Монгол орныг цөмийн хаягдлын булш болгох тухай мэдээллүүд хүн бүрийг түгшээсээр байна. Мэдээллийн хэрэгслүүд энэ талаар өгүүлэхдээ зарим үйл явдлыг цаг хугацаа, эзэн биегүйгээр ерөнхийлөн тоймлосон нь учир дутагдалтай байгаа ажээ. Иймд манай улсад чухам хэн, хэн энэхүү аймшигтай хаягдлыг сүүлийн үед эрчимтэй хөөцөлдөөд байгааг тодруулах үүднээс Zindaa.mn сайт зарим баримтуудыг онцлон хүргэж байна.
Японы “Киодо Ньюс” сонинд “Тошиба” корпораци Монгол улсад цөмийн хаягдлын агуулах барихаар АНУ-г лоббидож байна” гэсэн гарчигтай мэдээ 2011 оны 7 сарын 1-нд гарсныг Майничи болон бусад сонин авч бүрэн эхээр нь нийтэлжээ. Уг мэдээлэлд “Тошиба”-гийн ерөнхийлөгч Норио Сасаки нь 2011 оны 5 дугаар сарын 12 нд АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Пониман гэгчид Монгол улсад олон улсын цөмийн хаягдал хадгалах агуулах барих асуудлыг шуурхайлахыг хүссэн захидал илгээсэн гэжээ. “Киодо Ньюс” сониныхон Японы Засгийн газрын дотоод хэрэгцээнд зориулан гаргасан албан бичгийг олж аван мэдээллийнхээ эх сурвалж болгосон байлаа. Тэрхүү албан бичигт Япон, Монгол, АНУ-ын засгийн газрууд “Цөмийн түлшний цогц хангамж” нэртэй төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохирсон тухай дурджээ. Ноён Сасаки захидалдаа “Цөмийн түлшний цогц хангамж” төслийн тухай дэлхий нийтэд ил тод болчихсон тул энэ асуудлыг эсэргүүцэх нь тодорхой. Иймд цаашдын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд оролцогч талууд нарийн сайн зохицуулалттай ажиллах шаардлагатай байна” гэжээ.
Toкио /Киодо/ цөмийн түлш үйлдвэрлэж, хаягдал түлшийг булшлах цөмийн мөчлөгийн тогтолцоог байгуулах тухай Япон, АНУ, Монгол гурван улсын хооронд байгуулагдах гэж буй гэрээний төсөлд “Монгол улс бол цөмийн хаягдал түлшийг буцаан илгээх эцсийн цэг мөн” гэж заасныг “Киодо Ньюс” сонин онцолсон байв. Мөн хамгийн ноцтой гэмээр нэг зүйл бол ” Цөмийн түлшний цогц хангамж” гэгч тэрхүү баримт бичгийн төсөлд, ураныхаа түлшийг бусад оронд экспортлоод тэндээс гарах хаягдлыг буцаан авч нутагтаа булшилдаг манай гаригийн анхны тогтолцоог Монголд байгуулна гэсэн байлаа.
2010 оны 11 дүгээр сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар Японы эрх мэдэлтнүүдтэй уулзаж, цөмийн салбарт хамтран ажиллахаар тохирсон юм. Үүнээс хойш долоо хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 26-нд “Тошиба” корпораци, Монголын “MNFCC” компанитай ашигт малтмал, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлаар хамтран ажиллах “Харилцан Ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зуржээ. Төрийн болон хувийн түншлэлд суурилсан хэмээгдэх тэрхүү үл мэдэгдэх “MNFCC” компаний эзэн нь Дүгэрсүрэнгийн Дашдорж буюу ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А.Ундраагийн нөхөр юм байна. Эдгээр үйл явдалтай бараг зэрэгцээд УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, “Мон-Атом” компаний захирал Р.Бадамдамдин нар 2010 оны 11 дүгээр сард Вашингтонд очиж АНУ-ын Эрчим хүчний яамныхантай цөмийн талаар ярилцсан байжээ.
Монгол Улс 1992 онд “Цөмийн зэвсэггүй бүс нутаг” гэдгээ зарласнаас хойш, өнөөдрийг хүртэл байр сууриа олон улсын хэмжээнд хуульчлах боломжийг эрэлхийлсээр байна. 2000 оноос хүчин төгөлдөр болсон “Цөмийн зэвсгээс ангид байх тухай” Монгол улсын хуулинд “Монголын нутаг дэвсгэр дээр цөмийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, эзэмших, хяналтдаа байлгах, байрлуулах, тээвэрлэх, турших буюу хэрэглэхийг хориглоно” гэж заажээ. Түүнчлэн Монголын нутаг дэвсгэр дээр “Цөмийн зэвсгийн гаралтай тусгай ангиллын цацраг идэвхит материал, шаар болон аюултай хог хаягдлыг булшлах буюу устгахыг” хориглосон байна. Энэхүү тунхаглал нь ураны нөөцөөрөө ойрын ирээдүйд дэлхийн хэмжээнд хоёрт орох магадлалтай улс орны хувьд цөмийн зэвсгээс татгалзсанаараа ач холбогдолтой байлаа. Гэвч цөмийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийг олборлох боловсруулах, хаягдлыг нь булшлах нь үүнтэй харшилж байна.
Манай эрх баригчид харамсалтай нь энэ талаар байр сууриа илэрхийлсэнгүй. Тэгвэл АНУ-ын Конгрессийн тайланд манайхны тухай тодорхой тусгасан байх юм. Монголд цөмийн хаягдал булшлах байгууламж барихыг гадаад орнууд сонирхож, судалгаа шинжилгээ, яриа хэлэлцээр хийгдэж байгаа нь үнэн гэдгийг уг тайланд нотолжээ. Мөн урьд нь энэ талаар АНУ-ын Эрчим хүчний яамны албаны дарга Ричард Стартфорд ярьсан байв. Түүний яриа 2011 оны 3 дугаар сарын 29-ний олон улсын хурлын аудио бичлэгт хадгалагдан үлджээ. Үүнийг нь үндэслэн “The National Journal”-ын сэтгүүлч Илэйн Гроссман болон Японы “Майничи” сонин анх нийтэлсэн байна. Тэдний буруу гэж юу байх билээ. Ер нь Монгол орныг цөмийн хаягдлын цэг болгох санаачлага 2005 оноос эхтэй бөгөөд энэ ажилд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол банкны Ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн О.Чулуунбат нар Тайвань улстай бас урьдчилсан яриа хийж байсан юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн Zindaa.mn сайтаас хайж олж уншихыг хүсвэл “Цөмийн хаягдал” гэж бичихэд л хангалттай гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Сэтгэгдэл ( 0 )