Бухимдлаас ангид байхын цагт

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 15

Улаанбаатар хотын нам гүм байдал төд удалгүй өөрчлөгдөж, хүний хөл хөдөлгөөнд дарагдах цаг нь эхэллээ. Учир нь найр наадам хэсч байгаа улстөрчид өргөөндөө цугларна. Агаарын сайхныг мэдрэхээр зусландаа гарсан хөрш маань ирнэ.

Түүнчлэн хөдөө, орон нутгаас ямар нэгэн их, дээд сургуулийн томилолт өвөртөлсөн оюутнууд ирнэ гээд ёстой л нэг бужигнана даа. Энэ үеэр замын хөл хөдөлгөөн ихэсч, улмаар машины түгжрэл хэрээс хэтэрнэ. Энд тэндгүй сигналдаж чих дөжиртөл дуугарна. Хөдөөнөөс шинэхэн ирсэн оюутнууд зам гарах гэж наашаа, цаашаа гүйлдээд жолооч нарын бухимдлыг төрүүлнэ. Оюутнууд байрандаа багтахгүй, цүнх номоо үүрээд сургуулийнхаа гадаа хононо. Том оврын автобусны хаалгаар зорчигчид чадан, ядан багталцана.

Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсч, махны үнэ тэнгэрт хадна. Цаашилбал, Эрээн хотын эрээн мяраан хэврэг бараа үнэд орж, борлуулалт түргэснэ. Худалдагч нар нэг хоноод л Эрээн хотыг зорьж, хэдэн гахайгаар нь импортолно. Түүнчлэн хичээлийн хэрэгсэл буюу дэвтэр, ном, бал, харандаа, үзэг гээд бүгд үнэд орно. Диско баарнууд ачааллаа даахаа байна. Архины хэрэглээ улам нэмэгдэнэ.

Эрүүлжүүлэх байранд хоногсод хэдэн зуугаар олширно. Энэ цаг ирвэл хэн баярлах вэ гэвэл зунжингаа лангууны бөглөөс болж байсан Эрээний бараа зарагдахад худалдагч нь баярлана. Мөн зуны цагт борлуулалт нь цөөрдөг хичээлийн хэрэгсэл зарагчдын магнайн үрчлээс нэг тэнийнэ.

Түүнчлэн лангуун дээрээс түрүү болон сүүлийн үеийн хэв загвараараа өнгө ялгаран өрөгдсөн байдаг хуучин, шинэ утаснууд хэдэн зуугаар борлуулагдана. Сурах, сурахгүй нь хамаагүй сургалтын төлбөрөө тушаахад, захирал багш бүүр их баярлана. Эзэнгүйдэх шахам байсан диско баарнуудын мөнгөжих цаг нь ирсэн, эзэн инээнэ гээд тоочоод байвал өчнөөн зүйл байна.

Харин хэн бухимдах вэ гэвэл махны үнэ өссөнд иргэд нэг бухимдана. Тэтгэврийн мөнгөндөө дугаарлах гэж гэрээсээ эрт гарсан эмээ, өвөө нар автобусандаа багталгүй, оюутнуудад өрсүүлсэндээ бас бухимдана. Түүнчлэн бараа бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнд хүмүүс бас бас, дахин дахин бухимдана. Арай гэж замаа засаад, шинэчлэлээ гэсэн чинь машинуудын даац хэтрээд, энд тэндгүй энхэл, догол үүссэнд барьсан компани нь бас жолооч нар бухимдана. Тиймээс хэн, хэнээ бухимдуулахгүй байхыг дан ганц иргэд мэднэ. Учир нь олон ирлээ гэж онгиролгүй бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг учиртайхан байлгах.

Мөн махны наймаачид магнаг болтол нь хөөргөхгүй байх. Том оврын автобус болон замын хөдөлгөөнд оролцогчид дүрэм журмаараа явж, гарцаар гарах нэгнийхээ эрх ашгийг хүндэтгэвэл бид бүхэн бухимдаж явах шаардлагагүй байх бололцоотой. Оюутнууд маань Эрээний бараанд шунаж, баар сав хэсэлгүй, архи тамхинаас ангид байвал жирийн бидний амьдрал хэвийн байдлаар үргэлжилнэ. Хэрвээ бид ингэж чадахгүй бол жил бүрийн өдийд үүсдэг нөгөө л их бухимдал байсаар байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top