Мянганы сорилтын сангийн мөнгөөр суварга босго гэж Барак Обама лав хэлээгүй л байлтай

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 19


 

Монголчуудыг ядуурлаас гаргана гэж улс төрийн намууд, улс төрчид ярьсаар л байгаа. Гадаадын зээл тусламжууд үндсэндээ үүнд чиглэдэг. Гэвч тэр бүх мөнгө хаашаа орсныг мэдэхгүй алга болсоор байна. Африкийн ядуу тарчиг орнуудад олон улсын тусламж элс рүү ус хийхтэй адил болж байсан түүх бий. Энэ нь тэндэхийн зарим улсад одоо ч давтагдсаар байгаа.  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш нар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий  Хөтөлбөрийг АНУ-ын буцалтгүй тусламжийн 285 сая орчим ам. долларын санхүүжилтээр шийдвэрлэсэн юм. Монголд  5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх тэрхүү Гэрээнд 2007 оны 10 сарын 22 –нд гарын үсэг зуржээ. Энэ нь манай эдийн засгийн хөгжлийг өргөжүүлэн, гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  ядуу айл өрхийн амьдралд шууд нөлөөлж, эдийн засгийн шинэ боломжийг бүрдүүлнэ гэж үзжээ.  Энэхүү санхүүжилтээс “Хөрөнгийн эрх”, “Хот орчмын бэлчээр”, “Мэргэжлийн боловсрол-сургалт”, “Эрүүл мэнд”, “Авто зам”, “Цэвэр агаар” гэсэн зургаан гол хэсэгт хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.  Ингээд 2008 оны 1 дүгээр сарын 8-нд Улсын Их хурал Мянганы сорилтын гэрээг баталж, Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийг байгуулан тогтоол гаргаж, Засгийн газрын хяналтын доор үйл ажиллагааг нь эхлүүлсэн юм. Гэвч хэрэгжилтийнх нь чанар чансаа тийм ч сайнгүй яваа бололтой. Зөвхөн “Цэвэр агаар” төслийн эхний үр дүнгээс харахад бүтэлгүй юм нэлээд ажиглагдаж байна. Энэ төсөлд дээрх нийт санхүүжилтээс 40 гаруй сая доллар зориулагдсан гэнэ. Хотын утааны нягтралаар нь гэр хорооллуудад түүхий нүүрс түлэхгүй байхаар бүсчлэл тогтоон, Турк улсын технологоор утаагүй зуух, шахмал түлш зэргийг айлуудад нийлүүлэхээр болжээ. Харамсалтай нь энэ ажлын явц одоо дөнгөж 13 хувьтай байна. Хүйтэн сэрүүний улиралтай удахгүй золгоно.  Утаагүй түлш, зуухаар айлуудыг бүрэн хангах боломжгүй болох төлөвтэй. Яагаад ийм байдалд хүрэв гээд лавлаад явтал утаагүй зуух нь үнэ өртөг өндөртэй тул мянганы сорилтын сангийн мөнгөөр зөрүүг нь төлөөд ч ядуу тарчиг амьдралтай айлууд худаллдан авах чадамж муутайгаас гадна зуух, шахмал түлш нь бүрэн нийлүүлэгдэхгүй болжээ. Ийнхүү бүтэл муутай төсөл нь хотын утааг энэ өвөл бууруулж чадахгүй юм байна. Үүний зэрэгцээ өөр бас нэг хачирхалтай үйл явдал өрнөж эхлэв. Юув гэвэл мянганы сорилтын сангийн мөнгөөр цагаан сарын шинийн нэгний өглөөний нарыг харж баясдаг болсон Хийморийн овоон дээр 108 суварга босгож, Ловон Бадамжунай, Нархажид зэрэг бурхадын хөрөг бүтээх болсон гэнэ. Мөн Хийморийн морь гэгчийг 2,5 тонн жинтэйгээр хийх ажээ. Ядуурлыг бууруулах зорилготой сангийн мөнгийг Америкчууд уг нь өөрсдийн татвараар бүрдүүлж, буурай хөгжилтэй болон хөгжиж буй улс орнуудад тусламж болгож өгдөг. Америкчуудын хувьд ийм уламжлал тогтоогоод удаж байгаа. Тусламж өгөхдөө нэлээд хатуу болзол  тавьдаг. Юун түрүүнд тусламж авах улс оронд нь улс төрийн тогтвортой байдал үүссэн байхаас гадна хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэгт тооцогдож буй авлигын эсрэг тууштай тэмцэж үр дүнд хүрч байгаа эсэхийг нь харгалзан үздэг байна. Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед авлигыг бүх шатанд бууруулахын тулд төрийн байгууллагуудын хүнд сурталыг арилгахаас ажлаа эхэлж байлаа. Зоримог, эрчимтэй ажиллахаар анхлан оролдож хийсэн зүйл ч цөөнгүй бий. Гайхалтай нь улс төрийн хүрээний олигархижсан бүлэглэлүүд авлигатай бус харин авлигын эсрэг дуугарсан Ц.Элбэгдоржтой өөртэй нь тэмцэж байсан юм. Тэгвэл одоо тэд бүр цагаандаа гарчээ. Эрхмүүд “Зэндмэнэ хайрхан” гэсэн чамин нэртэй төрийн бус байгууллагаар дамжуулан Хийморийн овоонд мянганы сорилтын сангийн мөнгийг тийнхүү шингээх гэж байгаа юм байна. Солиорол гэж үүнийг л хэлэх байх. Америкийн Ерөнхийлөгч асан Жорж Буш  ийм балай юманд энэ мөнгийг бүү зарцуул гэсэн байж таарна. Хэрвээ одоогийн Ерөнхийлөгч Барак Обама үүнийг сонсвол “Ёстой жинхэнэ үхэр монголчууд” гээд мянганы сорилтын сангийн санхүүжилтээ зогсоохыг шаардаж мэднэ. Тэр лав тусламжийн мөнгөөр суварга босго гээгүй байлтай.

 

Сэтгүүлч Б.Отгонбаяр

 

 

 

 

 



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top