С.Нарангийн хамгийн илэн далангүй ярилцлагыг хүргэе. Түүнийг анхны бие даасан тоглолтоо АСА циркт хийхийн өмнө эл ярилцлагыг хийж байсан юм.
-Танд амжилт хүсье. Монголдоо бүрмөсөн ирчихсэн үү. Сургуулиа амжилттай төгссөн үү?
-Бээжингийн Драмын улсын академийн Урлагийн менежментийн ангийг төгсөөд ирлээ. Хятадад сурна гэдэг тийм ч амар эд биш.
-Хятадаар ус цас уу. Хүний нутагт сурч, амьдрах ямар байсан бэ?
-Юу гэж дээ. Таван жил ирэн очин ийм нөхцөлд хятад хэлийг тийм амар сурахгүй. Өөрийнхөө хэмжээнд сурсан. Тэс өөр ертөнцөд, зөвхөн биеэ даасан хүний хувьд их хөдөлмөрлөж, тархиа ажиллуулах хэрэгтэй. Сурахын зэрэгцээ тэдний амьдралаас өөртөө хэрэгтэйг олж харах чухал. Хичээлдээ видеокамер авч ороод, багш нарынхаа хичээлийг гэртээ ирээд сонсдог байсан. Маш их кассет, мөнгө үрсэн шүү. Хэдхэн хоногийн өмнө бүх кассетаа эргэж сонсоход багш нарынхаа хичээлд эргээд суусан мэт сэтгэгдэл төрж байналээ. Хэл гэдэг тордохгүй л бол амархан мартагддаг. Хэлний суурь мэдлэг бас их чухал. Бяцхан түүх сөхөхөд би Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хоёрдугаар 10 жилд сурч байхдаа орос хэлд шамдан суралцдаг байлаа. Энэ нь ямар ч хэлийг сурах суурь болж өгсөн гэж үздэг. Миний ярианы аялгыг сонсоод, зарим хүн “Чи буриад уу” гэдэг. Намайг багад Казаниас ирсэн орос багш маань надад их сайн байлаа. Хүүхэлдэй бэлэглэж, дуу зааж өгнө. Ер нь орос хэлний багш нартайгаа их найзархуу. Тухайн үеийн орос хэлний сургалт их сайн. Дээр нь аав “Новоя время”, “Спутник” сэтгүүл захиалаад, бүгдийг нь бидэнд уншиж өгөх нь бас л хэл сурахад дөхөмтэй байсан. Долдугаар ангид байхад хүүхдийн дууны Галхүү багш манай сургуулийн дуу хөгжмийн багшаар томилогдон ирсэн нь надад бүр ихийг сурах боломж олгож билээ. Багшийн зөвлөснөөр хотод ирж, орос дууны уралдаанд ороод, хоёрдугаар байр эзэлж, Найрамдал зуслангийн олон улсын ээлжинд амрах эрхийн бичгээр шагнуулсан юм. Хотод анх ирэхэд жигтэйхэн өөр ертөнцөд “буучихсан” юм шиг. Хотынхны өмссөн хувцас, яриа хөөрөө их задгай. Хөдөөгийн бид болохоор жигтэйхэн нуугдмал. Би ер нь багаасаа нэлээд ажигламтгай хүүхэд байсан. Эгч маань хотын хүүхэд болгох гээд тухайн үедээ моодонд орсон хар шаахай надад авч өгсөн санагдана. Оюутан болсон үе маань үнэн хэцүү цаг л даа. Эхний жилдээ стипендтэй байгаад, дараа жилээс нь төлбөр төлөх болонгуут аав, ээж хүртэл шоконд орж, тэднээс мөнгө горьдох эрхгүй учраас биеэ даах шаардлагатай болсон. Хэчнээн дотор хэцүү байсан ч түүнийгээ хүнд харуулахгүй гэсэн миний нэг гүргэр зан байдаг юм. Тэр хэцүү цагийн минь найз Энхтуяа одоо миний менежер хийж яваа. Хүүхэд Залуучуудын театрын нэлээд сайн жүжигчин байсан л даа. Энхтуяа их нээлттэй, мэдрэмжтэй хүн. Би өөрөө нэг их олон найзтай юм шиг мөртөө цагаа тулахаар найзгүй ч юм шиг. Найз гэдэг итгэлцлийн юм даа. Сүүлдээ хэн надтай ямар зорилготой найзлах гэж байна вэ гэдгийг мэддэг болчихсон.
-Хятадад хаана амьдарч байсан бэ?
-Анх очоод дотуур байранд амьдрахад, хятадууд хажууханд барилга бариад, дуу чимээ нь яг дэргэд байгаа юм шиг сонсогдоно. Ингээд нэг итали хүүхэнтэй сургуулийнхаа ойролцоо байр хөлсөлсөн л дөө. Хоёулаа жил амьдраад, дараа жилээс нь би тусдаа гарч, сая төгсөхийнхөө өмнө гурван сар хятад эгч, дүүстэй амьдарсан. Магистр хамгаалах учраас тэдэнтэй байхад ярианы чадвар эрс дээшилнэ. Их сайн ч хүүхдүүд таарч, сүүлийн гурван сарыг их сонирхолтой үдсэн дээ.
-Италичууд их найрсаг сайхан ааштай, халуун дулаан хүмүүс шүү дээ. Эмэгтэйчүүд нь ямаршуухан юм бол?
-Хэдийгээр надаас дүү ч гэсэн маш олон орноор явчихсан, нэлээд сайн боловсорсон итали гэр бүлийн охин байлаа. Зарчимч, би үнэхээр хэрэгцээтэй, асуух зүйл гарвал хаалгыг нь тогшоод, “Чи надад туслах уу” гэнэ. Тийм сүртэй ойр дотно байгаагүй.
-Хятадын олон ангит киноны дууг дууллаа гэж сонсогдож байсан. Энэ үнэн үү?
-Бээжингийн нэлээд том студийг Энхбат гэдэг өвөрмонгол хүн ажиллуулдаг. “Бид их том замд явж байна” гэсэн улстөрийн сэдэвтэй, социалист гүрэнд гэхэд зоригтой дуугарч, сайн хийсэн жүжгийн дууг надаар дуулуулья гэсэн санал тавиад гэрээ хараахан хийгдээгүй мөртөө ажилдаа орчихсон явж байсан. Гадаад хүнтэй ажиллахад Соёлын яамнаас зөвшөөрөл хэрэгтэй байдаг юм байна л даа. Хятадад анхны рокийг тавилцсан хүнтэй хамтарч тэр жүжгийн хоёр ч дууг дуулсан. Гэтэл тэр компани Тайванаас кино худалдаж аваад, дууг нь мөн надаар дуулуулсан. Тэр кино гарсан үгүйг би мэдэхгүй. Жүжиг лав нэлээд дуулиан тарьсан гэнэ лээ. Тэр компанитай удаан хамтарч ажиллах зөн совин надад төрөөгүй учраас би татгалзсан юм. Компанийнх нь дэргэд дөрвөн өрөө байранд, яг л дэлхийн оддын зиндаанд нэг хэсэг их тансаг амьдарсаан. Эргээд бодохоор хэр баргийн дуучин тийм тансаг орчноос зоригтой татгалзаж чадахгүй байх. Тэр байдалд дассан ч гэсэн ирээдүйгээ зоригтойгоор харсандаа баярладаг. Тэдэнтэй гэрээ байгуулсан бол надаас таван хэл дээр CD гараа ч уу, үгүй ч үү.
-Хятад руу явсан эмэгтэй дуучид тэндэхийн боссуудтай зууралдаж Монголын нэрийг гутаасан тухай яриа мэр сэр сонсогддог. Сайн дуучнаас гадна, дуулж чаддаггүй нэг нөхөр хүртэл тэнд очоод өвөрмонголчуудтай бусдаасаа нууцаар уулзаж, өнөөхтэй хамт явсан бүсгүйг нөхөр нь хардаж хүний нутагт хэрүүл шуугиан болсон гэдэг яриа үнэний ортой байх л даа. Таны тухай тийм юм хаа очиж сонсогддоггүй. Гэвч тийм дайрлагад өртөж явсан уу?
-Хүн чангаалгаж, “доошоо орох” эсэхээ өөрөө сайн бодох хэрэгтэй. Би гэж нэг ертөнцийг хүн хүндлэх ёстой. Арсланг хараад хүн өөрийн эрхгүй айдаг, ирвэсийг хараад инээдэг, туулайг хараад шууд очоод хүзүүнээс нь баздаг биз дээ. Хүнд сэтгэгдэл төрүүлэх... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Сэтгэгдэл ( 0 )