Сүүтэй Ерөнхийлөгч. Энэ бол Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржид ард түмний өгсөн алдар. Түүнийг орон нутагт ажиллахаар ирэхэд нь нутгийн иргэд санаачилгыг нь дэмжиж буйгаа илэрхийлж, аймаг, сумандаа ажил хэрэг болгож байгаа тухайгаа дуулгасан. Тэдний нэг нь Сүхбаатар аймгийнхан. Их жанжны өлгий нутагт Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж, архи, тамхигүй орчин бий болгохоор 5.1 сая төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд сургуулийн ойр орчим, цаашлаад сум, аймагтаа, гэртээ архи, тамхи хэрэглэхгүй байх уриалгатай гэнэ. Дорнод аймгаас 220 км-т орших Сүхбаатар аймаг 54.9 мянган хүн амтай, 82.9 мянган га талбайтай. Бүхэлдээ тал хээрийн бүсэд багтдаг тус аймаг нэг хүнд ногдох малын тоогоор улсад тэргүүлдэг байна. Ерөнхийлөгчийн томилолт ”Тэмүүлэл” цогцолборын үйл ажиллагаатай танилцахаас эхэлсэн юм. Аймгийн хэмжээнд хоёр сургууль байдаг бөгөөд түүний нэг нь энэхүү цогцолбор аж. Хичээлийн гурван байртай, 1647 хүүхэд суралцдаг талаар цогцолборын захирал Д.Чулуунбаатар танилцуулав. Мөн компьютерийн хоёр ч танхимтай бөгөөд Азийн хөгжлийн банк болон тойргоос сонгогдсон гишүүдийнхээ тусламжаар бүрэн тохижуулжээ. Бага ангийн улсын тэргүүнийн арван хуруунд багтахаар багш байдгийн нэг нь тус аймагт ажилладаг аж. Төрийн тэргүүн энэ үеэр хүүхдүүдийг иргэн хүн болох төлөвшлийг багаас нь суулгах хэрэгтэйг анхааруулав. Түүнийг тус цогцолбор сургуультай танилцах үеэр дөрөвдүгээр ангийн сурагчид давтлагатай байж таарсан юм. “Та сайн байна уу” хэмээн мэндлэх хүүхдүүдийн цангинасан дуу Төрийн тэргүүнд хүүхэд насыг нь бодогдуулаад амжсан.
Дараагийн танилцах газар нь худалдааны төв байлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ж.Батсуурь “сэргэлэнтэж”, тэрхүү богино хугацааг ашиглан өнгөрсөн онд аймгийн хэмжээнд хийгдсэн томоохон бүтээн байгуулалт, ирэх онд хийгдэх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулсан юм. Өнгөрсөн онд тус аймагт 8.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Засаг даргын хэлж буйгаар аймгаа 70 насных нь ойн босгон дээр Сингапур шиг болгохоор ажиллаж байгаа гэнэ. Иймдээ ч жижиг дунд үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, гэр хорооллыг олон улсын стандартад нийцсэн байхаар тохижуулж эхэлжээ. Мөн талбай багатай орон сууц барьж эхэлсэн гэнэ. Орон сууцны үнэ 10.5-15 сая төгрөг. Иргэд 30 хувийн урьдчилгаа төлөөд, үлдсэнийг нь урт хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр иргэдээ орон сууцжуулж эхэлсэн тухайгаа дуулгав.
Мөн орон нутгаа хөгжүүлэхийн тулд ганц төсвийн орлого хараад суух биш, өөрсдөө хөрөнгө босгох боломжтой талаар ярив. Өнгөрсөн онд Улаанбаатар хотод болсон чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайдаас эхлээд яам, агентлагийн дарга нарын гарын үсэг зурсын хуудсыг дуудлага худалдаанд оруулж 20 сая төгрөг олсон аж. Тэрхүү хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн худалдааны төв барьжээ. Мөнгө олох өөр нэг арга байгаа нь Алтан-Овоо. Тус овоонд энэ жилийн Цагаан сараар л гэхэд 900 гаруй жийптэй хүн ирж сүсэглэсэн гэнэ. Хэрэв нэг жийпнээс 1000 төгрөгийн хураамж авахад л аймаг, сумандаа тодорхой хөрөнгө оруулалт хийгээд байх боломжтойг дуулгасан юм. Төрийн тэргүүн ч тэдний бүтээл хийгээд сэргэлэн занг үнэлсэн.
Бичигтийн боомтыг ашиглан аялал жуулчлал хөгжүүлэх боломж бий аж. Учир нь Ази, Европийг холбосон хамгийн дөт зам нь Бичигтийн боомт. Цаашлаад дэлхийд гарцтай болох дөхөм алхам энэ гэдгийг Засаг дарга онцолсон. Иймээс энэ тал дээр анхаарлаа хандуулж ажиллахыг Төрийн тэргүүнээс хүссэн юм.
Үүний дараа уламжлал ёсоор аймгийн шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай танилцав. Үүдэнд нь байрлах цахим хуудсаар өдөрт 15-20 иргэн үйлчлүүлдэг аж. Тус аймагт эрүүгийн хэрэг харьцангуй бага гардаг. Аймгийн шүүх, шийдвэр гүйцэтгэлтэй хамтран ажиллаж, гарсан шийдвэрийг ажил хэрэг болгож, хохирогчдод хохирлыг цаг алдахгүй барагдуулахад нь дэмжлэг үзүүлдэг талаар ерөнхий шүүгч А.Энхбаатар танилцуулсан. Төрийн тэргүүн шүүх бол яллаж, торгодог, газар биш. Гагцхүү иргэнийхээ эрхийг хамгаалдаг газар болохыг анхааруулж, хэн нэгнээс хараат бус байж зөвхөн үнэний талд зогсохыг шүүгч нарт сануулсан. Мөн “Өргөсөн тангарагтаа үнэнч байх нь Төрийн тэргүүн миний хувьд ч, та бүхний хувьд ч адил шүү. Хамтдаа шударга ёсыг тогтооцгооё” хэмээн уриалсан юм.
Нутгийн иргэд Ерөнхийлөгчид гомдлоо тайлав
Сүхбаатарын хөшөөг буулгаж, өөр газар залах оролдлого хийж, мөн Их жанжныг элдвээр хэлсэнд нутгийн иргэд гомдож буйгаа Төрийн тэргүүнтэй уулзах үеэр онцолсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч нутгийн иргэдийн үгийг дэмжиж “Сүхбаатар жанжин бол Монгол Улсын нэгэн үеийн түүх, баатарлаг эрсүүдийн маань нэг. 30-хан насандаа төр удирдаж, цэргийн жанжин байсан хүн. Улс орныхоо тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэж явсанд нь Сүхбаатарыг хүнийхээ хувьд би үнэлдэг. Иймээс түүхийг гуйвуулах гэсэн элдэв оролдлого дахин давтагдахгүй байх” хэмээн онцлов.
Сүхбаатарчуудын хувьд ундны усны асуудал толгойны өвчин гэсэн үг. Ус нь кали, натри ихтэй тул 22км-ийн цаанаас хэрэглээний усаа татдаг байжээ. Сүүлийн үед дэвшилтэд технологи хэрэглэж байгаа боловч асуудлаасаа бүрэн ангижирч чадаагүй байна. Иргэдийн эмзэглэж буй асуудал нь хятад иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болсон, хуулийн байгууллагын шударга бус байдал гэнэ. Үүнийг шийдвэрлэж, дорвитой алхам хийхийг Төрийн тэргүүнээс хүсч байсан. Мөн өнөөх 21 мянган төгрөг архидалтыг дэмжиж байна, бөөнд нь олгох боломж бий эсэх, алдарт эхийн одонг хэзээнээс олгох, Тавантолгойн хувьцаа юу болж байгаа, яагаан, цэнхэр тасалбар шиг болчих вий дээ, Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөх үү гэхчлэн асуулт асууж байлаа. Түүнчлэн цаазын ялын талаар ихэд сонирхож байсан юм. Иргэдийн асуултад холбогдох албаны хүмүүс бүрэн хариулт өгсөн.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хүн ус ууна уу гэхээс алт уухгүй шүү. Иймээс ганц газрын баялагтаа анхаарлаа хандуулаад зогсохгүй байгаль орчиноо хайрлаж хамгаалах хэрэгтэй. Цаазын ял үгүй боллоо гээд бүгдийг нь өршөөж уучлаад байх юм биш. Харин тэр гэмт хэрэгтнийг 25 жил шоронд хорих юм. Хүн хориход дээд тал нь 15 жил л болсон байдаг. Ингэхдээ хийсэн нүглээ бодож тунгаах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хүн хилсдүүлсэн байхыг үгүйсгэх аргагүй. Тэгвэл тэр хүнд боломж олгож байгаа юм. Магадгүй нэг нөхрийг хилс хэргээр цааз өгчихсөн байвал яах юм. Дараа нь хэрэг хийгээгүйг нь мэддэг. Гэтэл хэдийн цаазалсан тул ямар амьдруулж болох биш. Иймэрхүү байдлаас сэргийлж байгаа юм. Мөн төр бол иргэний үргэлжлэл. Иргэдтэйгээ аливаа асуудлыг хамтран хэлэлцэж, тэдний санаа бодлыг байнга тусгаж байх ёстой. Тэгж байж тэр хууль, тогтоомж иргэддээ хүрсэн, үр дүнтэй болж чадна” гэдгийг хэлсэн юм.
Малчин айлд зочиллоо
Бууц хамар сэнх хийлгэж, үнээ мал нь мөөрөлдөж, гэрийн яндангаар аргалын утаа суунаглана. Энэ бол морьтон Монголын амьдрал. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатар аймгаас Хэнтий орох замдаа Мөнххаан сумын малчин айлд бууж, хаваржилтын байдалтай танилцсан юм. Мөнххаан уулын ар бэлд Эрээн хөшиг хэмээх газарт хаваржих энэхүү айлын гэрийн эзнийг Н.Батбаатар гэдэг. Өдгөө 25 настай малчин залуу. Н.Батбаатарынх гурван гэрээрээ хаварждаг. Хонь, үхэр, адуу голдуу 500-гаад толгой мал малладаг. “Өнгөрсөн зун бэлчээрийн гарц сайн байсан. Өвөл ч цас багатай, өнөтэй сайхан болж байна. Бид өвс хадлангаа сайн бэлдсэн. Нэг ч малын хорогдолгүй хаваржиж байна” гэж залуу малчин Төрийн тэргүүнд хуучлав. Гэрийн эзэн малчин болохын тулд хоёрдугаар ангиа л дүүргэжээ. Гэсэн хэдий ч төвөггүйхэн уншиж чадна гэнэ.
Н.Батбаатарын ээж Д.Өлзий Төрийн тэргүүн гэрт нь ирж байгаад баярлаж, ихээхэн бэлэгшээж буй тухайгаа дуулгасан юм. Ямартаа л хоолой нь ялимгүй чичирж, нүдэнд нь баярын нулимс цийлэгнэж байсан. Мөн төр засгаас эхчүүдэд хандсан сайхан бодлого явуулж байгаад талархаж буйгаа хэлэв. “Би 11 хүүхэд төрүүлж өсгөсөн. Алдарт эхийн I, II зэргийн одонтой. Шинэ хууль гарч дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эх одон авах болсонд би эхчүүдийн өмнөөс баярлаж сууна” гэж байлаа.
Сумын Засаг дарга Ч.Ганболд хаваржилтын талаар товчхон танилцуулсан. Сүхбаатар аймгийн Мөнххаан сум 4300 хүн амтай, аймагтаа харьцангуй томд орох сум гэнэ. Мал сүрэг таван төрлөөр өссөн, төрөөс явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд үйлдвэрлэл нэмэгдэж гурван сүүний ферм, хоёр эсгийний үйлдвэр ажиллуулж эхэлжээ.
Отор хийдэг малчдын нүүдлэх нь их тул сургуулийн байр хүрэлцэхгүй явдал нэлээд гардаг байна. Одоогийн байдлаар 960 хүүхэд дунд сургуульд, цэцэрлэгийн насны 500 орчим хүүхэд бий аж. Гэхдээ цэцэрлэгт явж байгаа нь 200. Энэ нь өнөөх байрны хүрэлцээ муутай холбоотой гэнэ. Иймээс дэмжлэг үзүүлж, сургуулийн болон цэцэрлэгийн байрыг өргөтгөх, шинээр барихад анхаарахыг сумын Засаг дарга хүссэн юм. Ерөнхийлөгчийг дагалдан ажиллаж байгаа БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав энэ асуудлыг судалж үзэхээ амлав. Дараа нь Ерөнхийлөгч Мөнххаан сумын иргэд, малчидтай уулзалт хийгээд Хэнтий аймгийг зорилоо.
Сэтгэгдэл ( 0 )