Улс төрийн намууд ирэх оны сонгуульд шаргуу бэлтгэж эхэллээ. Үүний хажуугаар улс төрийн хэрүүл тэмцэл хурцадсаар байна. УИХ-ын гишүүд хөдөөгүүр бараг айл бүрийн хаалга татаж яваа бололтой. Уг нь хэлэцэж шийдэх асуудлууд овоорчихоод байгаа. Таван толгойн учир нь үл ойлгогдох гэрээ монголчуудыг төдийгүй стратегийн гол түнш Япон, Солонгосыг хүртэл бухимдуулж байна. Техник эдийн засгийн үндэслэлгүй, тооцоо судалгаа муутай, Хятадад илт давуу эрх олгосон гээд энэ гэрээ авах юмгүй булхайтай, алдагдал ихтэй болсон гэж шинжээчид хэлэх болжээ. Гэтэл нүүрснийхээ түрүүчээс Хятад руу зөөж эхэллээ. Тонныг нь дэлхийн жишгээс 2-3 дахин хямдаар Хятадад өгч байгаа нь бас л но-той. Энэ мэтийг УИХ-ын гишүүд уг нь ээлжит бус чуулганаа зарлан хуралдаж шийдэх гэсэн боловч тэд хөдөөнөөс ирэх янзгүй байна. Эдгээр нь “Халуун хөнжил” дор хамтарсан Засгийн газрыг байгуулсан Ардын нам, Ардчилсан намын рейтинг унах бас нэг шалтгаан болж магадгүй. Энэ хоёр нам одоогоор тус бүрдээ дөнгөж 18-20 хувийн рейтингтэй байгаа. 2008 оны сонгуулийн өмнөх үетэй нь харьцуулахад АН, МАН хоёрын рейтинг даруй нэг дахин унасан гэсэн үг. Рейтинг нь дахиад доошилж 16 хувьд хүрч, үүнээсээ ч бүр доош унавал ард түмэн энэ хоёр намд бүрэн итгэл алдахаар болжээ.
Сүүлийн өдрүүдэд Ардын намынхан хөдөө орон нутагт анхан шатны байгууллагууд дээрээ илүү анхаарч байгаа гэнэ. Тэдгээрт нь гал асч, аюул учирч буй ажээ. Юун гал, яадаг аюул хэмээн гайхах биз. Тэгвэл орон нутгийн намын үүр, хороодын гишүүдийг нь өрх тусгаарласан МАХН нь булаацалдаж, зарим газарт бүр хүчээр шахуу хуучин гишүүдээ өөрсөддөө нэгтгэх их ажил өрнөж байгаа юм байна. Саяхан Төв аймгийн зарим сумын иргэдийн ихэнх нь МАХН-д элссэн гэнэ. Иймээс Ардын намынхан хоттой хонинд нь чоно давхиж ороод сүйтгэж буй мэт гаслан, хашгиралдсаар араас нь хөөцөлдөхөөс аргагүй болжээ. Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынханы дайралт үүгээр бас зогссонгүй. Аймаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, сум, хорооны иргэдийн нийтийн хурлуудад суугаа хүмүүсээ ч Ардын намаас булааж аван намынхаа бүлгүүдийг зохион байгуулж эхэлжээ, Н.Энхбаярын цэргүүд. УИХ-д суугаа гишүүдийг ч мөн “Та нар МАХН-аас анх 2008 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж сонгогдсон тул одоо намдаа буцаад орох хэрэгтэй” гээд байгаа юм. Ийм уриа дуудлагаар МАХН-даа орох гишүүд бас цөөнгүй бололтой. Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр, Д.Арвин, Э.Мөнх-Очир зэрэг гишүүд цагийн байдлыг харзнан, Ардын намын Удирдах зөвлөл, бага хурлаас дараагийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэх эсэхийг юутай ч хүлээхээр шийдсэн бололтой.
МАХН наадмын өмнөхөн гишүүдийнхээ тоог 25 мянга орчим гэж мэдэгдэж байсан юм. Тэдгээрийн ихэнх нь хуучин энэ намд байсан хүмүүс. Өөрөөр хэлбэл одоогийн Ардын намын 150 мянга гаруй гишүүдээс салж очсон хүмүүс ажээ. Тэгвэл Ардын нам 120 мянга хүрэхтэй үгүйтэй гишүүдтэй боллоо гэсэн үг. Эдгээр гишүүдийн хэд нь ойрын саруудад хуучин буурь руугаа буюу МАХН-даа буцаад ирэхийг бүү мэд. Н.Энхбаяр, Н.Удвал нар Ардын намынх гэгдэх болсон гишүүдийн бараг тэн хагасыг нь МАХН-д бүртгэгдэж авах болов уу гэсэн тойм тооцоо бас байна. Тэд яг адуугаа хурааж яваа хөдөөгийн эр шиг морин дэл дээр исгэрч явна. Ялангуяа Н.Энхбаярын уургын хуйв урт бололтой.
Бас болоогүй ээ. МАХН нь Ардын намынхаа хуучин шатсан байрны суурин дээр дээр сүндэрлэж буй 20-иод давхар шинэ байрыг булаацалдаж буй сураг дуулдана. Өмчлөх эрхийн маргаан үүсгэн шүүхээр баахан шуугиулах төлөвтэй. Хуучин байр нь Оросын их өрийн багцад хожим нь багтсан, төсвийн хөрөнгөөр Орос барилгачдын барьж өгсөн байшин байсан юм л даа. Одоогийн баригдаж байгаа барилга нь 17 тэрбум төгрөгийн өртөгтэй юм гэсэн. Үүнийх нь зарим хэсгийг МАХН-ын гишүүдийн хөрөнгө, мөнгөн сангаас бүрдүүлсэн гэх маргаан өргөх бололтой. Гэхдээ Ардын намынхан энэ барилгын өртөг зардлын талаар үнэн бодит мэдээллийг олон нийтээс тас нуусан хэвээрээ байна. Яахав, Нямтайшир мэтийн баячууд тэрбум тэрбумаар мөнгө хандивласан гэх мэр сэр яриа бий нь бий.
Гишүүнчлэлийн, өмчийн эдгээр тулаанаас гадна түүхээ өмчлөх тэмцэл ч ид хүчээ авч байна. МАН нь 1921 онд байгуулагдсан ууган нам юм гэнэ. Дараа нь 1924 онд МАХН-ыг Хиагтанд Оросын коммунистуудын заавраар байгуулжээ. Ингээд хоёр өөр нам төрж гарсан гэх шинэ цагийн түүх зохиогчид ч гараад ирж байна. Ер нь МАХН-ынхан, Ардын намынхан ч түүхийг дэндүү их гуйвуулж зохиосон доо. Энэ ажил нь дуусах болоогүй юм байна. Өнгөрсөн онд Ардын нам нь нэрээ сольж байгуулагдахдаа “МАХН бол манай нам. Ардын нам бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл” ухааны юм яриад байсан нь ингээд будаа болох нь ээ.
Ийнхүү эрх баригч Ардын нам, эндээс тасарсан МАХН-ын тэмцлийн фронт улам өргөжиж байна. Аль нь алиндаа уусан шингэж үлдэхийг цаг хугацаа аяндаа харуулах биз. Харин хамгийн эмгэнэлтэй нь намын хатуу гишүүнчлэл нь яван явсаар үндэсний эв нэгдлийг юу ч үгүй бусниулах төлөвтэй боллоо. Ардчилсан нам ч мөн ялгаагүй. Гишүүнчлэлийн төлөө үхэн хатан зүтгэнэ. Намаар ялгаварлан гадуурхалт нийгэмд газар авч байна. Энэ нь улс төрийн ялзрал, доройтлыг улам гааруулах ажээ. Иймээс Н.Батбаяр гишүүн намуудыг тарааж, дахин шинээр байгуулах боломжийг нээлттэй үлдээн, улс төрийн дахин хуваарилалт хийхийг санал болгосон болов уу. Монголд шинэ улс төрийн нам, шинэ улс төр хэрэгтэй болсныг дээрх элий балай тулаанууд харуулаад байна даа.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )