Хуралдаанаар хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх, зах зээлд борлуулах, бэлтгэн тээвэрлэхийг 2011 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаатайгаар хориглох тухай Засгийн газрын тогтоол гаргалаа. Тогтоолоор цаашид хуш модны самрын ургацын байдалд урьдчилсан үнэлгээ хийж ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн бодлого тодорхойлох, ойн санд самар бэлтгэлийн хамгаалалттай бүсүүдийг байгуулах,зүй зохистой ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгоход чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг 2011 оны дөрөвдүгээр улиралд багтаан баталж, хэрэгжүүлэх арга хэмжээ шаардагдах санхүүжилтыг Монгол улсын эдийн засаг,нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт үүрэг болголоо. Энэ тогтоолын нэгдүгээр заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү,Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир,Ойн газрын дарга М.Тунгалаг болон холбогдох аймаг,нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд буюу 2000 онтой харьцуулахад өнөөдөр хуш модоор бүрхэгдсэн талбай 184.7 га-гаар, нөөц 23.7 сая шоо метрээр багасаад байгаа аж. Дэлхийн цаг уурын дулааралтай холбоотойгоор хуш модны үр буюу самрын гарцын хэмжээ багасах, улмаар самрын их ургацын жилийн давтагдах хугацаа удаашрах хандлагатай, боргоцойн хөгжилд 2 дахь жилийн хаврын гэнэтийн хүйтрэлт нөлөөлж байгаа гэсэн дүгнэлтийг судлаачид гаргасан байна. Байгальд сибирийн болон солнгос гэсэн хоёр зүйл хуш мод байдаг бөгөөд эдгээр нь зөвхөн ОХУ, Монгол улсын нутагт байршин ургадаг юм байна. Экологийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой шилмүүст мод ажээ.
Сэтгэгдэл ( 0 )