Монополь эрхтэй ”Роснефть” Монголын зах зээлээс шахагдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 19

Нефтийн хэрэгцээгээ 100 хувь гаднаас хангадаг манай улс сүүлийн жилүүдэд жилд дунджаар 800 гаран тонн нефть бүтээгдэхүүн хэрэглэж байна. Гэхдээ ийм хэмжээний нефтийг зөвхөн ОХУ- ын “Роснефть” компани л хангадаг гэв. Тэгвэл энэ салбарт монополь эрхээ тогтоосон “Роснефть” компани байр сууриа алдаж эхэллээ. Тус улсын “РБК Dаilу” агентлагийн мэдээлснээр энэ жилээс эхлэн “Роснефть” компанийн манай улсад нийлүүлдэг нефтийн хэмжээ 70 хувь болж буурсан байна. Энэ нь “Роснефть” компанийн дангаар ноёрхож байсан манай нефтийн зах зээлд ОХУ-ын бусад нефтийн компаниуд аажмаар хүч түрэн орж ирж буйтай холбоотой юм. “РБК Dаilу” агентлагийн нефтийн зах зээл дэх эх сурвалжийн мэдээлснээр манай  улсад нийлүүлдэг “Роснефть” компанийн нефтийн хэмжээ буурсан ч хэрэгцээ нэмэгдсээр байгааг онцолжээ. Харин “Роснефть”-ийн төлөөлөгч өөрсдийнхөө байр суурийг хамгаалж, “Монголд   нийлүүлэх түлшний хэмжээ нэмэгдсэн” хэмээн мэдэгдэж байгаа юм. Тус компани манай улсад оны эхний хагаст 365 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 25 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Энэ нь манай улсад шатахууны хэрэгцээ асар хурдан нэмэгдэж байгаагийн тод илрэл юм. Энэ жилийн хувьд “ТНК-ВР”, “Газпром нефть”, “Уфимын нефть боловсруулах үйлдвэр” зэрэг ОХУ-ын компаниуд манай зах зээлд шинээр гарч ирсэн. Иймээс Газрын тосны газар өнгөрсөн хоёрдугаар сард эдгээр компаниудтай түлш нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Ингэснээр “ТНК-ВР” энэ оны эхний хагаст манай зах зээлд 71.5 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн нийлүүлжээ. Гэхдээ тэд нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ хэмжээг олон нийтэд дэлгэхээс татгалзсан бол “Башнефть”-ийн харьяа “Уфимын нефть боловсруулах үйлдвэр” мөн л энэ асуудлаар тайлбар хийхгүй гэсэн аж. Өмнө нь манай улсын гол нийлүүлэгчээр ажиллаж байсан “ЮКОС” компани Ангарск, Ачинскийн нефть боловсруулах  үйлдвэрээсээ бүтээгдэхүүн хүргэдэг байжээ.  Харин “ЮКОС” дампуурсны дараа эдгээр үйлдвэрийн хувьцааг “Роснефть” эзэмших болсноор “Роснефть” манай зах зээлд монополь эрхээ тогтоосон юм. ОХУ-ын компаниудын нэг бэрхшээл нь түлшээ бөөнөөр худалддаггүй явдал. Харин “Роснефть” компани 2008 онд манай зах зээлд орж ирэхийг санаархаж, холбогдох байгууллагуудтай 100 ШТС ажиллуулах зөвшөөрлийг түлш бөөний үнээр худалдан авах эрхээр солих санал тавьж байв. Гэсэн ч энэ нь бүтээгүй. Учир нь тухайн үед энэ салбар дахь гадаадын хөрөнгө оруулагчдыг 10 хүртэл хувиар бууруулах хууль гаргасан билээ. ОХУ-ын “Кортес” мэдээлэл судалгааны төвийн Маркетинг, хөгжлийн хэлтсийн дарга Павел Строков “Роснефть бензин нийлүүлэгч монополь компани хэвээр байж оны дунд үеэс дизель түлшний худалдаагаа бууруулж эхэлсэн. Энэ нь гэрээний хатуу үүрэгтэй холбоотой. Оросоос экспортлох шатахууны татварын хоригийг цуцалснаар “Роснефть”-ийн энэ салбар дахь монополь эрх хаагдана” хэмээн мэдэгджээ. Үүний 65 мянган тонн нь дизель түлш, 6.5 мянган тонн нь бензин аж. Энэ тухай “ТНК-ВР”- ийн төлөөлөгч мэдээлэхдээ “Манай компани Монголын нефтийн бүтээгдэхүүний зах зээлийг хамгийн ирээдүйтэй хэмээн харж байна” гэжээ. Харин “Газпром нефть”-ийн хувьд зөвхөн замын битум, тослох материал, нефть химийн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар зөвшилцсөн байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top