Хэлийг хэлтэлж, яриаг ядууруулагч, харийг дууриан хуулбарлагч нартай насан турш модон орчуулгаар бус, монгол ухаанаар тэмцэж явсан их эрдэмтэн, мэргэн гүүж, бичгийн суут хүн Б.Ренчингийн тухай олныг өгүүлж болно. Бичгийн их хүн Б.Ренчин 1905 оны 12-р сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Бул Сарай гэдэг газар төржээ. 1922 оноос Ленинград хотноо Дорно дахины дээд сургуульд суралцаж төгсөөд 1956 онд БНУАУ-д “Монгол хэлний түүхэн хэл зүй” бүтээлээрээ докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр “Бэр цэцэг” шүлгийн ном, “Үүрийн ном”, “Заан залуудай”, “Их нүүдэл”, “Сандоо амбан” зэрэг түүхэн роман, “Гүнж”, “Ану хатан”, “Шүхэрч Буниа” зэрэг олон арван өгүүллэг, найруулал, тэмдэглэл, тууж туурвин, дэлхийн шилдэг зохиолчдын бүтээлээс олноор орчуулан хэвлүүлсэн байна. 1944 онд бүтээсэн “Цогт тайж” киногоороо төрийн шагнал хүртсэн билээ.Их эрдэмтэн маань 32 наснаасаа эхлэн ад зэтгэрийн хорлолтой ач тач үзэлцсэн юм. Түүнийг “До” яам, бялдууч түшмэд бараг тавин жил тамласан. Японы тагнуул, цагаантны туршуул гэсэн хэрэг тулгаж цаазаар авах ял оноож байлаа. 1941 онд 10 жил хорих ял оноосон юм. Аз болоход нэг жилийн дараа ялыг тэнсэнгээр солив. Гэвч түүнд амар заяа үзүүлээгүй, насан өөд болох хүртэл нь элдвээр бичиж, гүтгэж амьдын тамд унагасан юм. Их зохиолчийн тэмдэглэлийн хоёр номыг өөлж баалж, мөн 1959 онд “Үнэн” сонинд “Бидний эгнээнд хөрөнгөтний үзэлтэнд байр байхгүй” гэсэн өгүүллээр ялласан билээ. “Түүнийг бурхны оронд явахад нь хүн ёсоор хөдөөлүүлэхэд нь хөл хорьж асан дээдэс сүр хүчээ гайхуулсан боловч зэс зэвээрээ, алт өнгөөрөө үлджээ” /Д.Пүрэвдорж/. Ренчин гуай дарангуйллын эсрэг цогтой тэмцэж, монгол хэлнийхээ төлөө чин зориг барьж асан мэргэн буурал өвөө байсныг хойч үе, ард түмэн хүндэтгэн дурссаар байх болно.
Мундахгүй эрдмийг сурахад нас юутай богино
Мунхгуудын дунд амьдрахад нас юутай урт гэж тэрбээр нэгэнтээ хэлжээ. Энэ бол их гүүшийн амьдрал, үзэл бодлынх нь хураангуйлал юм. Ном зохиол, эрдмийн их өв, аман зохиол судлал, угсаатны зүй, кино, орчуулга гээд нэгэн биед ахдахааар их туурвил бүтээж, дэлхий дахинд нэрд гарсан эрдэмтэн зохиолч Ренчинг доош нь хийж, цааш нь жийж байгсад бол үзэл суртал гэдэг хадны мангаагаар түрээ барьсан тэр цагийн ноёд байсан бөгөөд их Чойномын цухалдан бичсэн:
“Эх орны минь дархан алдрыг гутааж
Эрдэмгүй тэнэгүүдийг Европоор тарааж
Түүх ёс, төр, шударга ухаан бүхнийг
Түлхэн унагаад хүнийг мал болгосон” хэсэг бүлэг хүмүүс байсныг түүх мартаагүй. Он цаг улиран өнгөрөвч Б.Ренчингийн бүтээл туурвил бүхэн Монголын болон дэлхийн бичиг соёлын хойморт мөнх заларсаар байх болно. Энэ бол насан хутгийг олсон бичгийн мэргэдэд л оногддог өндөр их хувь тавилан юмаа.
“Зөвөөс болж зовсон амьдралын чинь зам дуусаж, зөрж хараалгасаар л яваад баатар чи орчлонг орхино. Харин тэгэхэд хаврын дэлхий амилан сэргэх мэт хатан дэлхийд алдар чинь амьдралаа эхэлнэ” гэж яг 54 жилийн өмнө Б.Явуухулан найрагч Ренчин гуайд зориулан шүлэглэсэн. Түүний амьдрал эхлээд зогсохгүй, өнө үүрд үргэлжилж байна. Монгол түмний зан заншил, хувцас хунар, наадам бүжиг, гэр сууц, хээ угалз зэрэг өргөн баялаг өвийг судлан сурталчилсан төдийгүй Соёмбо үсэг, харийн түрэмгийлэгчдийн эсрэг чин зориг барин тэмцсэн Цогт хунтайж, 1911-1912 оны Үндэсний эрх чөлөөний баатрууд, 1921 оны хувьсгал, журамт цэргийн тэмцэл, ер монголчуудын түүхэн уурт үеийн амьдралыг тусгасан олон шилдэг зохиол бүтээл, эрдэм судлалын арвин их өвөөрөө зуу зуунаар элшгүй өндөр их соёлын алтан суваргыг бүтээн сүндэрлүүлснээрээ Ренчин гуайн гавьяа эгнэшгүй том юм. “Үүрийн туяа” зэрэг ном дэвтэр юүгээр зоригт зүрхнийхээ цусаар бичиж, ардынхаа нандин өв сангаас насан турш хичээнгүйлэн сурч, түүнийг ямагт арвижуулж ирсэн тэрээр цэл залуу 22 наснаасаа эхлэн ард түмнийхээ утга соёлыг судлахад 60 шахам жилээ зориулжээ. Дөнгөж 24 насандаа Засагт ханы Дэндэв гэгчээс 14000 шад шүлэг “Луу мэргэн хаан” гэдэг оргил туульсыг бичиж авсан нь ХХ зуунд Халх, Ойрдоос цуглуулсан туулиудын хамгийн том нь юм. Монгол туульсыг эртний Герегийн “Илиада Одиссей”, Францын “Роландын тууль”-тай харьцуулан судалсан байдаг. Ренчин хэлний шинжлэлтэн, угсаатны зүйч, ардын билэг зүй судлаачийн хувьд аман зохиолыг зөвхөн үгийн урлагийн талаас нь өргөн цар хүрээтэй судалдаг байжээ. “Монгол газар зүйн нэрийн учир”, “Миний гэр таны гэр”, “Соёмбо бол монголчуудын өнхөд орших эрх чөлөөний билэг тэмдэг”, “Монголчуудын өмчийн их тамга”, “Монголын хээ угалзын бэлгэдэл” гээд тоочоод байвал асар их өвийг судлан бүтээжээ. Б.Ренчинг хэн болохыг өрнө, дорноороо өргөн дэлхийгээрээ мэддэг, хүндэлдэг болсон нь монгол түмний бахархал юм. Түүний удирдлага, санаачилгаар “Монгол ард улсын угсаатны судлал, хэлний шинжлэлийн атлас” зохиогдсон билээ. Ренчин багшийн орчуулгын өв сан яндашгүй арвин юм. Ганц эрхэм зүйлийг жишээлье. Эртний Энэтхэгийн их зохиолч Калидасын “Үүлэн зардас” хэмээх алдарт бүтээлийг англи хэлнээс яруу сайхан орчуулсан нь шижир алт мэт, монгол шүлгийн гайхамшгийг ашиглаж чадсан ховор орчуулга болсныг эрдэмтэн мэргэд гайхан шагшсаар бүлгээ. Их зохиолч М.Горькийн “Салхич шувууны дуу”-ны орчуулга нь чухам л тэнгис далайн дээгүүр элин халигч тэр шувуун мэт, эрмэг зоримог, элбэг сүрлэг байдгийг уншсан бүхэн мэдэрдэг билээ. Ренчин гуай өөрөө цагийн бурангуйг сөрж, соёл, хэл, заншлынхаа төлөө зориглон тэмцсэн салхич шувуун байжээ. Шүлгийг орчуулахдаа агуулга хэлбэр хоёрыг хамтад нь буулгах чиглэлийг баримталдаг байсан нь одоо үед нэн дууриалтай ажээ. Ренчин хэмээх нэгэн нэр Монголын орчуулгын үүрийн цолмон болж, эгнэгт мөнх гялалзсаар байх болно. /Г.Аким/
А.С.Пушкин, А.Толстой, Н.В.Гоголь, Ю.Фучик, П.Шандор, А.Барбис, Н.Хикмет, Г.Мопоссан, В.Маяковский, М.Шолохов зэрэг сонгодог зохиолчдын шилдэг бүтээлүүдийг орос, чех, унгар, польш зэрэг олон хэлнээс 20 орчим орны 100 гаруй зохиол орчуулсан хүн үүрийн цолмон шиг өнө үүрд гялалзах нь аргагүй юм. Ренчин гуай бол алив юмны нүдийг олж гашуунаар үнэнийг хэлж, хөвөнд боосон чулуугаар зөөлөн тоншиж чаддаг цэцэн билэгтэн байсан тухай олон яриа бий. Гадаадын нэг эрдэмтэнтэй хамт хооллож суутал цаадах нь “Монголчууд махыг ёстой чоно шиг иддэг гэл үү?” хэмээн асуухад, “Тийм ээ, танайхан ногоог жинхэнэ мал шиг иддэг биз дээ” гэж хариу барьжээ. Хөвсгөлд сурвалжлах ажлаар явж байгад өдөржин давхисаар орой нэг айлд хүрчээ. Гэрийн эзэгтэй таваг тавиад, бэлэн цай өгчихөөд хэнэггүй суучихаж гэнэ. Тэгэхлээр нь, “Үгүй хүүхээ, над шиг өвгөний сахал хөдөлгөх, энэ шиг залуугийн эрүү хөдөлгөх юм танайд байна уу” гэхэд эзэгтэй дуу алдаж, “Өө, та чинь өнөө Бимбаев гуай мөн үү” гэхэд “хөөрхий зайлуул Бимбаев нь талийгаач болсон юм. Харин Ренчин гэдэг нь би байна” гэжээ. Ардын уран зохиолч С.Эрдэнэ агсан “Бахархалт дүр” хэмээх дурсамжиндаа:
“1970 оны зун Ренчин, Удвал гуай бид гурав Румыны нийслэлд зохиолчдын чуулганд оролцохоор очлоо. Ренчин гуай Румыны зохиолчидтой францаар, польшуудтай польшоор, чехуудтай чех хэлээр нэвтрэлцэх нь бахтай. Хурлын дараа Ерөнхийлөгч Чаушеску цайллага хийв. Ренчин гуай дугуй хээтэй уужим гэгчийн хүрэн торгон дээл өмсөж, мөнгөн бүс бүсэлжээ... Чаушеску болор жүнзтэй дарс барьсаар бидэн рүү хүрч ирлээ. Ренчин гуайд бараг тулж ирээд “Ямар янзын амьтан бэ” гэсэн шиг хөлөөс нь толгой хүртэл ажив. Тэгтэл Ренчин гуай жаахан ухраад доор мэхийн ёсолж, баруун гарынхаа хурууг чагжаалан, буурал тэргүүнээ гилжийлгээд урдаас нь эгц харан зогсов. Тэгснээ чагжаалсан хуруугаа задлан, ядам хуруугаараа гурвантаа сэржимдээд жүнзтэй архиа хөнтөрч орхив. Монголчууд ингэж уудаг юм гэж үзүүлж байгаа нь тэр. Би арайхийн инээдээ барилаа. Чаушеску нэг муу инээхчээн болоод цааш явав. Цайллагын дараа Чаушеску дарга таныг айхтар харсан шүү гэхэд, “Тэр дарга намайг роман нүдээр, би түүнийг монгол нүдээр ширтлээв шүү дээ” гээд буурал “зогдроо” хаялан инээж билээ” гэж бичсэн байхыг уншаад Монголынхоо нэр төрийн төлөө харийн тэр дарангуйлагчтай хийсэн бяцхан “тулаанд” ялж гарсныг нь бахдаж билээ. Энэ мэтээр их эрдэмтний тухай олныг ярьж болох юм. Бид, ялангуяа залуу үе минь Нацагдорж, Дамдинсүрэн, Ренчин хэмээх Монголынхоо утга соёлын гурван оргилын үлдээсэн яндашгүй их өв сангаас суралцан судалж, оюун билгээ ундлаасай.
“Мянганы алсад ухаант ардынхаа
Алдрыг нь дуудуулах
Мятаршгүй санаа цээжинд нь
Сөгнөөтэй айраг шиг цэлэлзэж явсан” /С.Дашдооров/ монгол т уургатны бахархал бол Бямбын Ренчин бүлгээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Үнэхээр мундаг хүн юм ийм хүнээрээ бид чинь бахархан суухын аргагүй юс