Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон Ч.Сайханбилэг, Ц.Батбаяр, З.Алтай, Д.Ганхуяг нар тус дүүргийн 11 дүгээр хороо буюу Хонхорын “Туул зөрлөг” болон Налайх дүүргийн 6 дугаар хорооны 566 айл өрх, 1500 иргэнд газраа өмчилж, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг бүрдүүлэхээр хөөцөлдөж байгаа ажээ. Тэдгээр хорооны нутаг дэвсгэр нь хуучин төрийн тусгай хамгаалалттай газарт хамаарч байснаас болоод 50 гаруй жил оршин суугаа газраа иргэд өмчилж авч чадаагүй байсан байна. Тиймээс УИХ-ын дөрвөн гишүүн хамтран тухайн газар нутгийг төрийн тасгай хамгаалалтаас гарган, иргэдэд өмчлүүлэхээр хуулийн төсөл санаачилжээ. Уг төсөл нь хуульчлагдан батлагдвал 296 га талбай тусгай хамгаалалтаас гарч иргэдэд очно. Гэвч Богд уулын ар, өврөөр орд харш сүндэрлүүлсэн чинээлэг хэсэг нь тусгай хамгаалалттай газраа хууль бусаар эзэмшин үлдэж буй. Гоёмсог өндөр харшуудыг нь нэг бол нураах, эсвэл жилд 50 сая төгрөгөөс доошгүй өндөр татвар түрээс авахыг зарим мэргэжилтнүүд санал болгодог ч ажил хэрэг бололгүй өдий хүрсэн байна. Гэтэл эгэл жирийн айл өрхүүд тийнхүү насаараа суурьшсан газраа өөрийнх болгох гэхээр нь хууль санаачлагчид руу дайрч давшилсан хүмүүс бас цөөнгүй болж буй сурагтай. Д.Ганхуяг гишүүн энэхүү хуулийнхаа төслийн талаар телевизээр ярьсаных нь дараа “Хувийн амиц хөөж, сонгогчдоосоо оноо авах гэлээ” гэж зарим нь хоорондоо ховын үг шидэлцэж амжжээ. Ер нь газрын менежментийг тусгай хамгаалалттай газарт хийхдээ зөвхөн хэн ч оруулахгүй хөл хорихын нэр биш гэнэ. Онцын хөнөөл багатай газруудыг нь иргэдэд эзэмшүүлэх замаар бусад төрийн хамгаалалттай хэсгийг иргэдээрээ харж хандуулах нь хамгийн оновчтой менежмент, хамгаалалт болдог байна. Тиймээс иргэддээ болон байгаль хамгаалал руу хандсан ийм хууль санаачлагчдын буруу биш бололтой.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )