Даш, Сэнжит, Алтандарь овоо, Дарханхаан, Зотол хан, Шилийн богд, Цагаан овоо, Нарт гээд тоочвол олон галт уул наран ургах дорнын тэртээх Сүхбаатар аймагт байдаг. Батцагаан нэртэй гэр хэлбэрт гурван давхар суварга, дээрээ алтан ганжраа гялбалзуулан сүндэрлэж авай. Алтан овооны тэргүүнд гялбалзах энэ суварга нь энх тунх, элбэг баян амьдралын бэлгэдэл болой. Жаахан шаргын нутаг нь галт уулсын орон байсан тул үзэх харах агуй хонгил, өвөрмөц сонин тогтоц бүхий газраар нэн баян. Наран, Баяндулаан, Талын агуй зэрэг галт уулын дэлбэрэлтийн улмаас үүссэн агуй бий. Хамгийн томыг нь Талын агуй гэх бөгөөд газар гэнэт ивэрч цөмөрсөн мэт байдалтай энэ агуйн хана, тааз, шал нь халуун зуны гал үдэд мөсөн хучлагатай, сэрүү татан байдаг онцлогтой.
Дарьгангын уудам талд байдаг Талын агуй нь 250 метр урт, 21 метр өргөн, 8 метр өндөр, 10.000 мЗ багтаамж бүхий гурван том өрөөтэйгөөрөө дэлхийд ховорхон үзмэр билээ. Чухам л газар доорх нэгэн өвөрмөц ертөнц юм. Домогт Шилийн богд нь тус аймгийн хамгийн өндөр цэг бөгөөд нэн сонирхолтой нь үхэлгүй мөнхийн билэгдэл цагаан уул цэцэг нь энэ ууланд ургана. Халхын сайн эрсийн хийморь лундааг сэргээж ирсэн Шилийн богдын оройд гарч тэнгэрийн хаяанаас мэлтэсхийн гарах өглөөн нарыг бахдан харваас ертөнцийн нэгэн гайхамшиг билээ.
Даргангад хүн чулуу нэн олон. Энд гантиг, боржин, хүрмэн чулуугаар бүтсэн 60 орчим хүн чулуу өнгөрсөн түүх, өвөг дээдсийн тухай хүүрнэх мэт оршсоор. Таван толгойн хүн чулуу нь Онгон сумаас баруун урагш ухаа толгодын дунд оршино. Хоёр хүн чулууг төв Азийн хүн чулуу бүтээх урлагийн оргил гэдэг ажээ. Харамсалтай нь хоёулангийн нь толгойг унагажээ. Төрх намба, хувцас өмсгөл, гэзэг үсээ янзалсан байдал тэргүүтэн нь XIII-XIV зууны Монгол хаад язгууртны дүр төрхийг илтгэнэ. Уг хөрөг эгэл жирийн хүн бус, ертөнцийг донсолгосон алтан ургийн хаадын нэг мөн гэж судлаачид таамагладаг байна.
Алтан овооны хүн чулуу бол Дарьганга сумын зүүн хойно оршдог дөрвөн хүн чулуун хөшөө юм. Ноён, хатан, хүү, бэр гэж нутгийнхан нь нэрийдэж, хадаг яндар тавин, идээ цагааныхаа дээжийг өргөж хүндэлсээр иржээ. Ноёных нь хөргийн нэг исрийг маш гоёмсог, зөрүүлдэг хөлтэй урлаж, түшлэгийн арын самбарт бадам цэцгэн хээг товойлгон цоолборлож, гарын түшлэгийг элдэв сийлбэр хээгээр чимжээ...
Ноёны хөргийн дээлийн заамыг хоёр эмжээртэй, хатныхыг хоёр нарийн, нэг өргөн бүгд гурван эмжээртэй хийсэн нь XIII-XIV зууны монгол хаад, хатдын хөрөг зурагт эр, эм хүний дээлийн ялгааг тодотгон дүрсэлсэнтэй яг дүйдэг. Энэ мэтээр Сүхбаатар аймагт Ламтын хүн чулуу, Хөрөгийн хөндийн чулуу зэрэг судалж шинжлүүштэй олон сонин сайхан хүн чулуу элбэг. Жаахан шаргын нутаг бол тал хээр, говь хосолсон өргөн уудам газар юм. Ганга нуур, Дагшин, Дуут зэрэг үзэсгэлэнт уснаа нутгийн үзэмж тодрон гэрэлтээд, Алтан-Овоо, Шилийн богд алсаас сүндэрлээд, хунгийн чуулга цавцайн, янзган хүрээ хараа булаадаг дорнын энэ сайхан нутгаас билэг авьяастан, бичгийн суутнууд, уран дархчууд олон төржээ.
Энэ нутаг өмнө талаараа Онгон, Сүж, Молцог хэмээх элс манхантай, Орлой гурван зээрд, Онгон шүүтийн говьтой, Лхачинвандад ууланд нь халиун буга идээшлэн бэлчсэн үзэсгэлэн төгс орон юм. Нийгмийн хонгор хэмээх алдарт хүлэг энэ нутагт л тоосоо өргөн, төрийн наадмын түрүү магнайн алтан жолоог өргүүлж байсан удаатай. Сүхбаатар бол хурц хурдны удамт хүлгээрээ алдаршсан нутаг билээ. Эртний галт уулсын нутаг, эдүгээ бол Дарьганга, халх, үзэмчин, өөлд, барга, цахар ястнуудын найрсан суурьшсан өлгий, жаахан шаргын домогтой энэ хязгаар их жанжин Сүхбаатарын уугуул нутаг бөгөөд байгалийн арвин их баялгаараа улсдаа айргийн тавд багтдаг, алт, жонш, нүүрс, молибден, төмрийн баян нөөц бүхий өгөөмөр сайхан орон дэлхий юмаа.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )