Хотын утааг бууруулна гэсэн нь дахиад л хулхидалт боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 18

АНУ-ын мянганы сорилтын сангаас буцалтгүй тусламж болгож өгсөн мөнгөнөөс 40 гаруй сая ам.долларыг  “Цэвэр агаар” төсөл гэгчид оруулж утаагүй түлш, зуух, эрчим хүчний хэмнэлттэй жижиг оврын орон сууц, дулаан хадгалах чадвар өндөртэй гэрийн бүрээс зэргийг хязгаарлалтын бүсэд хамрагдсан гэр хорооллын  айлуудад өгөхөөр болсон. Бүтэн жил гаруй дарга нар энэ тухай л яриад байлаа. Нүсэр том ажил зохион байгуулж, шилдэг зуух, түлш  үйлдвэрлэж байгаагаа баахан сурталчилсан. Одоо өвөл хаяанд тулаад ирлээ. Энэ жил урьдынхаас их цас орж хүйтэн өвөл болно гэнэ. Дөнгөж есөн сар гарав уу, үгүй юу цас орох юм байна. Гэр хорооллын айлууд түлшээ базааж, гэрээ дулаалж эхэллээ. Эрхэм дарга нар эрчим хүчинд хэмнэлттэй гэрийн дулаан бүрээс хүртэл хийж айлуудад нийлүүлэх юм яриад л байсан. Гэвч тэр нь алга даа. Турк улсаас утаагүй зуух авахаар болсон. Их үнэтэй гэсэн. Уг зуухын түрүүчээс нь авчраад 300-гаад  мянган төгрөгөөр борлуулах гэж байтал азаар мянганы сорилын сангаас үнийг хямдруулж, зөрүүг нь төлөөд айлуудад 30-аадхан мянган төгрөгөөр өгөх болтол бас л болохгүй болчихсон юм болов уу, сураггүй. Сонсохноо, мянганы сорилтын сангаас төлсөн мөнгөн дээр дахиад үнийн зөрүү гарч, үүнийг нь Засгийн газар шийдэж өгөх бололтой. Өөрөөр хэлбэл мянганы  сорилтын сангийн мөнгө хүрээгүй юм байлгүй дээ. Тэгэхээр нь аргаа барсан дарга нар Хүний хөгжил сангийн 21 мянгаар нь дэнчин тавиад өнөөх утаагүй зуухаа айлуудад нийлүүлэх ухааны юм бас ярьж буй аж. Хойд хормойгоороо урдахаа нөхөв гэгч энэ болов уу. Уг нь Америкийн засаг захиргаанаас  манайд мянганы сорилтын сангийн мөнгөө өгөхийн тулд их олон болзол тавьсаны нэг нь “Авлигын индексээ бууруул” гэсэн. Гэвч харамсалтай нь авлига одоо монголд улам гаараад байна. Индекс нь 2,7 болоод өсчихсөн. Тиймээс хотынхоо утааг бууруулах “Цэвэр агаар” төслийн мөнгөнөөс дарга нар замаас нь хусчихаад байгаа юм байлгүй дээ. Тиймгүй бол өдийд хотын утаа ихтэй хорооллуудаас  түүхий нүүрс түлж болохгүй гэсэн “Зарлигт” орж хязгаарлалт тавиулсан айлуудыг юун түрүүнд утаагүй зуух, түлшээр хангачихсан байх байсан юм. Гэтэл энэ ажил өнөөдөр дөнгөж 13 хувьтай яваа ажээ. Намар орой болтол үлдсэн 87 хувийн ажлаа амжуулах эсэхийг бүү мэд. Аягүй бол амжихгүй болж байх шиг байна. Албаны хүмүүсийн тайлбарлаж байгаагаар энэ ажил ингэтлээ саатаад байгаагийн гол бурууг үйлдвэрлэгчид үүрэх бололтой. Булган, Сэлэнгэ, Төв зэрэг аймгуудад шахмал түлш үйлдвэрлэх жижиг, дунд үйлдэврүүд байгуулагдсан ч зарим нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Гэрийн дулаан бүрээс, эрчим хүчний хэмнэлттэй жижиг оврын орон сууцаар хангах ажил ч бас хоцорч яваа ажээ. Хотынхон ийнхүү ирэх өвөл дахиад л бөөн хар утаан дундаа өвөлжих юм байна даа.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top