“Алтан шар” замын тэмдэглэл

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 17
Зах хязгаар нь үл харагдан цэлийх Дорнодын тал нутгийн салхины үнэрийг мэдрэхсэн хэмээн тэсэн ядан хүлээсэн сургалтын багийнхан маань Улаанбаатараас хөдөллөө. Цонжин болдог хүртэлх замыг засмал зам гэж нэрлэж болох ч “дардан” гэж тодорхойлох ямар ч үндэслэлгүй тул ихэд болгоомжтой явахаас өөр аргагүй байв. Зам нь угаас нарийхан, дээр нь эвдэрхий, энхэл донхол ихтэй нь шороон замаас ч долоон дор санагдсан билээ. Энэ замыг аль компани хэдэн онд зассан юм болоо гэж гайхмаар. Цонжин болдог өнгөрөөд жинхэнэ дардан зам эхэлнэ. Замын голоор харагдах заагийн тэмдэглэгээ нь хүртэл тод энэ зам япончуудын гараар бүтсэн гэсэндээ нэлээд хэдэн жил өнгөрчихөөд байхад ч эвдрэл, гэмтэлгүй толийгоод байж байх нь бас гайхмаар. Гэтэл монголчуудын тавьсан зам жил ч бололгүй энд тэндээсээ эмтэрч, хагараад ирдэг. “Манай замын компаниуд дараа жил нь ажилгүй болчихно гэж айгаад чанаргүй зам тавьж, дарга нартай хамт өргөн, зузаанаас нь иддэг юм гэнэ лээ” гэж олон жилийн туршид ам дамжиж ирсэн яриа байдаг. Үнэний ортой ч юм шиг энэ яриаг сонсоод удаагүй байхдаа гадаад оронд зорчих боломж гарч, өргөн, зузаанаас нь “идээгүй” зам хичнээн өргөн, бас зузаан бөгөөд толийсон сайхан байдгийг нүдээр үзэж билээ. “Монголчууд маань хэзээ нэг цатгалан болж, замынхаа өргөн, зузаанаас нь идэхээ болино доо” гэж бодогдож байсан тэр үеэс хойш нэлээд хэдэн жил өнгөрчээ...
 
“АЛТАН”  ЖИМСНИЙ АМТ  
Нийслэлээс өглөө эртлэн гарсан манайхан Цонжин болдогт ажлын цаг эхлэхээс нэлээд өмнө хүрсэн юм. Хамт явсан гадаад зочиндоо уг цогцолборыг үзүүлэх сонирхол их байсан ч хаалга нь нээгдээгүй байсан учир гадна нь хэдэн зураг татуулсаар хүлээв. Тэр хавьд нь 00 байхгүй, ариун цэврийн өрөөг хэрэглэхийн тулд монгол хүн 5000, гадаад хүн 10,000  төгрөг төлж билет авснаар дотогш нэвтрэх боломжтой байдаг тул ойролцоох “Хаан жимс” жуулчны баазыг зорилоо. 
Туул голын хөвөөнд байрлах уг жуулчны бааз цогцолбороос 4 км, нийслэлээс 57 км зайд орших аж. Бааз руу орохын тулд бяцхан горхин дээгүүр тавьсан модон гүүрийг давж, замын хоёр талаар эгнэн ургасан чацарганын ойгоор нэвтэрнэ. Биднийг гурван давхар дүнзэн байшингийн үүдэнд менежер нь угтан авлаа. . Тус баазын нэр нь бас ч чацаргана жимстэйгээ холбоотой гэнэ. 
Хэнтий аймгийн төв Өндөрхаан хүртэл явах замынхаа үдийн хоолыг энд төлөвлөсөндөө бид баяртай байсан. Хоолны амт чанар сайн, үйлчилгээ нь шуурхай, ажилтнууд нь харьцааны соёлтой санагдсан энэ орчинд хэсэг саатах боломж олдсон нь таатай байлаа. Дахин ирмээр санагдсан учир үнэ тарифыг нь сонирхов. 2-4 ортой зочид буудал болон гэрүүд нь хоногт 150,000 төгрөгийн үнэтэй байдаг гэнэ. Хүний тав тухтай амрах орчныг бүрдүүлсэн зэрэглэл өндөртэй хэмээн бидэнд үйлчилгээгээ дэлгэрэнгүй танилцуулж байлаа. Төрөл бүрийн спорт тоглоомоор тоглож, караоке танхимд үйлчлүүлэх болон бусад сонирхолтой хөтөлбөрүүдийг санал болгодог юм байна. Чацаргана хураах ургацын баяраа 9 дүгээр сард хийдэг бөгөөд энэ үеэр ирсэн зочин ургац хураалтад оролцох боломжтой байдаг ажээ. 
Тус баазад ажил хэрэгч хүмүүсийн сонирхлыг татах нэгэн үйлчилгээ байсан нь сургалтын иж бүрэн тоноглогдсон танхим байв. Ойролцоогоор 20-25 хүний багтаамжтай уг танхимыг нэг өдөрт 180,000 төгрөгөөр түрээсэлдэг бөгөөд энэ үйлчилгээнд нь хоёр удаагийн “кофе бреак” багтдаг бөгөөд энэ үйлчилгээнд цай, кофеноос гадна өөрсдийн хийсэн боорцог, вафли, печень зэрэг орно хэмээн менежер нь бидэнд танилцуулсан юм. Эндхийн ердийн хоолны үнэ дунджаар 3000-8000 төгрөг орчим, нэрийн хоол нь 5300-12,000 төгрөгийн үнэтэй бөгөөд хүлээн авалтын иж бүрэн меню нь нэг хүний 12900-14800 төгрөг байдаг юм байна. Нэг литр чацарганын жүүсийг 3500 төгрөгөөр, үхрийн нүдний жүүсийг 3000 төгрөгөөр авч ууж болно. Ингээд 25 хүнээ энд хэрхэн авчрах зардлаа тооцож үзэхээр, лавлахаас утасны дугаарууд авч хэд хэдэн компанитай холбогдож үзэв. Тухайлбал, “Авто рент” хэмээх компани долоо хоногийн өмнө захиалсан тохиолдолд 24 хүний суудалтай автобусаар үйлчлэх боломжтой бөгөөд бүтэн өдрийн түрээс нь 150,000 төгрөг байдаг гэнэ. 24 хүнтэй арга хэмжээний нийт зардлыг тооцоход ердөө 690,000 төгрөг болж байна. Үүний зэрэгцээ тусгай арга хэмжээ, хүлээн авалт хийх бол хаан гэр болон ресторанд, мөн VIP танхимуудын аль нэгэнд захиалж болох ажээ. Ийнхүү өвөрмөц тансаг орчинд, байгалийн сайханд сэтгэл баяссан шиг сургалт арга хэмжээ зохион байгуулан, “алтан жимс”-ийг амтлах боломж нийслэлээс холгүй байгааг мэдэж авлаа. 
 
“АЛТАН” ТАЛ ДАХЬ ДАРДАН ЗАМ
Цонжин болдогоос цааш толь мэт замаар давхисаар Өндөрхаанд хүрэв. Манай багийнхны түрүүлж явсан машин нь 30 минутын өмнө эндээс хөдөлсөн болохыг утсаар холбогдон мэдэж авлаа. Аймгийн төвийн гудамж гэрэлтүүлэг чимэглэл сайтай, зам харгуй нь цэгцтэй хэдий ч захдуу хэсгээрээ яг л сумын төвд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэхүйц хэвээр байлаа. Олон жилийн өмнө Дорнод руу нисэх замдаа Өндөрхаанд түр буудаллаж, онгоцны буудал дээрээс нь харахад жижигхэн сумын төв шиг сэтгэгдэл төрүүлж байсныг бодвол ерөнхийдөө томорсон ч хуучны барилга байшин, гудамжууд нь өмнөх төрхөө хадгалан үлджээ. Нэгэн хүнсний дэлгүүрээс цэвэр усаа сэлбэж аваад Дорнод руу гарахаар хөдөллөө. Аймгийн төвийн хүмүүсээс зам асуувал, цахилгааны шонгоо дагаад яв гэсэн зөвлөгөө өгөв. Зөвлөгөөг дагаж явтал зам нь дахиад олон салаад эхэллээ. Замын тэмдэглэгээ огт байхгүй тул аль зам нь Дорнод руу явдгийг асуухаар дахин нутгийн хүнээс зам асуув. Тэрээр, Хэрлэн гол талаа бариад явах нь дээр, шонгийн модоо дагах юм бол огт өөр сумын  төвд хүрнэ гэв. Ингээд Хэрлэн голдоо зориулан “Буурлын буман үеэсээ Буян хишгээ татаагүй...” хэмээн дуулсаар аян замаа үргэлжлүүллээ. 

Өвсний толгой үл мэдэг шаргалтсан өргөн уудам тал нутаг алтан шар өнгөөр туяаран харагдана. Хэдхэн байшингийн хооронд явсаар сар, жилийг элээдэг нийслэлийн бидний хувьд... Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top