/хөрөг дурдатгал/
Говийн дунайсан цэнхэр тэнгэрийн доор зургаан өртөө үргэлжлэх Хонгорын элсэн уул зүүн урагш ширээ ширээ атан тэмээд шиг хошууран цувж шаргалтана. Түүний ар хормойгоор нов ногоон зүлгэн дундуур Хонгорын гол гилтэлзэн урсаад, Сэрүүн булгийн ус жирэлзэн мэлтгэнэнэ. Тэртээ баруунаа Хатан Сэврэйн уул галын хөх дөл шиг цоролзон асна. Байгалийн энэ хосгүй үзэсгэлэнг биширцгээсэн зохиолч найрагчид, зочид гийчид Хонгорын элсний нар наадсан бүлээн зулай дээр суун авай. Энэ бол 1979 оны 9-р сарын 17-ны өдөр. Монголын утга зохиолын арав хоног Өмнөговь аймагт үргэлжилж байлаа. Уран зохиолын маань өрлөг ижий С.Удвал, их Явуу, Пүрэвдорж, Эрдэнэ, Пүрэвсүрэн, Дашдооров гээд уран үгийн дархчуул, Хасаг Өлжас, нивх Вл.Санги, Унгар Чоба Варга зэрэг харь холын зохиолчид шүлэг найргаа уншицгааж, говьчуудын сэтгэлд найргийн хур асгаж байлаа. Энэ ажиллагааг Дэндэвийн Пүрэвдорж хөтөлсөн юм. “Маргад тэнгэрийн чулуун зүмбэр Манант говийн үүлэн сүмбэр Сэгс цагаан Богд ууланд сэтгэл байвал жаргал байна” гэсэн яруу сайхан мөрүүд дуурсана. Зохиолч өөрийнх нь дуу хоолойноос, нүүр царайгий нь харан сууж шүлгийг нь сонсоно гэдэг уншигчийн баяр жаргал байдаг. Намрын тэр хонгор өдөр говьчууд ийм жаргалыг эдэлж билээ. Эл бүгдийг дурсан хуучлахын учир нь эдүгээ Ардын уран зохиолчийн алтан сэнтийд залран буй Пүүжий багшийн олон шавийн нэг гэгдэж яваадаа омогшсоных юмаа. Найрагчийн сэтгэлийн аугаа их ертөнцийг найрагч хүн л мэдэрдгийн учир багшийнхаа хөргийг ийнхүү урлаж суугаагаа оршил болгон хэлсү. Хориодхон насандаа “Алтан намар” хэмээх дууны шүлгээр уран бүтээлийн замаа эхэлсэн Эрээн уулнаас эрдэм, найраг хоёрын замд өдлөн ниссэн хийморилог энэ найрагч Монголын яруу найрагт, тэр дундаа найраглалын төрөлд томхон шинэчлэл хийснийг эрдэмтэд судлаачид нэгэн дуугаар зөвшөөрдөг билээ. Сүүлийн жилүүдэд “Хорин таван найраглал”-аа баринтаглан, “Хөх үндэсний гал” түүврээ хэвлүүлж, “Улаан гэрийн хоригдол”, “Бор гэрийн богд” зэрэг уншсан хүний ухаарлын учиг уртасгаж, урмын гал хөгжөөх дурсамж хөрөг, эмзэглэл эргэцүүллийн туурвилууд, “Тарчилсан сүнс” романаа монгол түмэндээ өргөн барьсан Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Дэндэвийн Пүрэвдорж найрагчийг унаган Монгол төдийгүй уужим дэлхий мэддэг гэдгийг хэлмээр байна.
1965 онд шиг санаж байна. Буриадын “Байгаль” сэтгүүлд Монголын яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнолын дуулал” нэртэй сайхан шүлэг хэвлэгдсэнийг оюутнуудын маань нэг олж авчран, хэдүүл чадан ядан хөрвүүлээд, цээжилцгээж билээ. Энэ шүлэг бидний сэтгэлд машид нийцэж, тун богино хугацаанд залуус биднийг эзэмдсэн. Тэр үед найрагч маань Москвад нөгөөх алдарт Горькийн нэрэмжит сургуулийн “Цэнхэр костюмт” гэгдэж, ном эрдэмд шамдаж байжээ. Түүнээс хоёр жилийн дараа үүнийг бичигч би сургуулиа төгсөөд Мандалговийн арван жилийн сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар очсон юм. Нэг өдөр аймгийн утга зохиолын дугуйлангийнхан цугларахад хотоос хэд хэдэн зохиолчид ирсэн байв. Анх удаа “Чингис”, “Тусгаар тогтнол”-ын эзэн Пүрэвдорж багштайгаа уулзсан минь тэр болой. 9,10-р ангийн хүүхдүүдтэй найрагчийг уулзуулах үүргийг дугуйлангийн эрхлэгч, яруу найрагч Б.Лувсандорж өгөв. Тэр уулзалтынхаа төгсгөлд найрагч маань оюутан цагтаа миний шимтэж цээжилсэн мөнөөх “Тусгаар тогтнол”-оо уншив. Дүрслэлийн уран хэлний тансагт нь биширцгээсэн шавь нар маань алга ташин хүлээн авч байсныг одоо ч би мартдаггүй юмаа. Энэ шүлгийн хувь з аяа бас их адармаатай, “Чингис” шүлэг нь гараад хэдхэн жил болж, хэл аманд өртөж, “Голомт” найраглал нь ч үзэл суртлын бороохойд түншүүлэн байсан цаг. Ингээд л үндэсний үзэлтэй, “эсэргүү” шүлэгчийн “Тусгаар тогтнол” хорионд орох нь тэр. Гэвч олон хүний өврийн дэвтэр, сэтгэл хоёрт он удаан жил амьдарсаар байсныг би мэдэх юм. Уран зохиолын хичээл заахдаа би хааяа тэр шүлгээс ишлэл авдаг байлаа. Бадгуудаас нь сонгон авч шүлгийн техник, айзам хэмжээг нь задлан тайлбарлахаас аваад өгүүлбэр зүйн хичээлээр самбар дүүрэн бичээд задлан ялгал хийхэд тун ч сонирхолтой, урамтай байдагсан. Хааяа утга зохиолын дугуйлангийнхаа хүүхэд залуучуудад цөөн бадгийг нь уншиж өгдөг байлаа. Тэгсний “буянаар” аймгийн намын хороонд нэг бус удаа дуудагдсан юмдаг. Чингисийг магтсан, хориотой шүлгээр хүүхдүүдийг хордуулсан гэх маягаар л үзэл сурталддаг байжээ. Мөн ч сүрхий динозаврууд байж. Дарга нарын хүүхдэд ном заах амаргүй байсан хэрэг. Тэд бодвол, хүүхдийнхээ дэвтрийг “редакторлодог” байсан биз. Цаг цагаараа байдаггүй гэж юутай үнэн. Цагаан морин жилээр “Тусгаар тогтнол” хүлээснээсээ гарч, эрх чөлөөтэй болоод зогсоогүй энэ шүлгийг бичсэнийх нь төлөө, мөн “Чингис” шүлэг бүтээснийх нь төлөө эзэн Чингисийн одонгоор найрагчийг мялаасан түүхтэй. Өөрөөр хэлбэл, заазлагдаж хоригдсон шүлгүүд засгийн зарлигаар одон хүртсэн нь тэр болой. “Тусгаар тогтнол” шүлгийн тухай задлан яривал ихийг өгүүлж болно. Монгол яруу найргийн эр бяр, цэц ухаан, ур хийц тэгширсэн ийм шүлгийг жинхэнэ ардынхаа хэлийг ээжийнхээ сүүтэй хамт хөхөж торнисон ийм л хүн бичиж чадна. Жил гаруйхны өмнө найрагч маань “Бор гэрийн богд” нэртэй бодрол дурсамжийн сайхан ном бүтээж уншигч түмэндээ барьсан. Яруу найрагчийн амьдрал намтар, үзэл бодол, цаг цагийн мэдрэмжийг энэ номноос бүрнээ мэдэж болно. Эл хөрөг дурдатгалдаа “Бор гэрийн богд”-оос ишилье. Зохиолчийн ертөнц гэдэг хэлсэн үг, хийсэн бүтээлээс нь тодордог бус уу. Энэ нь бас зохиолчийн дотоод ертөнцийг нээж, хөрөг дүрийг нь тодосгож буй хэрэг.
“Даяаршил нь бүдүүн тоймоор хэлбэл, “хавтгайдаа” гэсэн буюу хуучнаар бол “танай манай хамаагүй, тамхи байна, таваарш аа” гэдэг шиг өнгө бий. Үүний наана нь айлсал, цаана нь үндэсний үгүйтгэлийн урхаг буйд хорвоод бас цөөнгүй хүн цэрвэж байгаа. Тиймээс би солонго хөөсөн хүүхэд шиг гуяа алгадаж гүйхгүй. Даяаршил руу хоёр нүд тас аньж хоршооны хонь шиг туулгахгүй гэж би хэгжүүрхэнэ. Бид чинь морьтон хөөдөг нохой шиг дагаж далбаганаад халширлаа шүү дээ”.
“Миний мөлхөж гэтэлсэн хорьдугаар зуунд “Би”-гийн дээр тэнгэр бус, нам байсан. Иргэний цорын ганц шалгуур нь намд хязгааргүй үнэнч байх, үгүй ядахдаа үнэнч юм шиг харагдах хүлцэнгүйрэл байв. Ард түмэн та нар төрийн эзэн гэж могдорлоод гэрийн тэжээмэл амьтан болгодог нь дарангуйллын башир заль мөн. Бидний “би” явах газар хүрээтэй, хэлэх үг хэмжээтэй, малгайгаа байтугай толгойгоо өгөхдөө “мандтугай” гэж хашгирах ёстой байлаа. Олон хүн ийм лоозонтой буудуулсан”.
“Цаг хугацаа улирсан ч бидний үндэстэн илааршаагүй л байна. Даргамсал, хэргэмсэл, авлига, баярхал, хувхайрал, залбирал, зэрлэгшил тэнгэрлэг заяанд минь тэрссээр л байгаа нь аюул.
...Гэмт хэрэгтэн, авлигачин, архичны хар сүрэг Монголыг маань боорложээ. Эмс охидын энгэр мөнгөнд задарч, үндэсний цус булингартаж, өмдөөрөө авсан өвчин, дархлааны тахал нүүрлэлээ”.
“Өнөө үеийнхэнд түүхийн үнэнийг сануулж хэлэх үүрэг бидэнд бий. Эх орон, эрх чөлөөний үнэ цэнийг тэдэнд үнэнээр нь хүргэе. Ардчиллаас юу хүртэв гэж надаас асуувал би огтхон ч эргэлзэхгүйгээр миний “Би”-г өгсөн гэж хариулна. Авах юм нь энэ л юм чинь”.
“Бор гэрийн богд”-д найрагч маань ийн бичжээ. Өнгөрсөн үеийг мэдэхгүйгээр, өнөө үеэ цэгнэхгүйгээр улс гүрэн, хувь хүн хол явдаггүй түүхийн хатуу үнэн бий. Үүнийг бичигч би нэгэн өгүүлэлдээ, “Харийн нөлөө хэтэрвээс үндэсний аюул нүүрлэнэ” хэмээн том дуугарсан. Миний энэ дууг бор гэрийн Богд улам баталсныг дээрх ишлэлүүд тодруулж байна. “Үндсэрхэж, ясархаж, цусархаж” чадахгүй юм бол эх орноосоо бид алдууран, эзэнгүй тэнэмэл, эхгүй өнчин, эх оронгүй золбин болох бус уу. Эх орноо бид алдах дөхсөн түүхийн гашуун сургамжийг мартаж болохгүй! Эл бүгдийг товчлоод найрагчийн намтар түүх рүү эргэн оръё.
1960-аад онд Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцаж, Сэнгээ багшийнхаа туурайг хатаан, эрдмийн аянаас “Жигүүрт цагаан гэртээ” эргэн ирсэн найрагч тэр л үеэс цагийг эзэлсэн шүлэгчийн зиндаанд орж ирээд зогсоогүй олон залуусыг уран бүтээлийн замд хөтлөн, яруу найрагчдын бүхэл бүтэн армийг командлан Монголын уран зохиолын асар цагаан өргөөний ам бүлийг өнөржүүлэхэд ач буянаа хайрласан буурлуудын нэг нь Пүүжий багш юмаа. Цагаан морин жилээр өөрийн гэсэн “Голомт”-ныхоо хойморт их эзэн “Чингис” богдоо сүлдлэн тахиж, “Тусгаар тогтнол”-оо зарлах эрх чөлөөтэй болсны учир тийнхүү найрагч маань өөрийгөө “Улаан гэрийн хоригдол”-оос “Бор гэрийн богд”-д өргөмжилсөн нь тодорхой. Хоригдлоос богд хүрэх замыг миний ард түмэн бор гэртээ богд, хар гэртээ хаан гэж хэлэлцдэг. Эрх чөлөөтэй, өөрийн мэдэлтэй байх нь хэн хүний жаргал болой. Бичгийн хүнд энэ бол үгээ хэлэх, үзлээ илэрхийлэх эрх чөлөө бүрэн дүүрэн болсныг хэлэх бус уу. Бидэнд богд байх, хаан байх боломж огтхон ч байгаагүй гэдгийг мартаж хэзээ ч болохгүй. Хэдэн зуун шүлэг, дуу, 50 гаруй найраглал, дууль, дуурийн цомнол, дурсамж эргэцүүллийн олон бүтээл туурвисан бичгийн их авьяастны тухай товчхон бичиглэв.
“Бидний монголчууд” цувралын нэгэн боть болж гарсан “Бор гэрийн богд” номны төгсгөлд Орхун Ц.Гомбосүрэн гуай, “... Ахуй амьдралын энэхэн тэрхэнээс авахуулаад учир хөврөл урттай, учир начир нарийнтай элдэв хэрэг зоригийг эх түүх, энгүй хорвоогийн эрээн бараантай шүтэлцүүлэн, нөгөө л уран тансаг, амт шүлт төгөлдөр монгол хэл юугаа агсамнуулан тэлмүүлж, алиа хошин шог, адат ёгтоор шигтгээлэн тоноглоод, номын ариун ширээнээ залж буй нь энэ ажээ” гэж бичсэн бий. Нэрт дипломат, орчуулагчийн энэ үг найрагчийн ур чадвар хийгээд ухаан билгийг машид онож хэлжээ хэмээн өчүүхэн бичээч би урамшин баярланам. Баярлахын учир гэвэл анхны хэнз балчир шүлгээс минь аваад ууган номыг минь өлгийдөн, гэрэлт харгуйд намайг хөтөлж, түшиж явсан энэ ардын уран зохиолчийн олон арван шавийн нэг гэгдэж байгаад орших бус уу!
Монголын яруу найраг өөдлөн хөгжиж, өрнөн бадрахад Дэндэвийн Пүрэвдоржийн сэтгэлийн гал, зүтгэлийн хүч үлэмжхэн орсон юм шүү гэдгийг онцлон хэлэх учиртай. Найрагч маань амь нас, сүр сүлд, андгай тангараг, шүлэг зохиолоо эх оронтойгоо насан үүрд холбож, түүнийгээ ч чин шударгаар мөрдөн баримталж, хардлага сэрдлэг, хавчлага мөрдлөг, үгийн хог, үзлийн бугийг үнэний гэрлээр ялан дийлэхийн үлгэрийг үзүүлж чадсан нэгэн бөгөөд тэрээр Монголын яруу найргийн сүмбэр цагаан оргилын нэг бүлгээ. Оргил гэмээ нь холдоо бараатайгаас гадна бэлдээ нөмөртэй, бас түшигтэй байдаг билээ л.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )