М.Энхсайхан, Н.Энхбаяр нар “хувьсгал” хийж хувийн өмчгүй социализм байгуулна гэв үү

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 17


 Зүүн Европ, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд  байсан зарим улсад сүүлийн хэдэн жил төр засаг нь сонгуулийн бус аргаар солигдохыг өнгөт хувьсгал гэж нэрлэж иржээ. 2003 оны арваннэгдүгээр сард Гүржид, 2005 оны нэгдүгээр сард Украйнд, 2005 оны дөрөвдүгээр сард Киргизд болсон үйл явдлыг “Сарнайн”, “Жүржийн”, “Алтан зул цэцгийн” хувьсгал хэмээсэн байна. 2005 оны тавдугаар сард Узбекистанд, 2005 оны арваннэгдүгээр сард Азербайжанд болсон үйл явдалд иймэрхүү гоёмсог нэр өгөөгүй ч гэсэн  үндсэнд нь өнгөт хувьсгал хэмээн ангилжээ.  Тэгвэл манайд өнгөт хувьсгал болох уу. Ямар аргаар, юунд хүрэх хувьсгал вэ. Хувьсгалын үр дүнгээр ард түмэн маань эрх, эрх чөлөөгөө хэрхэн яаж эдлэх, тэр нь юугаар баталгаажих ёстой вэ гэх мэт олон асуудал тавигдана.  Ж.Шарпын  “Диктатураас ардчилал руу буюу эрх чөлөөтэй болох үзэл баримтлал” гэсэн ном бий.  Үүнийг зарим нь  өнгөт хувьсгалын “Гарын авлага” гэж үздэг бололтой. Энэ номд дурьдсан дарангуйлагчийн дүр төрх манайд ямархуу хэмжээнд байгаа вэ. Муу ч гэсэн парламентийн засаглалтай. Нэг хүний дарангуйлал тогтох боломжгүй. Харин улс төрийн нам дамжсан олигархи бүлэглэлүүдийг дарангуйлагчид гэж үзэх эсэх гээд бас л асуудал маргаан дагуулна. Гэхдээ олигархийн засаглал баттай зогссон гэдэгтэй нийгмийн сэхээлэг хэсэг нь бүгд санал нэгдэх байх. Олигархи засаглал бол дарангуйллын нэг хэлбэр яах аргагүй мөн. Тэгвэл тэрхүү номонд дарангуйллын хүчийг яаж бодитоор үнэлж, тэмцлийг ямар аргаар яаж хийх гээд үндсэндээ “Хувьсгалчдад” үзэл баримтлалын болон  үйл ажиллагааны бүх заваарчилгааг өгсөн байдаг юм билээ.  Ингэхдээ гагцхүү хувьсгалыг тайван замаар, хүчирхийллийн бус аргаар хийхийг чухалчилжээ.

            Сүүлийн жилүүдэд монголд өрнөсөн иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагаанаас ерөнхийд нь ажиглахад дээрх “өнгөт хувьсгал”-ын жорыг дэндүү хялбаршуулсан шинжтэй, эрх баригчдийг албан тушаалаас огцруулах юм уу, эсвэл гадаадын санхүүжилт, улс төрийн лидер гэгдэх цөөн хэдэн хүний өгсөн, амласан эд мөнгөнд сэтгэл тайвширч, сүүлдээ зөвхөн шантаажаар мөнгөжих сонирхолдоо хөтлөгдсөн хүмүүсийн бөөгнөрөл болон хувирч байжээ.  Тэднийг шооч нэг нь зүгээр л ахиухан хоол олж идэхийг хүссэн хүмүүс буюу “хөдөлгөөнчид” хэмээн нэрлэх болсон юм. Гэвч бас иргэний хөдөлгөөнүүд нийгмийн оюун санаанд  бага боловч юм хийж өгч байлаа. Эрх баригчдын алдаатай бодлого үйл ажиллагааг зоригтой шүүмжлэх, нам бүлэглэлийн эрх ашигт дулдуйдан үндэсний эрх ашгаа хөсөр хаягчдыг үл тэвчих үзэл санааг төлөвшүүлэхэд аажим нөлөөлсөөр байна. Ер нь ардчилал руу эргэлт буцалтгүй замнаж буй нийгэмд эрх баригчид иргэдийнхээ нийтлэг ашиг сонирхолд боол мэт үйлчлэх учиртайг өнөө хэр нь улс төрийн нам хүчнүүд сайтар ухаарахгүй, нэг хэсэг нь хүсэх ч үгүй  байгаа нь  бухимдлыг улам гааруулж байна.

            Өнгөрсөн онд М.Энхсайханы үүсгэн байгуулсан Үндэсний шинэ намаас Үндэсний хувьсгалын тунхаг бичиг гаргасан. Үүндээ Ардчилсан нам, Ардын намыг Монголын эрх ашигт нийцсэн үзэл санаа байхгүй хэмээн үзэж, Монгол үндэсний үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийг чухалчилсан юм. Гуравдахь дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ардын намаас салж МАХН-ыг толгойлох болсныхоо дараа мөн “Хувьсгал” хийхээ нийтэд зарлав. Ерөөсөө түүний “хувьсгал” гэсэн үг орсон намын  нэрийг хэвээр хадгалж үлдээхийн цаад санаа нь үндэсний шинэ хувьсгал хийхэд чиглэж байсан бололтой. Мөн саяхан “Монголын эв хамт холбоо” гэгч байгууллага гэнэтхэн бий болж “Хулгайлагдсан хувьсгалаа эргүүлж авъя” гэсэн  тунхаг бичгийг өдөр тутмын сонинуудад нийтэлсэн байна. Түүний өмнөхөн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Хамуг Монгол эвсэл” гэдэг иргэний хөдөлгөөн байгуулж бас л тунхаг бичгээ нийтэд тараасан. Зөвхөн эдгээрийн гол схем, агуулгыг анзаарахад Үндэсний хэмжээний хувьсгалт өөрчлөлт зайлшгүй тулгарсныг сануулж буй бололтой. Гэхдээ тэд гайхалтай бөгөөд аймаар юм хийх гэж байгаа ажээ.  Тэдний суурь үзэл баримтлал болгох гээд байгаа зүйл нь үндэсний үзэл санаа байх боловч бидний түүх болж үлдсэн социализмыг дахин байгуулах юм гэнэ. Ингэхдээ одоогийн хувийн өмчийн хэлбэрийг бүхэлд нь арчиж хаяад өмчийн нийгэмчлэл хийх нь ээ. Оросын хамтрал, коммун, Монголын нэгдэлжих хөдөлгөөн шиг юмыг дахин хийнэ гэнэ. Гагцхүү төрийн өмчийг үлдээх юм байх. Хөдөлмөрчин олон түмэн өмч байхгүй, харин төрөөс иргэн бүрдээ баялаг хуваарилах зарчмаар шинэ нийгмийн байгууллыг цогцлоох тухай мэдэгдэж байна. Ийм мулгуу санаа арай ч эдийн засагч, Ерөнхий сайд асан М.Энхсайханаас гараагүй байлгүй дээ гэж бодоод харж л байхаас. Мөн Н.Энхбаяр яаж сэтгэхээрээ В.И.Лениний хамтралжуулах санааг өнөөгийн монголд дахин хэрэгжүүлэх гэсэн юм бол оо. Мань эр Таван толгойн ордыг бүхэлд нь монголчуудад эзэмшүүлнэ гээд байсан нь ийм л учиртай байсан юм болов уу даа. Тэрээр мөн шинэ хувьсгалыг хүч хэрэглэх аргаар хийнэ гэж байна. М.Энхсайханы хувьд арай аядуу зөөлөн аргаар хувьсгал хийхийг хүсч буй ч Н.Энхбаяр нь эрс шийдэмгий үзэлцэхийг хүсээд байгаа бололтой.

            Америк тэргүүтэй их гүрнүүд Ойрхи дорнод, Африкийн орнуудад хувьсгалын шинжтэй үйл явцыг санхүүжүүлэн, Ливи, Сири зэрэгт цэргийн хүч хэрэглэж байна. Гол зорилго нь юу байв гэхээр ердөө л газрын баялагийг нь хуваалцах. Ийм санаархалаа наад зах нь Жорс Сорс мэтийн тэрбумнуудын үүсгэн байгуулсан сангийн хэлбэрээр ажилладаг төрийн бус байгууллагуудаар дамжуулан санхүүгийн дэмжлэг үзүүлэх маягаар хэрэгжүүлдэг ажээ. Арабын өнөөгийн хямрал болон Гүрж, Сербийн хувьсгалыг Жорж Сорс санхүүжүүлсэн бөгөөд Барак Обамаг ч Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад нөлөөлсөн гэдэг. Монголд Сорсын байгуулсан сангийн байгууллага олон жил ажилласан бөгөөд энэ нь одоо нээлттэй нийгэм форум хэмээн нэрлэгдэж байна. Энэ мэтийн санхүүжүүлэгчид М.Энхсайхан, Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нарт олон байгаа бололтой. Жорж Сорос “өнгөт” хувьсгалыг санхүүжүүлснийхээ төлөө чамгүй их ашиг олсон. Түүний  гарт Сербийн нисэх онгоцны буудал, томоохон зочид буудал, хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэн зэрэг  байгууламжууд  оржээ. Тэр эдгээрээс өнөөг хүртэл ашиг хүртэж байна. Энэ бол зөвхөн ганц л жишээ нь. Өөр олон газарт тэр үүнээс илүү ашиг олж байгаа.

2008 оны 7 сарын 1-ний үйл явдлыг зарим судлаачид “Өнгөт” хувьсгалын өнгөцхөн хэлбэр буюу  бэлтгэл зохион байгуулалт, найруулга муутай “толгоом” болсон мэтээр бичиж байгаа. Гэхдээ тухайн үед олон нийтийн хөөрлийг далимдуулан эрх баригчдын зүгээс сөрөг байдлаар ашигласан онцгой үзэгдэл болов уу. Мөн үүнийг нөгөө талаас нь ардчиллын дархлааг илэрхийлсэн үйл явдал гэж болно. Аливаа зүйлийг олон талаас нь тунгаах хэрэгтэй биз. Ингэхдээ харин Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын тунхаглаад байгаа хувьсгал нь дээр өгүүлсэн социализмыг буцааж авчраад “нийгэм журам”-т гажиг тогтолцоо бий болгохыг зорьж буй бол түүн шиг том эндүүрэл байхгүй. Харин олигархижсан төр, засгийг өөрчлөхийн тулд иргэдээ соён гэгээрүүлж, улс төрийн системийн гажуудлуудыг үндсэн хуульд өөчлөлт оруулах замаар шийдвэртэй ажиллах улс төрийн шинэ хүчнийг төлөвшүүлж, иргэний шууд ардчиллыг  төлөөллийн ардчилалтай хэм тэнцүүхэн хуульчилж хэвшүүлэх хэрэгтэй юм. Үүнийг хувьсгалт өөрчлөлт ч гэж бас хэлж болох. Түүнээс биш хүчирхийлийн замаар хувьсгал хийнэ гэвэл эцсийн үр дүнд нь өөр маягийн хүчирхийллээр солигдож үлдэнэ. Тэрхүү хүчирхийллийн лантуу нь ард түмнийг дарангуйлсаар байх болно. Ард түмэн нэг гинжийг нөгөөгөөр солихыг хүсдэггүй. Гагцхүү заяагдмал эрх, эрх чөлөөгөө олигархиудаас бүрмөсөн салган авч, иргэний ардчиллыг жинхэнэ утгаар нь бий болгохыг л хүсдэг. Ийм хожлыг ард түмэн цаг үргэлж хүлээж байдаг.

 

Сэтгүүлч Б.Отгонбаяр  

 

 

 

 

 

 

 

 

 

 

       
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top