх оронч үзэл, эв нэгдлийн илэрхийлэл болохыг тэмдэглэв. Уг арга хэмжээнд Монгол Улсын Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Хүндэт зочноор оролцож, Монгол Улсын Засгийн газрын удирдах албан тушаалтнууд болон олон нийтийн төлөөлөл хүрэлцэн ирэв.

Бүжгийн хамтлагийн эрч хүчтэй, гайхалтай тоглолтыг үзэгчид өндрөөр үнэллээ. Тоглолтын хөтөлбөрт Ганеш Вандана буюу Ганеш бурханд хүндэтгэл үзүүлэх бүжиг, Васудев үзүүлбэр, Шеткари Нритья буюу тариачдын бүжиг, Лавани Нритья буюу эмэгтэйчүүдийн уламжлалт бүжиг, Лежим хэмээх уламжлалт хөгжмийн зэмсэгт бүжиг, Коли Нритья буюу загасчдын бүжиг зэрэг өвөрмөц, сонирхолтой үзүүлбэрүүд багтжээ.

Тус хамтлаг Монголд байх хугацаандаа Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Дотоод Хэргийн Их Сургууль, Налайх дүүргийн Соёлын төв, мөн Улаанбаатар хот дахь Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, Урлалын Политехникийн коллежид тус тус тоглолт хийхээр төлөвлөөд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top