Франц, Итали, Орос зэрэг улсад архи, дарсны хоногт хэрэглэх аюулгүйн стандарт хэмжээг архийг хоргүйжүүлэх физиологийн чадавхид үндэслэн тогтоосон байдаг. Хоногт архи 30 мл, дарс 60-120 мл, шар айраг 285 мл байх бөгөөд эдгээрийг тус тусад нь нэг стандарт гэж үздэг. Эдгээр нь найрлагандаа ижил 8-10 мл спирт агуулсан байхаар тооцжээ. Үүнийг долоо хоногт авч үзвэл эрэгтэй хүн 4 стандарт, эмэгтэй хүн 3 стандартаас хэтрэхгүй байхыг зөвлөдөг. Хэрвээ та архи, дарсыг хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал хатуу архинаас аль болох зайлсхийж, спирт багатай, зөөлөн улаан дарс, монгол архи зэргийг, бас стандарт хэмжээг сонгох нь зохистой хэрэглээ болно. Францчууд шарталтыг модон хоншоор, германчууд муурын орилоон, португальчууд мужааны ажил толгойд, оросууд похмель буюу шарталт, монголчууд зуун зараа зулзагатай нь залгилаа гэдэг.
Шарталыг эмч нар: архидалтын үр дагавар нь хүнийг уух сонирхлоо хязгаарлаж байхад нөлөөлдөг сайн талтай гэж дүгнэжээ. Харин физиологийн хувьд шарталт нь хүний бие махбод архины хорыг эсэргүүцэж байгаагийн илрэл аж.
Уухын өмнө
Баяр ёслолд бэлтгэх гэж өдөржин гүйж нервээ барсан манайхан баярын ширээний ард суув уу, үгүй юу олигтой ч юм идэлгүй жаахан балгаад л согтчихдог.Тэгвэл наргиж цэнгэхийн өмнө нь жаахан ч гэсэн дуг хийж, юм идэх нь зөв байдаг гэнэ. Цөцгий, маслотой талхыг ганц зүсэм ч бай идэх нь ходоодны ханыг тосолж амархан согтохоос хамгаалдаг байна. Цусны даралт багатай хүмүүс наргихынхаа өмнө аяга кофе ууж даралтаа өсгөхгүй бол эхний хундага уугаад л манарч эхэлдэг гэнэ шүү.
Уухдаа
Сархдыг хүртэхдээ бага градустайгаас их градустай руу нь, эсвэл ихээс бага руу аажмаар шилжүүлэн уух хэрэгтэй байдаг. Өндөр болон сул градустай согтууруулах ундааг хольж уух нь муу үр дагавартай байдаг. Ялангуяа, цагаан архийг төрөл бүрийн дарстай хольж уух нь аюултай байдаг бөгөөд баярын турш нэг л төрлийн сархдыг хэрэглэх нь зүйтэй. Ер нь цагаан дарс болон цагаан архи нь хамгийн хөнөөл багатай байдаг аж. Харин конъяк, виски зэрэг нь илүү их шартуулдаг гэнэ. Улаан винонд тиамин хэмээх толгой өвтгөдөг бодис агуулагддаг тул цагаан вино нь улаанаас дээр байдаг байна. Архиа цэвэр ус, шүүсээр даруулж уувал бага шартдаг гэнэ. Харин хийжүүлсэн ундаа нь цангаа гаргахгүйгээс гадна архины шингэлтийг түргэтгэж, хэхрүүлэх муу талтай байдаг. Сархад хүртэх үедээ шоколад болон бяслаг хэрэглэхгүй байх нь зөв. Учир нь тэдгээрт толгой өвтгөдөг химийн бодис агуулагддаг байна. Түүнээс гадна цонхоо онгойлгож, өрөөгөө агааржуулж байх нь дотор муухайрах, толгой өвдөх өвчинд хүргэхгүй сайн талтай.
Уусны дараа
Унтахын өмнө хэдэн аяга ус заавал уу. Өглөө нь та бага зовох болно. Мөн өвчин намдаах эм ууж болох ч нойрны эм хэрэггүй. Өглөө нь халуун усанд орж, шүүс уувал сайн. Хэрэв та эрүүл мэндээ боддог бол архи уусны маргааш уулгүй өнжиж, ходоодоо амраах хэрэгтэй. Энэ үедээ шарсан, хайрсан, утсан, нөөшилсөн хүнс болон цэвэр сүү уухыг цээрлэх хэрэгтэй. Харин хар талх, төмс, цагаан будаа, чанасан мах, таргийг бага багаар идэхийг эмч нар зөвлөж байна. Түүнчлэн архийг шингээх гэж хүчилж байгаа зүрх судас болон бусад эд, эрхтэндээ нэмэлт ачаалал өгөхийг хүсээгүй бол өтгөн байхуу, кофе, коко кола уух хэрэггүй. Харин улаан лоолийн шүүс, давстай түүхий өндөг, зөгийн бал болон нимбэгтэй цай нь сайн нөлөө үзүүлдэг байна. Аль болох шингэн зүйл их уух нь архийг биенээс хурдан зайлуулахад тустай байдаг байна. Бүүр тэсэхээ байсан үед хөлний эрээн булчин дээрээ горчица, духан дээрээ мөс тавих, ходоодоо угаах, бага зэрэг өлсөх, сайн унтаж амрах нь хамгийн зөв алхамд тооцогддог байна. Зарим хүмүүст цэвэр агаарт удаан явах нь тус болдог байна. Харин архи болон шар айргаар шараа тайлах гэж яарах хэрэггүй. Дээрх алхмуудыг хэрэглэж заншаарай.
Сэтгэгдэл ( 0 )