Бөхөн цагт 90 км хүртэл хурдалдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 20

Чингиз Айтматовын "Цаазын тавцан" романд Казахстаны их талд хэдэн зуугаараа сүрэглэн бэлчдэг бөхөн гөрөөсийг нисдэг тэрэг, галт зэвсгийн хүчээр газар улайтал нь буудан хороож, том машины тэвшин дээр бөөн бөөнөөр нь шидэлж буй тухай аймшигт яргалал гардгийг саналаа. Монгол орны хувьд бөхөн гөрөөс дэндүү ховорджээ. Хүйсийн говь, Шаргын говийн баруун тал, Хар ус, Дөрөө нуур, Хар азаргын нурууны орчмоор цөөн тоогоор оршдог байсан энэ амьтан одоо нүдний гэм болсон ажээ. Соргог, хорхой хэмээх хоёр зүйлийн бөхөн байдаг бөгөөд соргог нь Монголд данс дугуйлсан. Харин зоогоо дагасан нарийхан бор судалтай, бор саарал зүсмийн, хэвэл гуяных нь дотор тал цайвардуу хорхой бөхөн нь хээр говийн гөрөөс. Гантай, цас ихтэй жил уулсын бэл, аараг толгод түшиж өвстэй нөмөр газар барааддаг байна. Энэ амьтан нь хар сүүлт, цагаан зээр шиг таана, хөмүүл, ерхөг, хялгана, шаваг, бударгана, агь, тэсгээр хооллоно. Яах ч аргагүй хуурайвтар говь талын амьтан юм. Энэ гөрөөсний эвэр нь элдэв эмгэг өвчин анагаадаг, мах нь амт сайн тул эртнээс олноор нь авладаг байсан учир бөхөн ховордсон нь тодорхой. Ийм болохоор Улаан номонд оруулсан. Бөхөнгийн онцлог нь хөлийнхөө хурдаар амиа авч явдаг. Хар сүүлт шиг цойлж дэгдэхгүй, толгойгоо бөхийлгөн цагт 80-90 км хурдлан хатирна. Өгүүллийн эхэнд дурдсан сүрэг сүргээрээ газар хөдөлтөл хатирч буй бөхөнгийн дотор нэр цууд гарсан Акбар, Дашчойнар гэдэг хоёр чоно хэдэн бэлтрэгтэйгээ амь наана там цаана харайлгахдаа бөхөнгийн хөлд гишгүүлэн алдаж яваа дүр зураг бий. Ингээд бодохлоор бөхөн бол чононоос ч хурдан ажгуу. Шаргачин нь хээлээ 5 сар тээгээд зуны эхээр 1-2 янзага гаргана. Сая төрсөн бөхөн янзагатайгаа хоёулхнаа байдаг. Яг л зээрийн янзага шиг үр зулзагаа нууж, харж хамгаална. Янзага нь хөхөө хоёр сар орчим хөхдөг.


Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top