Зарим нь өөрийнхөө төлөө хийж бүтээсэн зүйлтэй байхад зарим нь бусдын эрх ашиг, эх орон, ард түмнийхээ төлөө энэ биеэ зориулсан нь бий. Ийм олон олон алдартны нэг нь Цэндийн Дамдинсүрэн.
Нэгдүгээр ангиасаа л бид энэ их хүний дүрмийг нь зохиосон шинэ үсгээр нүдээ нээн, “Цагаан цасан малгайтай…” хэмээн цээжилж, арай дунд ангиасаа “Буурал ээж минь”, “Зугаацахаар морьсон нь…”, “Цэцэн хурга”, “Гологдсон хүүхэн”, “Хоёр цагаан юм” гээд үргэлжлүүлэн уншдаг.
Мөн “Монголын нууц товчоо” хэмээх алдарт бүтээлийг өнөөгийн монгол хэл руу буулгаж, өдгөө хүүхэд ч уншихад ойлгохоор хялбарчилж өгсөн гавьяа ч энэ хүнийх. Гэхдээ түүний хийж бүтээснийг зөвхөн утга зохиолын хүрээнд хамаатуулан ойлгож болохгүй. Түүнийг зохиолч, яруу найрагч, эрдэмтэн, орчуулагч, нийгмийн зүтгэлтэн гэж тодорхойлдог.
Ц.Дамдинсүрэнгийн амьдралын зам өөгүй шулуун байгаагүй ч тэр бүгдийг даван гарсан юм.
Тэднийхэн Дорнод аймгийн Матад сумын харъяат. Өвөг эцэг Эрэгзэндоной тэнд мал маллан амьдарч байж. Хоёр эхнэрээс гарсан таван хүү, гурван охиных нь үр хойч нь одоо ч тэнд аж төрсөөр… Цэнд бол тэдний хоёр дахь хүү бөгөөд өмнө авсан эхнэрээс гарсан хүүхэд нь. Эрэгзэндоной нь бичиг номтой учраас хүү Цэнддээ багаас нь монгол бичиг зааж, сайн бичээч болгожээ.
Тэрээр ардын засгийн үйл хэргийг дэмждэг нэгэн байсан бөгөөд 1927 онд өөд болсон аж. Хүү Цэнд ч хошууны Тамгын газар, Цэцэн хан аймгийн чуулган даргын жасаанд бичээчийн албыг хашиж явсан гэдэг. Харин Ардын хувьсгал ялдаг жил хошууны мэйрэн болж дэвшсэн ч хоёр жилийн дараа өвчний учир нас барсан байна. Тэрбээр эцэгтэйгээ адил гэмээр амьдралтай байж.
Учир нь анхны эхнэр Уламбаяртайгаа амьдарч байхад нь Лувсанжамц, Дамдинсүрэн нар нь төрсөн бол удалгүй салж Ханд хэмээх бүсгүйтэй гэрлэжээ. Гэхдээ хоёр хүүгээ өөр дээрээ авсан бөгөөд өмнөх эхнэрт аав нь гэр барьж мал тасалж өгсөн гэдэг. Тэднийх нэлээд хөрөнгө чинээтэй айл байж. Цэнд айлын хүүхдүүдэд гэрээр ном заадаг байсан нь хожим бүгд сайн бичээч болжээ. Хүү Дамдинсүрэн ч багаас бичиг үсэгт тайлагдсан нэгэн.
Өдгөөгийн эрдэмтэн зохиолч маань бага залуудаа хөдөө мал маллаж өссөн ч аавынхаа авдранд байх эртний зохиолуудыг шимтэн уншдаг байж. 1923 онд аавыгаа өөд болоход 15-тай үлдсэн тэрбээр хойд эхийн хамт өрх толгойлох болсон гэдэг. Энэ үеэр өвөөгийнхөө санал болгосны дагуу Матад хошууны намын үүрт элссэн нь дараа дараагийн олон ажлын эх суурийг тавьсан түүхтэй.
Намын байгууллагад ажиллаж байсан тэрээр 1926 оноос Залуучуудын эвлэлийн Төв хороонд хэлтсийн дарга болж “үнэн” сонины хоёр эрхлэгчийн нэгээр ажиллаж эхэлжээ. Дараа нь үйлдвэрчний төв зөвлөлийн даргаар сонгогджээ. Энэ үедээ Улаанбаатарын 21 пүүсийн 240 гаруй ажилчин мөлжигч данжаад нараа эсэргүүцэн ажил хаясныг голлон зохион байгуулж амжилтанд хүргэснийг Оросын нэгэн сонинд бичсэн байдаг аж.
Тухайн үед феодалын хөрөнгө хураах ажил ид өрнөж байсан бөгөөд энэхүү комиссын нарийн бичгийн ажил түүнд тохогдож байжээ. Харин 1930-аад оны үед ажлаасаа халагдсан байна. Олон ч газрыг толгойлж удирдаж байсан Ц.Дамдинсүрэн мөн олон ч газрын хаалгыг “гаднаас нь хааж” явжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр таван удаа ажлаасаа халагдаж байсан аж.
Их зохиолч маань 1932 онд Улаанбаатарт ирж Хэл зохиолын хүрээлэнд судлаач болж мөн Зохиолчдын бүлгэмийн нарийн бичгийн даргаар давхар ажиллажээ. 1929 онд Зохиолчдын бүлгэмийг анх байгуулалцаж байсан тэрбээр тэр ондоо “Гологдсон хүүхэн” туужаа бичжээ. Уг зохиол Монголын утга зохиолын түүхэнд маш том ололт авчирсан гэж судлаачид дүгнэдэг.
Зохиолчдын бүлгэмийн даргаар ажиллаж байхдаа Д.Нацагдоржийн хэвлэгдэж байгаагүй “Миний нутаг” шүлэгт нь 500 төгрөгийн шагнал олгон, бүлгэмийнхээ хөрөнгө болгож байсан түүхтэй.
Ц.Дамдинсүрэнг орос эхнэртэй байсан гэдгийг манай уншигчид мэдэх бизээ. Түүний дөрвөн хүү нь физикийн нарийн мэргэжилтэй бол ганц охин Дулмаа нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Өдгөө тэд бүгд Орост амьдардаг. Зохиолч маань эхнэр Л.В.Зевинатайгаа Ленинградын их сургуульд сурч байхдаа 1936 онд танилцан гэр бүл болсон аж.
Эрдэмтэн зохиолчийн амьдралын хар жилээр 1938 оныг нэрлэж болно. Тухайн оны арваннэгдүгээр сард Дотоод яаманд баригдан жил гаруй хоригдоод цагаадан суллагдсан гэдэг. Хожим 50 мянган үгтэй орос-монгол толь бичиг зохион, он тооллын хүснэгт хавсаргасан учир Төв хорооноос буруутгагдан, шүүхийн тогтоолоор 5600 төгрөг төлөх болжээ. Энэ мэт зэмлэл, буруутгал түүний амьдралд бишгүй олон тохиолдож байв.
Зохиолчийн амьдралын нэгээхэн хэсэг нь Монголын эртний уран зохиолын судлалд зориулагдсан. Шоронгоос суллагдсаныхаа дараа тэрбээр Тэсэрийн туужийн түүхэн үндэс”, “Субашид”, “Монголын уран зохиолын дээж”, “Зуунбилэг”, “Рашааны дусал”, “Саран хөхөө” зэрэг эртний уран зохиолын нэлээд ном хэвлүүлжээ. Төвд бичиг сайн мэддэг хүнийг Хэл зохиолын хүрээлэнд авч ажиллуулсныг буруутган Төв хорооноос комисс томилогдон шалгасан гэдэг. Шалгалтын дараа түүнийг донгодон улмаар ажлаас нь халсан байна.
Эртний Монголын уран зохиолыг судалж, энэ талын олон судалгааны бүтээл гарган ном зохиол хэвлүүлсэн түүнийг үндсэрхэг үзэлтэн хэмээн олонтаа хавчин гадуурхаж байжээ. Гэвч Их зохиолч “Гэсэрийн туужийн түүхэн үндэс” зохиолоороо Москвад дэд эрдэмтний зэрэг хамгаалсан юм.
Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут цэцэглэдэг гэдэг шиг Ц.Дамдинсүрэнгийн хийж бүтээснийг үгүйсгэн шүүмжилж байсан үе бий ч төрийн гурван удаагийн шагнал олгосныг өдгөө хэн ч давтан аваагүй байна.
1945 онд маршал Х.Чойбалсангийн 50 насны ойд зориулан бичсэн ерөөлөөрөө анх Төрийн шагнал авч байсан бол 1947 онд Монголын нууц товчоог орчуулсан, 1950 онд сүлд дууны үг зохиосны учир тэрбээр энэхүү эрхэм шагналыг дахин хоёронтоо хүртсэн юм. 1950 онд зохиосон сүлд дууг 1964 онд хүчингүй болгосон ч 1990 оноос дахин сэргээсэн билээ.
Одоо энэ дуу монголчууд биднийг сэрээж бас амраадаг. Цэндийн Дамдинсүрэн 1986 оны зургадугаар сарын 5-нд бурхны оронд заларсан. үүнээс хоёр cap гаруйхны өмнө Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлиг гарч Монголын шинэ үеийн уран зохиолыг хөгжүүлэх үйл хэрэгт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж их хувь нэмэр оруулсныг тэмдэглэж эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэнд БНМАУ-ын Ардын уран зохиолч цолыг зохиолчдоос анх түрүүн хүртээсэн юм.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Сэтгэгдэл ( 0 )